| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0401/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/716 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/716
2025 03 18 2025/ШЦТ/716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Д.Ундармаа /цахимаар/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батдулам,
хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Б.Бд холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
................ овогт Б.Б, регистрийн дугаар ........................,
Монгол Улсын иргэн, .... ........................ оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .......сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд ....................... цохиж биед нь баруун талын хоншоор ясны урд, гадна хананд цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны хацрын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн өдөр болоод гэр бүлийн найзууд ирээд хоол идчихээд караоке ороод архи уусан. Тэгээд гарсан чинь манай дүү энэ хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд тийм зүйл болсон ...” гэв.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед мөнгө асуусан нь миний хамрыг янзлаад өгөөч эмнэлгээр цуг яваад өгөөч гэсэн чинь утсаа авахгүй байсан. Тэгээд өмгөөлөгч авч хууль зүйн тусалцаа аваад явж байгаа. Одоо 4 сар ажиллаагүй ажлын төлбөрөө нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.М “... Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд өөрийн Амарбаясгалан, Батзолбоо гэх хоёр найзтайгаа уулзаад хороололд байдаг нэг баар луу орж тэр хоёр найзтайгаа хамт пиво ууж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад тухайн баарнаас бид гурав гарч Батзолбоо найз маань архи уугаагүй байсан учраас Амарбаясгалан бид хоёрыг манай гэрийн үүдэнд буюу найман шарга худалдааны төвийн нэг урсгалтай зам дээр буулгачхаад яваад өгсөн ба Амарбаясгалан найз маань архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэчихсэн байсан болохоор манай гэрийн гадаа буюу замын хажууд бөөлжөөд би нуруун дээр нь дараад байж байхад үл таних 3 эрэгтэй хүн 2 эмэгтэйн хамт хажуугаар явж байснаа Амарбаясгалан бид хоёрыг мөн байна гэж хэлээд цохих гээд дайраад байсан ба Амарбаясгалан тухайн үед миний урдуур орж цохиулаад газар унаад өгөхөөр нь би цагдаа дуудсан чинь тэр хүмүүс явах гээд байсан ба Амарбаясгалан бид хоёр тэдгээр залуучуудыг явуулахгүй гээд хэрэлдээд байгаад байсан чинь тэр гурван эрэгтэй хүний нэг хүн нь намайг цохиод унагаачихсан ба би хэсэг хугацааны дараа гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Миний нүүрний баруун хацрын яс цөмөрсөн тэгээд хагалгаанд орсон байгаа ба мөн үүдэн 4 шүд үүрсэн, хамар хугарсан, баруун талын чих дотроо гэмтсэн. Тэдгээр 3 эрэгтэй болон хамт явж байсан 2 эмэгтэй хүмүүсийг би өмнө нь огт харж байгаагүй. Тэдгээр хүмүүс мөн байна гээд дайраад байсан ба Амарбаясгалан бид хоёрыг өөр хүмүүстэй андуураад зодох гээд дайраад байсан байх гэж бодож байна. Тэгснээс өөрөөр Амарбаясгалан, Батзолбоо бид гурав тухайн өдөр хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан асуудал огт байгаагүй. Хамгийн анх би найз Амарбаясгаланг бөөлжүүлээд гадаа байж байхад тэр гурван залуугийн өндөр нь бид хоёр руу мөн байна гээд цохиод дайраад байсан. Яг намайг тэр гурвын аль нь цохиж унагаасныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа дуудчихаад хүлээж байхад тэдгээр хүмүүс явах гээд байсан учраас би явуулахгүй гээд ардаас нь дагаад гар утсаараа бичлэг хийх гээд байж байхад нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 34-35 дугаар тал/,
Гэрч Г.А “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд өөрийн Маргад-Эрдэнэ, Батзолбоо гэх хоёр найзтайгаа уулзаад хороололд байдаг нэг баар луу орж тэр хоёр найзтайгаа хамт пиво ууж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад тухайн баарнаас бид гурав гарч Батзолбоо найз маань архи уугаагүй байсан учраас Маргад-Эрдэнэ бид хоёрыг Маргад-Эрдэнийн гэрийн үүдэнд буюу найман шарга худалдааны төвийн нэг урсгалтай зам дээр буулгачхаад яваад өгсөн ба би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэчихсэн байсан болохоор Маргад-Эрдэнийн гэрийн гадаа буюу замын хажууд бөөлжөөд байж байхад үл таних 3 эрэгтэй хүн 2 эмэгтэйн хамт хажуугаар явж байснаа нэг залуу нь намайг ямар ч шалтгаангүйгээр түлхээд бөөлжсөн бөөлжис дээрээ унаад тэгээд байж байхад тэр нэг залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон ба манай найз Маргад-Эрдэнэ цагдаа дуудаад тэр хүмүүс явах гээд байсан болохоор Маргад-Эрдэнэ найз маань явуулахгүй гээд ардаас нь дагаад байсан чинь нэг залуу нь Маргад-Эрдэнийг цохиж унагаачихаад гүйгээд явчихсан. Би Маргад-Эрдэнэ найз дээрээ очоод босгох гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгээд түргэн тусламж болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,
Гэрч Б.Ж “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний манай гэр бүлийн найз болох Батзаяагийн төрсөн өдөр болсон ба би нөхөр Батзориг найз Батзаяа түүний эхнэр Тэгшжаргал, түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ, найз Ганбат түүний эхнэр Энхзул нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо найман шарга худалдааны төвийн хажууд байрлах нэг караоке руу бүгдээрээ орсон тэндээ дуулаад, ууж байгаад бүгдээрээ шөнийн 02 цагийн орчимд гарсан ба тэндээс гараад найз Ганбат нь өөрийн эхнэр Энхзулын хамт шууд яваад өгсөн ба би нөхөр Батзориг, Батзаяа, Тэгшжаргал, Бат-Эрдэнэ нарын хамт алхаад явж байхад манай нөхөр Батзориг согтчихоод надтай хэрүүл маргаан хийгээд байсан чинь Батзаяагийн дүү Бат-Эрдэнэ манай нөхөрт та эхнэртэйгээ ямар муухай харьцдаг юм бэ гэ гээд хэрүүл хийгээд алхаад явж байхад зам дээр хоёр үл таних эрэгтэй хүн нэг бөөлжиж байхад Бат-Эрдэнэ тэр хоёр залуу руу зам дээр бөөлжихөө боль гэж хэлээд хэрүүл эхэлсэн ба тэр хоёр үл таних эрэгтэй хүн Бат-Эрдэнэтэй хэрэлдээд Бат-Эрдэнэ тэр хоёр үл таних залуутай ноцолдоод эхэлсэн чинь Батзаяагийн эхнэр Тэгшжаргал Бат-Эрдэнийг тэр хоёр залуугаас салгаад аваад явсан ба тухайн хоёр эрэгтэй хүн бид нарын ардаас хэрүүл өдөөд байсан ба нөхөр бид хоёр Тэгшжаргал Бат-Эрдэнэ хоёртой хамт явах гэж байхад тэр хэрүүл маргаан хийгээд байсан хоёр залуугийн өндөр залуу нь бид нарын ардаас хэл амаар доромжлоод байхаар нь найз Батзаяа тэр залуу дээр очоод унагаачихсан яг цохисон эсхүл хавирч унагаасан гэдгийг сайн харж амжаагүй, очоод ганц л хүрэх шиг болсон ба тэр залуу нь унаад үлдсэн Батзаяа бид хоёр нөгөө хэдийнхээ ардаас гүйгээд явчихсан. Манай нөхөр Батзориг нэлээн согтчихсон надтай болон Бат-Эрдэнэ дүүтэй хэрэлдээд байсан ба хэн нэгэнтэй зодолдоогүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 сарын 06-ны өдрийн Дугаар 13264 дүгнэлтэд “Э.М биед баруун талын хоншоор ясны урд, гадна хананд цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны хацрын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” гэжээ /хавтаст хэргийн 12-17 дугаар тал/,
Шинжээч эмч Ц.Б “...уг гэмтлүүд нь хуучин гэмтэл огт байгаагүй бүгд шинэ гэмтлүүд байсан бөгөөд хохирогчийн биед миний бие 2024 оны 10 сарын 06-ны өдрийн 19 цагт үзлэг хийсэн бөгөөд Маргад-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь үзлэг хийсэн цагаас 48 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан...Э.М биед учирсан гэмтэл нь 1 удаа цохиулаад газар унаж үүсэх боломжтой гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 114 дүгнэлтэнд “... урьд гаргасан №13262 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Мед траума”-н эмнэлэгийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд хоёр талын самалдгийн салст зузаарч, жим нарийсч, хөндийн агааржилт буурсан. Баруун талын суурийн хөндийн салст жигд бус зузаарсан. Зүүн талын хоншоорын хөндийд 2.1х1.8см хэмжээтэй салстын уйланхайтай. Хамрын бусад дайвар хөндийнүүдийн агааржилт ердийн. Хоёр талын сэртэнгийн агааржилт ердийн гэж тусгагдсан нь гэмтэлтэй шалтгаанд холбоогүй...” гэжээ /хавтаст хэргийн 114-117 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Дугаар 93 дүгнэлтэнд “...Э.М нь 2024 оны 10 сарын 06-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3-р хороо 25 дугаар телевизийн урд талд бусдад зодуулж биед нь хүндэвтэр хохирол учирсан хэрэг үйлдэгдсэн гэх хэргээс үүдэн хохирогч Э.М сэтгэцэд дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Э.М нь цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэжээ /хавтаст хэргийн 131-133 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
Илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Бгийн “...2024 оны 10 дугаар сарын 05-ны орой миний бие өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхээр өөрийн эхнэр Тэгшжаргал, өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнэ, өөрийн найз Батзориг түүний эхнэр Жаргалмаа, өөрийн найз Ганбаатар түүний эхнэр Энхзул нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо найман шарга худалдааны төвийн хажууд байрлах UB SOUND гэх нэртэй караокед ороод уугаад, дуулаад байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд бүгдээрээ тухайн караокеноос гарсан ба тэндээс гараад манай найз Ганбаатар эхнэр Энхзулын хамт шууд яваад өгсөн ба үлдсэн би болон манай эхнэр Тэгшжаргал, дүү Бат-Эрдэнэ, найз Батзориг түүний эхнэр Жаргалмаа бид тав найман шарга худалдааны төвийн замаар урагшаа алхаж байхад манай найз Батзориг өөрийн эхнэр Жаргалмаатай хэрэлдээд байсан чинь миний төрсөн дүү Бат-Эрдэнэ манай найз Батзоригт та эхнэртэйгээ ямар муухай харьцдаг юм бэ гэж хэлээд хэрэлдээд байж байхад манай эхнэр Тэгшжаргал манай дүү Бат-Эрдэнийг цаашаа аваад явж байхад зам дагуу хоёр үл таних эрэгтэй хүн зогсож байсан ба нэг нь зам дээр бөөлжөөд байсан чинь манай дүү Бат-Эрдэнэ тэр хоёр залуугийн бөөлжөөд байсан руу нь чи зам дээр бөөлжихөө болиоч гэж хэлээд нөгөө хоёр залуутай хэрүүл маргаан хийж эхэлсэн тэр хэрүүлд би дүүгээ боль гэж хэлчихээд оролцоогүй өөрийн найз Батзоригт чи согтчихоод эхнэрээ манай дүүтэй хардаад байхдаа яадаг юм гээд яриад явж байсан ба манай дүү Бат-Эрдэнэ тухайн хоёр залуутай ноцолдоод байж байсан ба манай эхнэр Тэгшжаргал дүү Бат-Эрдэнийг цааш аваад явж байсан чинь тэр хоёр залуугийн өндөр нь бид нарын ардаас хэрүүл өдөөд дагаад яваад байхаар нь би очоод тэр залууг цохиод нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон тэр залуу газар унаад үлдэхээр нь би цаашаагаа яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “... Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Батзаяа 2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “25 дугаар суваг” телевизийн урд талд Э.М гараараа цохиж биед нь баруун талын хоншоор ясны урд, гадна хананд цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны хацрын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтогдож байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд сая ярьж тохиролцсоноор 1,500,000 төгрөг шилжүүлснээр хохирол төлөгдсөнд тооцоод 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн хохирол төлбөрийг арай богинохон хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байх тул энэ талаар арга хэмжээ авч өгөхийг шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчаас 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Тухайн саналын хамрагдах хүрээг тодруулмаар байна. Нөгөө талдаа шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хүсэж байна. Өмгөөлөгчийн энэ саналтай санал нийлэхгүй байна. Тодорхой хэмжээнд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан тул хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж юм ойлгох үүднээс дахин хууль бус үйлдэл хйихгүй байх үүднээс тодорхой хэмжээнд эрүүгийн хариуцлага өгөх нь зүйтэй. Тиймээс ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлгүй юм. Мөн торгоох ялын тухайд 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлсэн. Үүний хажуугаар дахин торгох ял оногдуулах нь тухайн хүний санхүүгийн асуудал үүснэ. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах хугацаа уртасна. Саад учирна. Тиймээс хязгаарлалт тогтоох ял нь илүү үр нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс улсын яллагчийн саналыг дэмжиж байна ...” гэсэн дүгнэлтийг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйллчүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн нөхцөл байдлын хувьд үнэхээр айхтар балмад хэрцгий зан гаргаад гэмтэл учруулсан зүйлгүй. Нэг удаагийн цохилтоор дээрх гэмтэл үүсээд газарт унахдаа мөн үлдсэн гэмтлүүд үүссэн байдаг. Миний үйлчлүүлэгч бол том тэрэгний жолооч учраас зорчих эрхийг хязгаарлах ял нь хувийн байдлын хувьд хүндээр тусахаар байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Хэрвээ үнэхээр боломжгүй гэж үзэх юм бол торгуулийн арга хэмжээ авч өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “25 дугаар суваг” телевизийн урд талд Э.М гараараа цохиж биед нь баруун талын хоншоор ясны урд, гадна хананд цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны хацрын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.М мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 34-35 дугаар тал/, гэрч Г.А мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/, гэрч Б.Ж мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 сарын 06-ны өдрийн Дугаар 13264 дүгнэлт /хавтаст хэргийн 12-17 дугаар тал/, Шинжээч эмч Ц.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 114 дүгнэлт /хавтаст хэргийн 114-117 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Дугаар 93 дүгнэлт /хавтаст хэргийн 131-133 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дугаар тал/, илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн биед баруун талын хоншоор ясны урд, гадна хананд цөмөрсөн хугарал, баруун чамархайн ясны хацрын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20.000 төгрөгийг нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс: “...Батзаяагийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ гэмт хэрэгт анх удаа холбогдсон байгаа. Миний үйлчлүүлэгч цагаан хаданд тээврийн жолоо барьдаг. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байгаа. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйл, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд хоорондоо тохиролцож, шүүгдэгч эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг шилжүүлсэн, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол мөн ажилгүй байсан үеийн зардал болох 20.000.000 төгрөг нөхөн төлөхөөр тохиролцсон байгаа. Энэ хохирол төлбөрийг шүүгдэгч 1 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн боловч хохирогч хохирлыг аль бага хугацаанд хурдан төлүүлэх саналтай байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байна. Энэ гаргасан санлыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэв..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгчтэй цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, хохирогчийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд нийт 20.000.000 төгрөг дээр тохиролцсон байх тул,
Шүүгдэгчээс хохирол, хор уршигт 20.000.000 төгрөгийг хохирогч Э.Мд олгуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн болно.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.Бгаас 20.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт хураагдаж хавсаргагдан ирсэн 2 ширхэг СиДи-г /хх 106, 129/ хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....................овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, хохирогчийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд нийт 20.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мд олгож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20.000 төгрөгийг мөн гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаанд хохирол, хор уршгийг төлөх үүрэг хүлээлгэж, шүүхээс тогтоосон хугацаанд уг үүргийг биелүүлэгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж хавсаргагдан ирсэн 2 ширхэг СиДи-г /хх 106, 129/ хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ