| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, *эгтэй, *боловсролтой, * мэргэжилтэй, *эрхэлдэг, ам бүл *, * хүүхдийн хамт, *аймгийн * сумын * тоотод оршин суух, улсаас *тэмдэг авсан, урьд ял шийтгэлгүй, * овогт * /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны 19 цагийн орчим Орхон аймгаас Дархан-Уул аймаг орох чиглэлийн орон нутгийн асфалтан замын 65-66 дахь километрт Тоёота Хайлукс маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн тус дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас *ын жолоодож явсан тоёота акуа маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, Тоёота Хайлукс маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *ын биед хүндэвтэр гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэх үйл баримт нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
Шүүгдэгч *: “...Мэдүүлэг өгөхгүй....” гэв.
1. Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгаас дүү * түүний нөхөр * түүний хүү, охин нарын хамтаар Дархан-Уул аймаг руу * өөрийн эзэмшлийн * улсын дугаартай хар өнгийн Тоёота Хайлукс маркийн тээврийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Энэ үед * жолоочийн эсрэг талын суудал дээр харин 2 хүүхэд арын суудалд 2 хаалганы харалдаа би голд нь сууж явж байсан. Ингээд бид Орхон сум өнгөрөөд 19 цагийн орчим явж байхад тухайн үед гадаа цас хялмайлсан замын хөдөлгөөн их түгжрэлтэй байх үед *ий жолоодож явсан тээврийн хэрэгсэл шарваад зүүн тийш эсрэг урсгал орох үед * эхнэртээ хандаж машин ирж байна хаазаа нэмээд замаас гараарай гэж хэлсэн боловч амжихгүй өөдөөс ирсэн машин нь бид нарын сууж явсан тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалганы орчим мөргөх үед миний баруун талд сууж охин миний дээр унаж миний баруун талын эгэм хугарчихсан юм. Үүнээс хойш Орхон аймгийн эмнэлэгт 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 хоноод гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
2. Гэрч *ы мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэр *, хүүхэд *, эгч * нарын хамтаар Орхон аймгаас Дархан-Уул аймаг чиглэлд 15 цагийн орчим гарсан гэж бодож байна би яг цагийг тодорхой санахгүй байна. Ямар ч л байсан үдээс хойш болсон байсан. Энэ үед манай эхнэр өөрийнхөө * улсын дугаартай хар өнгийн Тоёота Хайлукс загварын тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн эсрэг талд харин арын суудлын 2 захад хаалган талд 2 хүүхэд голд эгч сууж явсан. Ингээд замдаа явж байх үед Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт 65-66 дахь км-ийн шонгийн ойролцоо явж байх хөдөлгөөн ихэссэн гадаа цас хялмаалаад орж байсан. Манай эхнэр машин барьж байх үед хажуугаар 2 машин гүйцэт түрүүлээд өнгөрсөн ингээд манай эхнэр цуварсан машины хамгийн арын машин гээд явж байсан. Гэтэл гүйцэт түрүүлсэн машин хажуугаар өнгөрөхөд манай эхнэрийн барьж байсан машин зам дээр гулгаж эсрэг урсгал руу орж хөндлөн болоход өөдөөс машин гараад ирсэн. Би тэр үед машинаа хаазлаад нэг мөр замаас гаръя гэж бодоод эхнэртээ хаазлаарай гэсэн боловч амжихгүй өөдөөс ирж явсан машин бид нарын машины баруун хойд тал руу мөргөсөн. Машин зогссоны дараа би машинаас буугаад хүмүүсээс биеийн байдлыг асуухад манай эгчийн эгэм хугарчих шиг боллоо гэж байсан. Харин 2 хүүхэд болон манай эхнэрийн биеийн байдал зүгээр байсан. Удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийсэн юм...манай хүүхдүүд болон миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч *ын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу 2025 оны 03 дугаар 03-ны өдөр явж байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт явж байсан. Тэгээд би ойролцоогоор 20 rарам км цагийн хурдтай явж байсан тэгтэл нэг хар жийп эсрэг урсгалаас бөгсөө шидээд миний эгнээ рүү гэнэт ороод ирсэн. Тэгээд би шууд тормос гишгээд нөгөө машинаа гаргах гээд баруун гар тал руу дартал машиныхаа баруун хойд хаалга хэсгээр миний машины зүүн урд хэсгийн мөргөчихсөн... Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь * ББСБ гээд барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг компани нэр дээр байгаа. Тэгээд би уг машиныг 16.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би энэ компани ажлыг хийж өгч дуусаад 2024 оны 06 дугаар сарын сүүлээр авсан. Тэгээд наадам зугаалга хөдөө гадаа гэж явсаар байгаад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр болгож чадаагүй байгаа. Уг жинхэнэ эзэмшигч нь бол би. Машины үнэлгээнд тусгагдсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Мөн машинаа хурдан засварт оруул өгөх хэрэгтэй. Тэрэнд гаргах зардлыг мөнгө гаргуулах хүсэлтэй байгаа... Зам ерөнхийдөө халтиргаатай байсан. Халтиргаа байсан болохоор би зөөлөн явж байсан юм. Тэгээд цаг тэнгэр бүрхэг байсан..." гэсэн мэдүүлэг/хх-н 29-р тал/
4. Иргэний нэхэмжлэгч *ийн "...мөнгөн дүнг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн төлөлтийг Төрийн сан банкны * тоот дансанд авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг/хх-н 126-127-р хуудас/
5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн * дугаартай дүгнэлтэд:
*-н биед баруун эгэмний ясны далд хугарал, зүүн бугалга, шуу, цээж, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 52-53-р хуудас/
6. * ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтэд"...Цагаан өнгийн автомат Тоёота акуа маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 8,830.000 төгрөг, материалын хөлс, ажлын хөлс 600,000 төгрөг нийт 9,430,000.." гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 42-46-р тал/
7. * ХХК-ны шинжээч *ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ы өдрийн 08 дугаартай дүгнэлтэд "... Асуулт: Toyota Hilux маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар зүйл, заалтыг зөрчсөн байна вэ? Хариулт: Toyota Hilux маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн тус дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...
Асуулт: Toyota Aqua маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *ын нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар зүйл, заалтыг зөрчсөн байна вэ? Хариулт: Тoyota Aqua маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна....
Асуулт 3: Ослын шалтгааныг тогтоож өгнө үү? Хариулт. Toyota Hilux маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.14 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/
8. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-9-р хуудас/,
9. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, /хх-н 13-14-р хуудас/ ,
10. Иргэний нэхэмжлэгч *ийн "...мөнгөн дүнг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн төлөлтийг Төрийн сан банкны 1009000020080 тоот дансанд авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг/хх-н 126-127-р тал/
11. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22/69 дугаартай албан бичиг /* 3,531,190 төгрөг /хх-н 120-р тал/...” гэх баримт,
12. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 10-113-р хуудас/,
13. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч *гөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 116-р хуудас/,
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-р хуудас/,
15. Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-р хуудас/,
16. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *4 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 153-161-р хуудас/,
17. Яллагдагч *гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 133-140 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *г тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн * нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
*гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн
тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох хохирогч *д эмчилгээнд 1,000,000 төгрөг өгсөн бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч *т Тоёота акуа маркийн * дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирол 9,430,000 төгрөгнөөс 4,955,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 4,475,000 төгрөгийг шүүгдэгч * төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлөөгүй тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурор дээрх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 163-165-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч * нь прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овогт *ийн *г тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хохирогч *д эмчилгээнд 1,000,000 төгрөг өгсөн бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч *т Тоёота Акуа маркийн * дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирол 9,430,000 төгрөгнөөс 4,955,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 4,475,000 төгрөгийг шүүгдэгч * төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлөөгүй тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН