Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01513

 

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01513

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, УБТЗ ХНН-ийн засвар үйлчилгээний цехэд засварчин ажилтай регистр ..., Б... овогт Б.ийн Б.лийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Горькийн ...-р гудамжны ... тоотод оршин суух, УБТЗ ХНН-ийн Вагон депогийн Зэхэлт, бэлтгэлтийн цехийн нярав ажилтай, регистр ..., Х... овогт Т...ын С...д холбогдох 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12-р сарын 13-нд Т.С...д 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Хариуцагч 2020 оны 3-р сарын 20-нд 50 000 төгрөгийг дансаар, 15 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хэрэг үүсгэснээс хойш 2020 оны 5-р сарын 7-нд 100 000 төгрөгийг дансаар төлсөн. Иймд би хариуцагчаас 335 000 төгрөгийн үндсэн төлбөр, хүү 50 000 төгрөг нийт 385 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Т.С... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б...ээс 500 000 төгрөг зээлсэн нь үнэн. Дэлхий нийтээр тархсан корона өвчний улмаас ажлын хэвийн байдал алдагдаж мөнгийг нь бүгдийг өгөх боломжгүй байна. 500 000 төгрөгөөс 335 000 төгрөгийг энэ сард 2 хувааж төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б... нь Т.С...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 385 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Б.Б... нь 2019 ны 12-р сарын 13-ны өдөр Т.С...д 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 7/ бичгээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 50 000 төгрөг нийт 550 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс 2020 оны 3-р сарын 20-нд 50 000 төгрөгийг дансаар, 15 000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 5-р сарын 7-нд 100 000 төгрөгийг дансаар тус тус төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Зээлдэгч 550 000 төгрөгөөс 165 000 төгрөгийг төлж, 385 000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.ын С...ээс 385 000 /гурван зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж Б..ийн Б...д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.С...ээс 12 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Р.АЛТАНТУЯА