Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00196

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 1725000000030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, 2014 оны 07 сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ж- овгийн Г-ийн Б-  /РД: хх************/

 

Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 06 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Алтан сан” дэлгүүрийн гадаа Б.Б-г зодож хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Б.Б-гийн “Г.Б-тай барилдаад хоёр удаа давчихсан чинь Б- над руу намайг барилдаад унагаадаг овоо муу пизда юм аа, барилдаад давахгүй байгаа юм чинь хоёулаа зодолдоё гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? би морь уядаг хүн хүнтэй маргалдаж мууцалдахгүй, би зодолдож чадахгүй, гэхдээ чи барилдсан ч байлцсан ч намайг хүн дийлэхгүй гэж Б-т хандан хэлсэн чинь Б- уурлаад намайг гараараа цохисон. Миний нүүр рүү цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 08-ны өдрийн 608 дугаартай дүгнэлтийн ..”Б.Б-гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн дал эгэмний холбоосны бүрэн тасрал, дээд доод уруул, зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, доод уруулд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, Дэл эгэмний холбоосын бүрэн тасрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын ясны хугарал, тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 13-р хуудас/  болон Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 18-19- хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21- ху/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ “Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б- нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 06 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Алтан сан” дэлгүүрийн гадаа Б.Б-г зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б-гийн “Тэгтэл Б- архиа ууж дуусаад намайг барилдъя гээд байхаар нь Би Б-тай барилдсан юм. Тухайн үед Б- бид хоёр хоёулаа согтуу байсан. Б-тай барилдаа хоёр удаа барилдаад давчихсан чинь Б- над руу дайраад намайг цохисон” /хх 8-9-р хуудас/ гэсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 608 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд “одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч туслана уу” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Г-н Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС