Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч * нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, *, ам бүл *, * хамт, *аймгийн * сумын *-р баг, * оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт эрхээ хасуулсан үедээ согтуугаар * улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт эрхээ хасуулсан үедээ согтуугаар * улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

          1. Гэрч *ийн өгсөн "... 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой *ын хамтаар Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явж байх замд Сайхан сумын чиглэл рүү орой 22 цагийн үед приус-20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд зам голлож яваад нэг бол замын хажуу руу орж гараад яваад байсан тэгээд бид 2 хойноос нь дагаад явсан Сайхан сумын Номгон тосгоны Салхит салдаг уулзвар өнгөрөөд тухайн тээврийн хэрэгсэл замын хажуу руу зогсоход би ахмад *ын хамтаар тээврийн хэрэгслээс бууж тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг буулгаж албаны үнэмлэхээ үзүүлэн шалгахад тухайн иргэний архи үнэртэж байсан тул тус цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *-д хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р дугаар хуудас/

 

2. Гэрч *ын өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр экологийн байцаагч *ийн хамтаар Дархан-Уул аймаг руу албан ажлаар яваад орой 22 цагийн үед  Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явж байх замд Сайхан сумын чиглэл рүү приус-20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд зам голлоод замаас гарчих гээд яваад байсан, бид хоёр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэхээр хажуугаас мөргөчих гээд байсан тул хойноос нь дагаад явсан Сайхан сумын Номгон тосгоны Салхит салдаг уулзвар өнгөрөөд тухайн тээврийн хэрэгсэл замын хажуу руу зогсоход би * хамтаар тээврийн хэрэгслээс бууж тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг буулгаж албаны үнэмлэхээ үзүүлэн шалгахад тухайн иргэнээс архи үнэртэж байсан тул тус цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *-д хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р дугаар хуудас/

 

3. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч *ын өгсөн: “...Тухайн өдөр би Дархан-Уул аймгийн Ширээ нуруу гэх газарт 2.5 литрын архи уучихаад Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу өөрийн эзэмшлийн * улсын дугаартай Тоёото приус-20 загварын тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод ганцаараа явж байгаад цагдаад баригдсан. 2025 оны 01-р сарын 10-ны өдөр би Дарханы шүүхээр эрхээ хасуулж торгох шийтгэл авсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р дугаар хуудас/

 

            4. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ю.Мөнхтуяагийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 57 дугаартай

            -Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртын агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн * гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 6-8-р хуудас/,

 

            5. Шинжээч * 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан: “* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            "Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно...” гэх дүгнэлт /хх-ийн 22-р дугаар хуудас/

6. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн ахлагч * “...Би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Тоёота приус-20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг * нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг илрүүлж согтолтын зэргийг шалгахад татгалзсан тул цусны дээж авч тээврийн хэрэгслийг саатуулав...” гэх илтгэх хуудас /хх-ийн 48-р дугаар хуудас/

7. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 30-33-р дугаар хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р дугаар хуудас/,

9. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р дугаар хуудас/,

10. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нээсэн * дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 53-76-р дугаар хуудас/,

11. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, мал толлогын лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч * нь: “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

*ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 1.9 промилли спиртийн агууламж бүхий согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч * нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт эрхээ хасуулсан үедээ согтуугаар * улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүх  хуралдааны явцад шүүгдэгчээс асуусан тодорхой асуултууд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлон тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Ялын тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй Дархан-Уул аймгийн шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж 11 хоногийн дараа дахин зөрчил үйлдэгдэж байгаа нь өөртөө дүгнэлт хийгээгүй гэж үзэж улсын яллагчийн  оногдуулах ялын санал тохирсон байна гэж дүгнэж уг ялын саналыг оруулж байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно... гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Надад торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь одоо эхнэр төрнө, нялх нойтон хүүхэдтэй хэцүү байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4000 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч * овогт * /РД:*/-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН