Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2019/0009

 

Б.Үийн нэхэмжлэлтэй

Л.Мт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00225 дугаар шийдвэртэй Б.Үийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Мт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 14780479 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хүрэлсүх, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Үийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр Б.Үтэй зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл болон хүүг төлөөгүй бөгөөд 2019 оны 01 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 355 479 төгрөг, алданги 3 425 000 төгрөг буюу нийт 14 780 479 төгрөгийг төлөөгүй байна. Л.М нь сард 750 000 төгрөгийг хүүнд төлөх ёстой бөгөөд 2018 оны эхний гурван сарын хүүнд 2 250 000 төгрөг төлсөн. Хүүг нийт ашигласан хугацаанд хоногийн хүүгээр тооцвол нэг хоногийн хүү нь 24 657,5 төгрөг болж байгаа. 2018.01.31-ний өдрөөс 2018.08.31-нийг хүртэлх гэрээний хугацаа болох 212 хоног дээр 2018.08.31-ний өдрөөс 2019.01.15-нийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног болох 137 хоногийг нэмээд нийт 349 хоногийн хүүг тооцвол 8 605 467,5 төгрөг болж байна. Үүнээс Л.Мын зээлийн хүүнд төлсөн 3 сарын хүү болох 2 250 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 6 355 479 төгрөгийг зээлийн хүүнд нэхэмжилж байгаа. Алдангийн хувьд гэрээнд зааснаар зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцохоор заасан тул 2018.08.31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019.01.15-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 137 хоногийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөгийн 0,5 хувь 25 000 төгрөгөөр үржүүлж 3 425 000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа. Алданги болох 3 425 000 төгрөг нь үндсэн зээл болон түүний хүүгийн нийт дүнгийн 50 хувиас хэтрээгүй тул хууль зөрчөөгүй.

Иймд Л.Маас зээлийн гэрээний үүрэгт 14 780 479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018.01.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Б.Үээс 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд гэрээний дагуу зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэвч нэхэмжилсэн 14 780 479 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлөх ёстой байсан 5,6,7,8 саруудын хүү болох 3 000 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Үт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2019 оны 3 сард багтаан үндсэн зээл 5 000 000 төгрөгийг төлж, үлдэх хүү алданги 5 500 000 төгрөгийг 2019 оны 4,5 саруудад хувааж төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч үүнийг зөвшөөрвөл эвлэрлээр шийдүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Мын хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл авсан, үндсэн зээл болон гэрээний хугацааны үлдэгдэл хүүг төлөх асуудал дээр маргахгүй байгаа. Тэрээр гэрээний дагуу эхний 2,3,4 саруудын хүүг сар бүр 750 000 төгрөгөөр төлж, хүүнд нийт 2 250 000 төгрөгийг төлсөн боловч зээлийн хүү хэт өндөр байсан тул гэрээний хугацаанд үлдсэн 4 сарын хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан тул сарын 15 хувийн хүүг зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэтэл хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдал бий болоход сарын 15 хувийн хүү нь арилжааны банкууд болон хадгаламж зээлийн хоршоо, ломбардны хүүгээс хэт өндөр байгаа болохыг мэдсэн. Хадгаламж зээлийн хоршоо, ломбардны зээлийн хүү хамгийн өндөр нь сарын 10 хувьтай байдаг, Монгол банк, бусад арилжааны банкуудын зээлийн хүү сарын 5 хувь байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохирсон хүү сарын 15 хувь байгаа нь бусад зээлийн хүүгээс хэт өндөр, миний төлөөлүүлэгчийн эрх ашигт хохиролтой байгаа тул зээлийн гэрээний хүүг сарын 10 хувь болгож хасч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг хоногоор тооцсон нь буруу, гэрээнд сарын 15 хувь байхаар заасан байхаас гадна зээлдэгч зөвхөн гэрээний хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн алданги нэхэмжлэхдээ үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлсэн байгаа нь мөн үндэслэлгүй, зээлийн хүү нь гүйцэтгээгүй үндсэн үүрэгт хамааралгүй. Иймд шүүх зээлийн хүүг 10 хувь болгож хасвал үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүнд 2 000 000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцон 2 500 000 төгрөг буюу 9 500 000 төгрөгийг хариуцагчийн хувьд төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00225 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Маас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 780 479 /хоёр сая долоон зуун наян мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

2/ Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 852 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Маас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үт олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: “Б.Ү нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14780479 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5000000 төгрөг, 5,6,7,8 саруудын зээлийн хүү 3000000 төгрөг, алдангид 2500000 төгрөг буюу нийт 10500000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч шүүх хариуцагчаас үндсэн зээл 5000000 төгрөг, зээлийн хүүнд 3000000 төгрөг, алдангид 4000000 төгрөг буюу нийт 12000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн зээлийн гэрээний алдангид 4000000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ. Дээрх хоёр хэм хэмжээнээс үзэхэд алдангийн хэмжээг тогтооход гэрээгээр тохиролцсон үүргийг нарийвчлан тогтоох ёстой болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч Б.Ү болон хариуцагч Л.М нарын хооронд 2018 оны 01 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гэрээний дээрх заалтаар алданги тооцох үүргийг зөвхөн зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдлыг үүрэг гэж тохиролцсон бөгөөд гэрээнд зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдлыг алданги тооцох үүрэгт хамааруулаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг 2500000 төгрөг байхаар тогтоож, хариуцагчаас нийт 10500000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Л.Маас зээлийн гэрээний үүрэгт 14 780 479 төгрөг /үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 355 479 төгрөг, алдангид 3 425 000 төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн хүү, алдангийн зарим хэсгийг төлөхөөс татгалзаж маргажээ. /хх-ийн 1 дэх хэсэг/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2018 оны 01 сарын 31-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч буюу хариуцагч Л.М нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Үээс 5 000 000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр авч, зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Л.М нь 3 сарын хүү болох 2 250 000 төгрөгийг төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн ба талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 5 дахь тал/

Гагцхүү хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд тохирсон хүүгээс төлөөгүй үлдсэн 4 сарын хүү 3 000 000 төгрөгийг төлөх, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцож төлөхийг зөвшөөрсөн ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагчаас зээлийн хүүд 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Харин шүүх алдангийг тооцохдоо үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 000 000 төгрөгийг оруулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нийт 8 000 000 төгрөг гэж тооцон, түүний 50 хувиар алдангийг тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

Гэрээ байгуулах үед талууд алдангийн талаар хэрхэн тохиролцсон болох, ямар нэгдмэл санаатай байсан нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Тухайлбал анхан шатны шүүх, талууд алдангийг үндсэн зээлээс тооцохоор тохирсон уу эсхүл үндсэн зээл ба хүүгийн дүнгээс тооцохоор тохирсон уу гэдгийг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэрээний эрх зүйн зарчимтай нийцээгүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааг нийт 137 хоногоор тооцсон байна. Мөн гүйцэтгээгүй үүрэг гэж үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс 1 хоногийн алдангийг 25 000 төгрөгөөр тооцож, нийт 137 хоногоор үржүүлж алдангийг 3 425 000 төгрөгөөр нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжиж тайлбар гаргажээ.

            Иймд хариуцагчийн “алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс тооцно гэж ойлгож гэрээ байгуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг...” гэснийг “... зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөгийг...” гэж, мөн заалтын “... нэхэмжлэлийн шаардлагаас 2 780 479 төгрөгийг ...” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагаас 4 280 479 төгрөгийг ...” гэж, 2 дахь заалтын “... тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг ...” гэснийг “... тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ