Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0343

 

2022 05 04 128/ШШ2022/0343

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүргэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э**************** дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б********** холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б************* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Уг дүгнэлтэд тусгасан мэдээлэлтэй танилцахад гаальд огт мэдүүлээгүй барааг гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж, холбогдох татварыг төлөх хүсэлт гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Харин дүгнэлтийн 2 дахь хуудасны 4 дэх хэсгийн өгүүлбэртэй санал тохирч байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд уг зөрчилтэй ижил тохиолдол бүрд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч бүхэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын дагуу зөрчилд шийтгэл оногдуулж ирсэн билээ. Энэ удаа прокуророос хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргасныг зөвшөөрч байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б************** нь холбогдогч *************** ХХК-д шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *************** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүргэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э************* дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж,  хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүргэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э************* Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б********** холбогдуулан гаргасан  ...Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б************** 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ************** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б************ нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОДМАА