| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *д холбогдох * дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *, ам бүл * хамт, * аймгийн* сумын*-р баг, * оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт *ийн * /РД:*/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн *ын өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн *улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн * мотоциклдоо ачиж авч явж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд: “...Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхэртээ явж байтал 2-3 бяруу дутаад, үхэр малаа бөөгнүүлээд явж байтал манай үхрийн захад дагаад тугал явж байсан. Ойр хавьд нь хүн амьтан байхгүй байсан. Тэгэхээр нь тэр тугал манай үхрийг дагаад яваад байхаар нь мотоциклоор ачаад гэртээ ирсэн...” гэв.
Хохирогч * шүүх хуралдаанд: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний өөрийн эзэмшлийн улаан халзан үнээ тугалсан юм. Ноднин хавар жаахан чанга болсон тул тугалыг авч үлдэж болохгүй байсан. * жаахан сандраад байх шиг байна. Манай хоёр гэр ойрхон байдаг. Манай малын бэлчээр, *ы малын бэлчээр нэг байдаг. Хоёр гэр хоорондоо 2 километрийн зайтай байдаг. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай улаан халзан үнээ тугалсан. Би өдөр болгон үнээнүүдээ хардаг байсан. Дөчин хоёрын тэр хавийн айлуудын бэлчээр нэг байдаг. Тэр үхрүүдийн захаар би 15 цагийн үед явахад манай үхэр тулгалчихсан байж байсан. Би 17-18 цагийн үед эргэж иртэл тугал алга болчихсон байсан. Манай үнээ ганцаараа тугалгүй байж байсан, *ы болон тэр хавийн айлуудын бусад бүх үхрүүд гэр рүүгээ явсан байсан. Би хувиараа жаахан ногоо тарьдаг болохоор төмсний үр авах гээд завгүй байсан. Ойрхон болохоор үнээ орилж байгаад тугалаа олчих болов уу гэж бодоод хаяад яваад өгсөн. Хоёр хоногийн дараа намайг ирэхэд тугалаа олоогүй байсан. Би айлуудаас асуутал мэдэхгүй байсан. Би *аас асуухад сандраад тугал хараагүй гэж хэлсэн. Манай тэр үнээ ерөнхийдөө хөгшин үнээ байдаг, 6-7 хоногийн дараа одоо өнгөрсөн гэж бодож байтал *ы тугал дунд манай тугал байж байсан. Би тугалаа хараад таньсан. Тэгээд *тай орж уулзахад тиймээ танай тугал мөн, харангадчихаж магадгүй гэж бодоод тугал нь үхчихсэн үнээндээ авхуулчихсан юм гэж хэлсэн. Уг нь бид хоёр тэгж ярилцаад учраа олчихсон байсан. 05 сарын 07-ны өдрөөс хойш 7-8 хоногийн дараа байх * тэр тугалыг залуу үнээнд авхуулчихсан байсан болохоор манай хөгшин бүдүүн үнээ ширгэчихсэн одоо чи наад тугалаа энэ үнээндээ хөхүүлээд саахгүйгээр байж байгаад 11 сарын 20-ны өдөр би өвөлжөөндөө буухаар тугалаа авъя гэж хэлсэн. Энэ талаар би цагдаад анх мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. 11 сарын 20-ны өдөр болсон. Би * руу ганц, хоёр удаа залгасан. Тухайн үед манай эхнэрийн бие муудаад эмнэлгээр яваад байсан. Одоо ч хүртэл эхнэрийн бие жаахан тиймэрхүү эмнэлгээр явж байгаа. Би 01 сард * руу утсаар залгахад авахгүй байсан болохоор сумынхаа хэсгийн төлөөлөгчид ...би тугалаа алдаад олчихсон, тугал *д байгаа, миний тугалыг өгөхгүй байна... гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 хоногийн дараа * манай тугалыг авчирч өгсөн. Намайг хохиролгүй болгочихсон. Одоо улаан халзан тугал маань Бяруу болчихсон үхэр дотроо явж байгаа. *ыг би ерөнхийдөө мэднэ, бид хоёр чинь нэг бэлчээр дээр малаа хараад л явж байдаг. Тухайн үед энэ хүн жаахан ичсэн ч юм уу, айсан ч юм уу, сандарсан ч юм уу ийм байдлаас энэ асуудал болсон гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Гэрч *ын өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг 42 дугаар точка гэх газарт эхнэрийнхээ хамтаар мал маллан амьдардаг. Би * буюу *г танина. *нх манай урд гудамд байдаг. *ы хар халзан үнээ нь 2024 оны 05 дугаар сарын эхээр тугалах гээд хээлтэй байсныг мэдэж байсан. Тэгээд тэр үед манай гэрт * өөрөө мотоциклтойгоо ирээд манай хар үнээ пойлны хажууд тугалаж чадахгүй байна. Хамт очоод таталцаад гаргаад өгөөч гэхээр нь би хамт явж тугалыг татаж гаргахад хар үнээний тугал нь буруу байрлалтай буюу бөгсөөрөө гараад бүтээд үхчихсэн гарч ирсэн. Тэгээд л татаж гаргачхаад би шууд гэртээ харьсан. Харин * тэндээ үлдсэн. Тухайн хар халзан үнээнээс татаж гаргасан тугал нь толгой хэсэг нь цагаан, үлдсэн их бие нь хар өнгийн тугал байсан. Тэгэхдээ харж байхад тугалаад удаагүй хар халзан үнээндээ малын хашаандаа буюу малын хашаан дотроо улаан халзан тугал амлуулчихсан харагдаж байсан. Яг тухайн үед амлуулчихсан байсан улаан халзан тугалыг хэний эзэмшлийн тугал гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан 2024 оны 05 дугаар сард *ых нийтдээ 20 гаруй үнээ нь тугалсан. Харин сүүлд сонсоход нөгөө улаан халзан тугал нь манайхаас урагшаагаа буюу Шийрийн бригад руу байдаг *ийн тугал байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
2. Гэрч *гийн өгсөн “...2024 оны 05 дугаар сарын эхээр манай улаан халзан үнээнээс тугалаад 3 хонож байсан улаан халзан 1 тооны тугал бэлчээрээсээ алга болсон гэж хэлж байсан. Тэгээд тэр хавиар манай аав хайгаад олоогүй гэсэн. Харин тухайн үе буюу тугал алга болсон гэх газар мотоциклийн мөр гарсан байна гэж надад утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
3. Гэрч *ийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг 42 дугаар точкад хөдөө мал маллан амьдардаг. Би саяхан төрөөд нялх хүүхэдтэй учраас Сайхан суманд байранд амьдарч байгаа. Манай нөхөр * нь хөдөө малаа маллан амьдарч байгаа. Харин саяхан манай нөхөр цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь нөхрөөсөө асуусан чинь 2024 оны 05 дугаар сард хөдөө бэлчээрт бусдын нэг тооны тугал буюу нялх юм байхаар нь олоод хашаандаа авчраад тэжээж байсан чинь нөгөө тугал маань үхчихсэн л гэж надад хэлсэн. Би одоо малдаа ойртоогүй 5 жил орчим болж байна. Манайд БНХАУ-д үйлдвэрлэсэн * маркийн цэнхэр өнгийн мотоцикл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/
4. Дархан-Уул аймгийн "*" ХХК-ны 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 1001915 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны тугалны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 350,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, /хх-56-58-р хуудас/,
5. Дархан-Уул аймгийн "*" ХХК-ны 2025 оны 01 сарын 31-ний өдрийн №ТХҮ-925-911192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...* -ны эзэмшлийн * улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдсэн 2021 ид Монгол улсад орж ирсэн * маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2025-01-31 ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 800,000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-67-68-р хуудас/,
6. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
7. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 78-80-р хуудас/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 хуудас/
9. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 93-108-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *ыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Тодруулбал шүүгдэгч *ыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг “Шийрийн бригад” гэх газраас иргэн *ын өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн *улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн * мотоциклдоо ачиж авч явж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байна гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч * нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн *ын өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн * дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн * мотоциклоор авч явж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан хохирогчийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч * нь бусдын эд зүйлийг нууц далд аргаар машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлон тогтоогдож байна гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *т шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ 350,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна ...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *: “...Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Гол үндэслэл нь юу гэхээр сая хохирогч нэлээн дэлгэрэнгүй мэдүүлгийг өгсөн. *ы хувьд би тухайн үед мал дагаад явж байсан гэж мэдүүллээ. Манай малыг дагаад явж байсан гэдэг талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Хавтаст хэргээс нотлох баримтыг шинжлэн судлах явцад үүнийг улсын яллагчаас уншиж судлуулсан. Тэрнээс биш яг эхтэйгээ байгаа тугалыг яг хулгайлаад явсан мэдүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед хэргийн материалаас харахад гэмт хэргийн хамгийн гол гэрч нь энэ хүн өөрөө болчхоод байна. Энэ хүн мөрдөн байцаалтын шатанд ч тэр, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн хэлж байна. Тухайн үед манай малыг тугал дагаад явж байсан, би мотоцикл дээрээ аваад явсан гэдэг. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй. Би энэ айлын тугалыг аваад явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Онолынхоо хувьд энэ хэрэг хулгайлах хэрэг үү, айлынхаа алдуул малыг аваад явсан уу гэдэгт өмгөөлөгчийн зүгээс маргаж байна. ...* малчин хүнийхээ хувьд ч гэсэн манай малыг дагаж явсан, би харангадаж үхчих вий гэдэг үүднээс тугалыг авч явсан, үхэртэй амлуулсан гэдэг талаар хэлж байна. Хамгийн гол нь хохирогч сая хэлэхдээ бид хоёр 7 хоногийн дараа уулзсан, 2 хоногийн дараа надтай уулзахад хэлээгүй. Дараа нь намайг уучлаарай, тухайн үед миний санаа зовоод би хэлж чадаагүй гэдэг талаар хэлдэг. Энэ хоёр танилын хувьд, малчны хувьд хоорондоо ...нэгэнт чи тугалыг үхэртээ амлуулчихсан учир би тугалаа 11 сард авъя... гэж тохиролцдог. Дараа нь авах гэтэл * тугалыг авчирч өгөөгүй нь энэ хүний буруутай үйлдэл байгаа. ...Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийг тугалыг хулгайлсан гэмт хэрэг биш байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Алдуул мал гэдэг нь: Гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэлт зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салсан, эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг таван хошуу мал, тэжээвэр амьтан байж болно гэж онолын хувьд заасан байдаг. Тухайн үед ээж нь хаашаа явчихсан байсан юм, * эрх биш монгол хүн юм чинь дөнгөж тугалсан нялх тугалын эхийг орилуулаад аваад явчихна гэж байхгүй. Энэ тал дээр мөрдөн байцаалтын ажиллагааг маш сайн хийх ёстой байсан юм. Алдуул мал гэмт хэргийнхээ бүрэлдэхүүний хувьд шууд санаатай үйлдлээр илэрдэг. Бид нар гэм буруугийн асуудалд маргалдаад байх зүйл байхгүй. Иймд зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн байна.
Шүүгдэгч * нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг “Шийрийн бригад” гэх газраас иргэн *ын 1 тооны /тугалыг/ тэр хавийн айлуудын малын захад явж байхад нь мотоциклоор ачиж, авч явсан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох
-Шүүгдэгч *ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхэртээ явж байтал 2-3 бяруу дутаад, үхэр малаа бөөгнүүлээд явж байтал манай үхрийн захад дагаад тугал явж байсан. Ойр хавьд нь хүн амьтан байхгүй байсан. Тэгэхээр нь тэр тугал манай үхрийг дагаад яваад байхаар нь мотоциклоор ачаад гэртээ ирсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Үхэр тугалснаас хойш 2 хоногийн дараа малаа хайгаад явж байхад манай тэр хавийн айлуудын үхэрийг дөнгөж тугалсан тугал дагаад явж байхаар нь өөрийн унаж явж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн * мотоцикль дээрээ ачаад гэртээ ирж малын хашаандаа оруулаад нөгөө тугалсан хар үнээндээ амлуулаад өнөөдрийг хүртэл маллаж тэжээж байсан. ...Би тухайн тугалыг хэнийг тугал гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 89 хуудас/
Хохирогч *ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би айлуудаас тугалаа асуутал мэдэхгүй байсан. Би *аас асуухад сандраад тугал хараагүй гэж хэлсэн. Манай тэр үнээ ерөнхийдөө хөгшин үнээ байдаг, 6-7 хоногийн дараа одоо өнгөрсөн гэж бодож байтал *ы тугал дунд манай тугал байж байсан. Би тугалаа хараад таньсан. Тэгээд *тай орж уулзахад тугалыг харангадчихаж магадгүй гэж бодоод тугал нь үхчихсэн үнээндээ авхуулчихсан юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч * нь тугалыг хулгайлсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагачихсан явахад нь авч алдуул мал завшсан гэх гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй, хэний өмчлөлд байгаа нь мэдэгдээгүй гэсэн үндсэн шинж байдаг. Шүүгдэгч * нь тухайн тугалыг хэний тугал болохыг мэдээгүй бөгөөд өөрийн тугал биш гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ байлгаж, үхэртээ хөхүүлж байсан нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч * нь эхтэйгээ явж байсан тугалыг салгаж, хулгайн замаар, хэний өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Хохирогч * гэм буруугийн талаар: “...Намайг хохиролгүй болгосон. Би *ыг мэднэ архи, тамхи хэрэглэдэггүй, яг л мөрөөрөө амьдарлаа хөөгөөд явж байдаг хүн байгаа юм. Ар гэрийн амьдралын байдлыг харгалзаж ялыг нь хөнгөрүүлэх арга тал байна уу. Надад хохирол байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн болно.
Шүүгдэгч гэм буруугийн талаар эцсийн үгэндээ: “...Миний буруу, би гэм буруугаа ойлгож байна, хүний юм авсан...” гэх мэдүүлгийг гаргасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Прокурорын газраас шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.
Дархан-Уул аймгийн "*" ХХК-ын 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 1001915 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 тооны тугалны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 350,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь тогтоогдож байна /хх-56-58-р хуудас/,
Шүүгдэгч * нь хохирогч *т 1 тооны тугалыг эргүүлэн өгсөн болох нь хохирогч *ын: “..Би тугалаа авсан хохирол төлбөр, гомдол санал байхгүй...” гэх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч Н.Бадам эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хорих тавигдаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан 350,000 төгрөгийн хохирол болох бярууг хохирогч *т буцааж өгсөн байна. Бусдад төлөх төлбөргүй байна. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд оруулж байна.....” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *: “...Шүүхээс шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Энэ хэргийн санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх гэсэн хуулийн заалттай байдаг. * амьдралын хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд нь 1-5 насны нялх хүүхдүүдтэй. Эхнэр нь өвчтэй учир сумын төвд амьдардаг. *ы хувьд амьдралын боломжтой, түүний анх удаа гэм хэрэг үйлдсэн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна... гэв.
Хохирогч: “...Надад хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Би гэм буруугаа хүлээж байна, миний буруу...” гэв.
Шүүхээс шүүгдэгч *д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ… гэж заасан байх ба шүүгдэгч *ы үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *улсын дугаартай Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн * загварын мотоциклийг шүүгдэгч *д буцаан олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ыг 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч * нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *улсын дугаартай Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн *загварын мотоциклийг шүүгдэгч *д буцаан олгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН