| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01598/И |
| Дугаар | 142/ШШ2019/01565 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2019/01565
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2019/01567 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, Хас банкны Баян-Өндөр тооцооны төв /Регистрийн дугаар: 2578697, 99029699/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгод 32-21 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Булгансуусар /Регистрийн дугаар: ФД87080307/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгод 32-21 тоотод оршин суух, Модчид овогт Улам-Оргихын Оюун /Регистрийн дугаар: ФМ60122207/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,125,766.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоос хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загдсүрэн, хариуцагч Л.Булгансуусар, У.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Лхагвасүрэн Булгансуусар, Улам-Оргих Оюун нар нь ХасБанктай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1630010583 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,400,000 /Таван сая дөрвөн зуун мянган/төгрөгийг жилийн 18, хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 10 сарын 12-ний өдөр зээлдэгч Лхагвасүрэн Булгансуусарын ХасБанк дахь 5 дансанд 5,400,000 /Таван сая дөрвөн зуун мянган / төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 594,901.97 төгрөг, зээлийн хүүд 561,206.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 399.68 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 163 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2018 оны 05 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 528 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1630010583 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,805,098.03 төгрөг, 2019 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 1,276,294.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,374 нийт 6,125,766.82 төгрөгийг Лхагвасүрэн Л.Булгансуусар, Улам-Оргих Оюун нараас гаргуулах, зээлдэгч Лхагвасүрэн Л.Булгансуусар, Улам-Оргих Оюун нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Булгансуусар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Булгансуусар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хас банкны Орхон салбараас 5,400,000 төгрөгний зээл авсан нь үнэн. 2018 оны 01 дүгээр сард ажлаасаа халагдсан. Энэ хугацаанаас хойш одоог хүртэл эрхэлсэн ажилгүй, 0-14 насны 3 хүүхдээ харж гэрт байна. Өөрийн гэсэн гэр оронгүй ээжийндээ байдаг. 3 хүүхдийн 20,000 төгрөг, цалинтай ээжийн 50,000 төгрөг гээд нийт 110,000 төгрөгнөөс өөр орлогогүй. Иймд би сар бүрийн төрөөс олгож буй хүүхдийн мөнгө зээлэндээ өгч банкны зээлээ төлж барагдуулна. Ажил идэвхтэй хайж байгаа боловч одоогоор ажлын байр олдохгүй байна. Иймд миний байдлыг харгалзан үзэж хуучин төлдөг байсан зээлийн эргэн төлөх тариф болох 140,000 төгрөгөөр төлөх боломж олгож өгнө үү. батлан даагчаар хамтран зээл авсан ээж У.Оюун нь өндөр насны тэтгэвэрийн зээл 2018 оны 08 дугаар сард 36 сарын зээл авчихсан. Иймд ээж өөр орлогогүй байгаа болохоор миний бие зээлээ төлж барагдуулна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар нь Л.Булгансуусар, У.Оюун нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6,125,766.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоос хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Булгансуусар, У.Оюун нар нь Хас банктай зээлийн гэрээ байгуулж 5,400,000 төгрөгний зээл авсан талаараа маргахгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн талаараа 2018 оны 1 сард ажлаасаа халагдсан. Энэ хугацаанаас хойш одоог хүртэл эрхлэсэн ажилгүй, 0-14 насны 3 хүүхдээ харж гэртээ байна. Өөрийн гэсэн гэр оронгүй, ээжийндээ амьдардаг. Батлан даагчаар хамтран зээл авсан ээж У.Оюун нь 2018 оны 8 сард 36 сарын өндөр насны тэтгэврийн зээл авчихсан. Иймд ээж өөр орлогогүй байгаа болохоор миний бие зээлээ төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.
Зээлдэгч Л.Булгансуусар, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Оюун нар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хас банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвтэй 1630010583 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,400,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Хас банк шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан байх боловч үр дүнд хүрээгүй, хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 594,901.97 төгрөг, зээлийн хүүд 561,206.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 399.68 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.Булгансуусар, У.Оюун нараас үндсэн зээл 4,805,098.03 төгрөг, хүү 1,276,294.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,374 төгрөг, нийт 6,125,766.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарт олгох үндэстэй байна.
Харин нэхэмжлэгчээс бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан боловч барьцаа хөрөнгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасны удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Булгансуусар, У.Оюун нараас үндсэн зээл 4,805,098.03 төгрөг, хүү 1,276,294.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,374 төгрөг, нийт 6,125,766.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарт олгож, бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,085 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Булгансуусар, У.Оюун нараас 114,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар Баян-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН