| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/996 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/996
2025 04 18 2025/ШЦТ/996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Л.Төвхүү /томилолтоор/,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 03263 2379 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Г.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн шилэн самбарыг гараараа цохиж хагалан устгасны улмаас *** ХХК-д 450.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэж явж байгаад найзуудтайгаа маргалдаад уурандаа тэнд байсан самбарыг цохисон...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБ1-24-1432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-23 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Гантулгын илтгэх хуудас /хх-ийн 5 дахь тал/,
Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44 дэх тал/,
Яллагдагч Г.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн шилэн самбарыг гараараа цохиж хагалан устгасны улмаас *** ХХК-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Г.О нь Г.О нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн шилэн самбарыг гараараа цохиж хагалан устгасны улмаас *** ХХК-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирогчид учруулсан 450.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.О нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилжээ.
Яллагдагч Г.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтулгын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2409 03263 2379 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ажилдаа ирэхэд манай дэлгүүрийн гадна талын хаягтай самбар хагарсан байсан ба тухайн өдөр ажиллаж байсан хүнээс юу болсон талаар асуухад манай дэлгүүрээс 2 хүн гараад хоорондоо маргалдаад эхэлсэн тэр үед нэг хүн гараараа цохиж хагалсан гэж хэлсэн. ...Дэлгүүрийн үүдний хаягтай самбарыг гараараа цохиж хагалсан ба тус самбарыг “Дамно” ХХК-аар үнэлүүлэхэд 450.000 төгрөг гарсан ба манай зүгээс албан ёсоор гаргаж өгсөн нэхэмжлэлээр 495.000 төгрөг байсан. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 54 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБ1-24-1432 дугаартай: “...Шинжилгээний объектын /Хаяг: ***ийн гадна талын, 2022 онд дэлгүүр нээж байхад хийлгэж байсан/ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 450.000₮-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-23 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Гантулгын: “...Шилэн самбар хагалсан гэх Г.О гэгчийг Гүнт 120-д эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэн ажиллаа...” гэх илтгэх хуудас /хх-ийн 5 дахь тал/,
Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай найз Г.Оы төрсөн өдөр нь байсан ба найзуудтайгаа цуг нэг газар сууж байгаад гэрч ирээд 64 дүгээр дэлгүүр дээр байдаг ***ийн террас хэсэг дээр ярилцаад зогсож байсан. Тэр үед Г.О нь найз охинтойгоо маргалдаад найз охин нь дотогшоо орсон. Тэгэхэд Г.О уурлаад бухимдсан байсан тул ***ийн үүдний хэсгийн жижиг самбарыг цохиод авахад самбар нь хагарч унасан. Тэгээд бид хэд ***ийн ажилтантай нь уулзаж уучлалт гуйгаад холбогдох утасны дугаараа үлдээгээд явсан. Дараа нь бид бүгд гэр гэртээ харьцгаасан. ...Г.О нь дэлгүүрийн үүдний хэсэгт ханан дээр өлгөөтэй байсан жижигхэн хаягтай самбарыг гараараа цохиж хагалсан. Цохих үеэр тухайн самбар хагарч, бутарч унасан. Цохихоос өмнө самбарын гэрэл нь ассан зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн эхэнд 03:28:17 гэсэн бичиглэл байх ба саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу, хар куртиктэй, улаан канттай өмдтэй эрэгтэй хүн дэлгүүрийн үүдний хэсэгт байгааг нь харуулав. Бичлэгийн 03:31:45 гэсэн тус эрэгтэй хүн дэлгүүрийн самбарыг гараараа цохиж хагалж байгаа орж байгаа хэсгийг харуулав. Бичлэгийн 03:32:15 гэсэн хяналтын камерын хэсэгт тухайн эрэгтэй хүн дэлгүүр лүү орж ирж байгаа хэсгийг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 44 дэх тал/-ээр шүүгдэгч Г.Оы тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Г.Оы бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Г.О нь бусдын эд хөрөнгөд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Оы үйлдлийн улмаас хохирогч *** ХХК-д 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБ1-24-1432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-23 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “...хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх хүсэлт /хх-ийн 28 дахь тал/-ийг гаргасан байх ба 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “...Хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 54 дэх тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Оыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Г.О нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ.
Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ