| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/997 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/997
2025 04 18 2025/ШЦТ/997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч М.Бамбадорж /томилолтоор/,
Хохирогч М.А, түүний өмгөөлөгч Л.Батжаргал /цахимаар/,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Эт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 05893 3330 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, С.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч М.Атай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр *** өдөр болж байсан. Тухайн баяр дээр С.Э бид хоёр хоёулаа байсан. Миний ард С.Э нь зогссон учраас маргаан болсон. Маргалдах явцдаа С.Э нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11973 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 дахь тал/,
Яллагдагч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 166-167 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 171 дэх тал/,
Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл” /хх-ийн 173 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 09 дүгээр сарын 06, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Эаас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 13-14, 16 дахь тал/ авсан нь түүнийг хохирогчоос шууд заасны дараа буюу хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч С.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч М.Атай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч С.Э нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Атай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн шүдэнд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч харин нүдний ухархайд учирсан гэмтлийн хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч энэ нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн биед учирсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой бодит хохирлыг 6.310.000 төгрөг байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Үүнээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.085.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл нь 3.225.000 төгрөг байна. Хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.627.563 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, уг зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалаас улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч нь хамар болон шүдэндээ гэмтэл авсан. Түүний хамартаа авсан гэмтлийн улмаас тэрээр амьсгалын системд өөрчлөлт орох, шөнө унтаж чадахгүй байх, тархинд очих цусан хангамж буурах гэх эрсдэлүүд бий болсон. Хохирогчийн хамрын хагалгаанд орох зардлыг энэ гэмт хэргийн улмаас М.Ад учирсан бодит хохирол гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол, төлбөрийн тухайд миний үйлчлүүлэгч нь баримтаар эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 9.855.200 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч С.Э нь 3.085.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл нь 6.770.200 төгрөг байгаа. Миний үйлчлүүлэгчийн ирээдүйд гарах зардал нь буюу хамрын хагалгаанд орох төлбөрт 4.503.960 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөсөд 5.700.000, сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж, 6.600.000 төгрөгийг, нийт 23.574.160 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Ажилгүй байх хугацааны цалин хөлс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг 10 дахин нэмэгдүүлж байгааг багасгах нь зүйтэй байна гэж бодож байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Яллагдагч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2406058933330 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг М.Агийн биед халдаж хохирол учруулсандаа харамсаж байна, би цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллаж, амьдрах болно...” /хх-ийн 55 дахь тал/ гэх мэдүүлэг авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагын мэргэжлийн баярын өдөр болоод Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тэмдэглэсэн. Тэгээд уг баяр дээр байж байхад гал тогооны гэрт сууж байхад манай байгууллагын холбооны хэсэгт ажилладаг С.Э ард ирээд утсаараа оролдоод байхаар нь би “Бичлэг хийгээд байгаа юм уу, араас зайлаач чи” гэхэд “Утсаа оролдож байна, та хүн дарамталдаг хэн бэ?” гээд над руу ундаа аваад шидэхээр нь тогооч залуу цаашаа бай гээд түлхээд гарахаар нь би хэсэг хугацааны дараа араас нь гарахад С.Э надтай зууралдаад миний зүүн хүзүүний ард хэсэгт цохиод унаж байхад миний нүүр лүү өшиглөөд газарт унаад босоод сууж байхад миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний үүдэн 1 шүд хугарч, 1 шүд хөдөлгөөн орсон, зүүн нүдний ухархайн яс дотроо 2 хугарсан, нүд хавдаж хөхөрсөн, хамар хугарч мурийсан байсан…, …Миний бие С.Эт зодуулж цохиулсны улмаас 3 сарын хугацаанд ажлаа хийгээгүй, би Япон улс руу сүүлийн хугацаа гэхэд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр очиж газрын гүний дулааны өрөмдлөгийн ажилд явах ёстой байсан боловч хоёр удаа нүдний хагалгаанд ороод энэ ажилдаа явж чадаагүй. Мөн надад лист олгогдоогүй. Би 3 сар ажил хийгээгүй учраас тухайн үеийн цалин, эмчилгээний зардал 3 сая төгрөгийг нэхэмжилж байна. С.Э нь надад 3 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь үүдэн 4 шүд хийлгэсэн. С.Э тэр 3 сая төгрөгийг эмчилгээний зардлын 3 сая төгрөгийг өгсөн гэж ойлгож байж магадгүй эмчилгээний зардлын 3 сая тусдаа асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11973 дугаартай: “...М.Агийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 дахь тал/-ээр шүүгдэгч С.Эын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч С.Э нь М.Агийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Агийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11973 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч С.Эын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч М.Агийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Очир нь тогтоосон байх бөгөөд хохирогч болон шүүгдэгч нар нь уг сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тэмдэглэсэн /хх-ийн 166, 167 дахь тал/ байна.
Хохирогч М.Агийн сэтгэцэд учирсан хоёрдугаар зэргийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч М.Ад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.
Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй хүндрэлийг хэлэх юм.
Энэхүү нөхцөл байдлуудыг арилгаж, хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулах эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд том дэвшил төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” гэж заасан баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд бэхжүүлсэн юм.
Иймд Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт “Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй”, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрч буй өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасан зорилтод нийцэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан нь шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцэх юм.
Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг байхаар тогтоосон ба уг тогтоол нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байх тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэв.
Тодруулбал 792.000 × 8 = 6.336.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Ад олгохоор шийдвэрлэв.
Хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар нийт 9.695.179 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Э нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.085.000 төгрөг /хх-ийн 43 дахь тал/, шүүхийн шатанд 141.500 төгрөг /хх-ийн 131 дэх тал/-ийг тус тус төлж барагдуулсан байх тул тус дүнг хасаж тооцох нь зүйтэй. Харин хохирогчоос гаргаж өгсөн зарим баримт нь давхцаж байх тул эмчилгээнд зарцуулсан нийт мөнгөн дүнгээс үлдэгдэл 6.000.000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч М.А болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч М.А нь гэмт хэрэг гарснаас хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь ***ийн цалингийн карт /хх-ийн 139 дэх тал/, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын “Нийгмийн Даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” /хх-ийн 140 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хохирогч М.Агийн ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Хохирогч М.Агийн сарын дундаж цалин хөлс нь 1.900.000 төгрөг байх ба 3 сарын хугацааны цалин хөлс болох 5.700.000 төгрөгийг шүүгдэгч С.Эаас гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хохирогч М.А нь хамрын хагалгаанд орох шаардлагатай талаар холбогдох баримт /хх-ийн 192 дахь тал/-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримтад 4.503.960 төгрөг гэжээ. Иймд тус хохирлыг мөн гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч М.Ад Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 2.627.563 төгрөгийн зардал /хх-ийн 171 дэх тал/ гарсан талаар иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ мэдүүлсэн байх боловч Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл” /хх-ийн 173 дахь тал/-д авагдсанаар хохирогч М.А нь 2.553.668 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байх бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Э нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.553.668 төгрөгийн, хохирогч М.Ад 22.539.960 төгрөгийн төлөх төлбөртэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь дээр дурдагдаж буй хохирол, төлбөрийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч С.Эын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч М.А нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмын талаар хуульчлан зохицуулсан. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх ёстой. Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч С.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байна...” гэв.
Хохирогч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас нийт 25.093.628 төгрөгийг гаргуулж, үүнээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.553.668 төгрөгийг, хохирогч М.Ад 22.539.960 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.А нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ