Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

 2025          04          17                                                         2025/ШЦТ/39

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч * нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт * холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 19* оны *дугаар сарын *-ний өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, *эгтэй, * боловсролтой, *мэргэжилтэй, * ажилтай, ам бүл *, * хүүхдийн хамт, * аймгийн * сумын *-р баг, * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан,  * овогт * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/3Ш/284 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Hondo CR-V загварын тээврийн хэрэгслийг дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

 

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Hondo CR-V загварын тээврийн хэрэгслийг эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.50 %-ийн согтолттой атлаа жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

1. Гэрч *ы өгсөн "... Би яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз * манай гэрт 18 цагийн орчим нэг машинтай ирсэн. Би ямар машин гэдгийг мэдэхгүй, нэг жижиг машин байсан. Тэр үед сумын төв рүү орлоо гэхээр нь би машинд нь суугаад хамт сумын төв ороод бид 2 үйлчилгээний төв дээр зогсох үед * ах надад хандаж чи өглөө ажилтай юу, үгүй бол хамт ганц шил архи ууя гэсэн. Ингээд * бид 2 машинд 0,5 литрийн "Хараа" нэртэй архийг хувааж уугаад тэндээс би гэр лүүгээ алхаад харьсан. * машиндаа ганцаараа үлдсэн. * тэгж их согтоогүй байсан. Гэхдээ надтай хамт архи хувааж ууж дуусгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

           

            2. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "*" ХХХ-ийн шинжээч *ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 04 дугаартай дүгнэлтэд:

            - * улсын дугаартай Hondo CR-V загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна

            Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.... гэх дүгнэлт, /хх-ийн 17-р дугаар хуудас/

 

3. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч *ийн өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ажилтай байсан. Ажилдаа гарах үедээ гэртээ харьж цайгаа уучихаад буцаад төв рүү орохдоо найз Цагаан гээд ахыг дуудаад хамт миний Honda CR-V машинтай яваад үйлчилгээний төв дээр зогсоол дээр зогсоод бид 2 хамт дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архийг аваад машинд хамт уусан. Ингээд архи ууж байхад * ах надад хандаж чи машинтай явж байгаа юм чинь болох юм уу? гэж асуухаар нь би машинаа үлдээнээ санаа зоволтгүй гээд хамт уугаад дууссаны дараа * түрүүлээд яваад өгсөн. Үүний би төвд ажил дээгүүр очоод буцаж гараад явган явж байгаад 18 цагийн орчим үйлчилгээний төвийн дэлгүүр паар задарсан гэсэн дуудлага ирэхээр нь очиж үзэхэд би чадахааргүй юм байна гэхэд намайг арга хэмжээ ав гээд байсан. Тэгэхээр нь би яараад ажлаас нэмж багаж авах гээд машинаа унаад ухраад 5 метр орчим яваад цагдаад баригдсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р дугаар хуудас/

 

            4. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн ахлагч *ийн “...Би томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд * улсын дугаартай “Хонда Си ар ви” маркийн тээврийн хэрэгслийг * нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцсон бөгөөд *ийг Алко тест 6820 багажаар шалгахад жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.50 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон...” гэх илтгэх хуудас /хх-ийн 5-р дугаар хуудас/,

5.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

6. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 22-24-р дугаар хуудас/,

7. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,

8. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 284 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-34-р хуудас/,

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42-р дугаар хуудас/,

10. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-46-р хуудас/,

11. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р дугаар хуудас/,

12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт жолоочийн лавлагаа, хүүхдүүдийг төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал толлогын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч * нь: “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

*ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2,5 промилли спиртийн агууламж бүхий согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэн хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ийг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч * нь урьд  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах Сум дундын шүүхийн 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/284 дугаартай шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу  2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Hondo CR-V загварын тээврийн хэрэгслийг дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно... гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялыг оногдуулж, шүүгдэгч *ийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч * овогт *ийн * /РД:*/-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялыг оногдуулж, шүүгдэгч *ийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН