Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/008

 

А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Шүүгдэгч А.Т

Нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т ын гаргасан давж заалдах гомдлоор А.Т ад холбогдох эрүүгийн 2014000000425 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Алтанцэцэгийн Түвдэнжамц 1984 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ангийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ВО84020814/,

Шүүгдэгч А.Т  нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 2020 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Ж.О ийн зүүн хөлөнд хутгалж биед нь зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Т ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт А.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Т ад 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Т ад оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Т  нь 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Т ад оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

А.Т  миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/405 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Аймгийн прокурорын газраас намайг 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр 2 дугаар багийн нутагт эхнэр Ж.О ийн зүүн хөлөнд хутгалж зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирог учруулсан гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа харин анхан шатны шүүхээс надад оногдуулж буй 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа юм.

Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2-р багт эхнэр, 2  наснаас 14 насны 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг.  Би 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болон 8 дугаар сарын 13-ны өдөр 2 удаа осолд орж биедээ хүнд гэмтэл авч толгой дагз дух хамар чих хэсэгтэй тус тусдаа 3-13 ширхэг оёо тавиулж байсан ба одоо зүүн гарын мөр хэсэг мэдээгүй, зүүн гарын сарвуу, тохой хэсгээр бага зэрэг хөдөлдөг боловч хөдөлгөөн хийхэд өвдөж зовуурладаг, тархи толгой байнга өвддөг, шөнө илүү их өвддөг учир байнгын нойр муутай хонодог. Баянхонгор аймагт биеийн байдлаа эмчид үзүүлэхээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж онош тогтоолгон эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг бөгөөд улсын хэмжээнд covid-19 цар тахал гарснаас шалтгаалан Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэж онош тодруулах боломжгүй болчхоод байгаа бөгөөд цаг үеийн байдал сайхан болохоор эмнэлгээр явж үзүүлэх төлөвлөгөөтэй тул өнөөдрийг хүртэл хугацаанд өвчин намдаах эм ууж өвчнөө аргацааж байгаа болно. Би тухайн хэрэгт холбогдсон цаг үеэс эхлэн Баянхонгор аймгийн төд байгаа ба гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр болсон малыг маань эхнэр хүүхдүүд маань харж байгаа бөгөөд цаг үеийн зудтай байгаа энэ үед мал үхэж үрэгдэх, алга болж байгаа талаар гэрийнхэн утсаар хэлж байгаа, 14 настай том хүү маань малдаа явж, эргүүлж тойруулж байгаа гэсэн тул ар гэртээ их санаа зовж байна. Гэрийнхэндээ намайг очтол түр аргацаагаад байж бай, алдсан мал болон хол тал дээр гарсан малаа би ойртуулна гээд хэлсэн байгаа ба ер нь бол ийм байдалтай л амьдарч байна. Гэр бүлээ ийм хүнд байдалд оруулсан нь миний буруу үнэхээр их харамсаж байна, эхнэр маань ч өөрийнхөө бурууг ойлгож дахин гэр бүлийн гадуур харилцаа үүсгэхгүй, ийм зүйл давтан гаргахгүй гэж уучлалт гуйсан. Дахин энэ асуудлаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэхгүй, бие биедээ хүндэтгэлтэй амьдарна гэдгээ бие биедээ амласан, эцсийн эцэст 4 хүүхэд минь хохирох учир бид аль болох ухаантай амьдрахаар шийдсэн.

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 720 цагийн хугацаатай нийтэд тустай ажлыг биеийн байдлаас шалтгаалан хийхэд хүндрэлтэй байгаа тул миний эрүүл мэнд ар гэрийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйлчлэлд заасан эрүүгийн хариуцлагын торгуулийн ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас надад торгуулийн ялын санал тавьсан боловч анхан шатны шүүх нийтэд тустай ажлын ял өгсөн.

Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй тул нэг удаа шүүхээс миний хувийн байдлыг харгалзан үзэж энэрэнгүй шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/405 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Ж.О э тус шүүхэд гаргасан тайлбартаа: Би Түвдэнжамцын гомдолтой танилцсан, гомдлыг дэмжиж байна.Түүнд оногдуулсан ялыг багасгаж өгөхийг хүсэж байнА.Т  нь 2 удаа осолд ороод түүнээс болж биедээ гэмтэл авч биеийн байдал нь ажил хийхэд хүндрэлтэй болсон.Тархи толгой нь байнга өвдөж, эм уудаг гар нь зарим хэсэг мэдээгүй, ар гэрийн байдлаас болж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Тухайн хэрэгт  миний буруу байгаа, би гомдолгүй эвлэрсэн.Шүүх хурлын тов мэдсэн, нялж хүүхэдтэй тул хуралд оролцохгүй.Торгууль болгож өгнө үү гэжээ.

Прокурор  Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр  хөнгөрүүлэн өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т ын  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан  судлахад:

Шүүгдэгч А.Т  нь 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө, согтуугаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх өөрийн гэртээ, эхнэр Ж.О ийн зүүн хөлөнд  хутгаар хутгалж зүүн гуяд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014000000425 дугаар хавтаст хэрэгт авагдсан, хохирогч Ч.Ууганболд, гэрч Н.Энхжаргал, С.Одонцэцэг, Н.Алтанчимэг, Б.Өрнөхбаяр нарын мэдүүлгүүд  “...Ж.О ийн  биед  зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 603 тоот дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад  сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Т ын гэмт үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэж, тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал заагаагүй харин “өөрийн төрсөн дүүтэй эхнэр Ж.О ийг хардсаны улмаас үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн..., ...эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл хэмжээг тогтоов” гэх дүгнэлт хийсэн нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой заалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээний буюу 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс яллагдагч А.Т , хохирогч Ж.О э  нар нь  харилцан  эвлэрсэн талаарх эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан, прокурор  А.Т ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүх хуралдаанд гаргасан,  хохирогч  Ж.О ийн зүй бус үйлдлийн талаар  мэдүүлсэн гэрч Ч.Уранчимэг, Ч.Байгаль нарын мэдүүлэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн боломжтой  зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдал,  шүүгдэгч  А.Т ын хувийн  байдал зэргийг тус тус харгалзан   анхан шатны шүүхээс оногдуулсан  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэв.

                      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.4-т заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Т ад 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Т ыг 240 /хоёр зуун дөчин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,

3,4,5 дахь заалтад “....720 /долоон зуун хорин/... гэснийг “...240/хоёр зуун дөчин/...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ