Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, *” ХХК-д * ажилтай, ам бүл *, * хамт, * хот * дүүрэг *-р хороо * тоотод оршин суух, урьд

 

1.Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168б дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

2. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 сар хасаж, 2 жил тэнсэн харгалзах ялаар,

3. Нийслэлийн шүүхийн 2000 оны 07 сарын 27-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3-д зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж,  Улсын дээд шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай магадлалаар ялын хугацааг 8 жил болгон өөрчилсөн,

4. Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 1 хоногоор баривчлах ялаар,

5. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар,

6. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, *овогт * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сум 4-р багийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 3.07 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

1. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 27-р хуудас/,

2. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 29-р хуудас/,

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үзүүлэлт /хавтаст хэргийн 3-р хуудас/

4. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

5. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6, 8-р хуудас/

6. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагдаагийн ахлагч Б.Ганбаатарын илтгэх хуудас /хавтаст хэргийн 6-р хуудас/,

7. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 640 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 17-19-р хуудас/,

8.Холбогдогч *өөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 20-22-р хуудас/,

9.Яллагдагч *өөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

10. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000620027 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 31-34-р хуудас/,

11. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43-р хуудас/,

12. Яллагдагч *ийн Прокурорын газарт гаргасан “...Миний бие * нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил эрхэлдэг учир хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие торгуулиа хэсэгчлэн төлөх боломжтой учир торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 82-р хуудас/,

13. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний санал /хавтаст хэргийн 82-р хуудас/,

14. Яллагдагч *ийн хувийн байдлыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 9, 68-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч * нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1-д зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврээр нотлогдож байна. /хх-ийн 44-р хуудас/

            Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь  жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр 3.07%-ийн согтолттой байсан болох нь тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч * нь хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өөрийн нэрийг * /РД:*/ гэж тус эрүүгийн хэрэгт хамааралгүй хүний регистрийн дугаарыг хэлж шалгуулсан нь түүний 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Би өөрөө 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж Дархан-Уул аймгийн шүүхээр жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болохоор айгаад * гэх хүний регистрийн дугаарыг ашигласан юм. Тухайн хүн нь манай найз бөгөөд цуг ажиллаж байсан болохоор тэмдэглэл дээр бүртгэл хийхдээ мэдэж авсан юм...” гэх мэдүүлэг,

2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрч *вын өгсөн “...Би * цагдаагийн хэлтэст * тушаалтай. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *дугаартай * нь 3.07 зэргийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл цохогдсон. Би гомдлыг хүлээн авч холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхэд 3.07 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон хүн * биш *-н дугаартай * гэдэг хүн байсан тогтоогдсон. * нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3.07 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагч замын цагдаа *т өөрийн нэр регистрийн дугаараа худлаа хэлсэн нь тогтоогдсон. Мөн * нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/3Ш/640 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж 400.000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр өөр хүний нэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан болох нь нотлогдож байна.

 

* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч * нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 82-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *д прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,500,000 төгрөгийн торгох ялыг 01 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * овогт * /РД:*/-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,500,000 төгрөгийн торгох ялыг 01 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН