Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй   

 

Иргэдийн төлөөлөгч А.Тайвансайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Жавхлантуяа  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг

Хохирогч Н.Энхбаатар

Шүүгдэгч  Г.Бат, Б.Бат-Амгалан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганболдын Бат, Сартуул овгийн Бат-Эрдэний Бат-Амгалан нарт холбогдох эрүүгийн 201714000135 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.Сартуул овгийн Бат-Эрдэний Бат-Амгалан, Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 20 настай эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын ашиглалтын техникч мэргэжилтэй, “Магнай трейд” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-33А тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГИ96090611,

 

            2. Боржигон овгийн Ганболдын Бат, Монгол Улсын иргэн, 1996 оны 06 сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эмээ дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг, 2-30 тоотод оршин суух, урь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ГИ96060618

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нар нь бүлэглэн 2017 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Наран багийн 3 дугаар гудамжинд Н.Энхбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж бэлэн 134 000 төгрөг, Самсунг загварын гар утас зэргийг дээрэмдэж 159 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Энхбаатарын ... “Эхлээд намайг зүгээр явж байхад хоёр талаас мөрлөсөн юм. Тэгэхээр нь эргэж хараад яаж байгаа юм бэ гэж хэлэхийн завдалгүй цэнхэр куртиктэй явсан залуу нь хацар руу гараар цохиж авсан. Хоёулаа намайг газарт дараад унагаасан юм. Тэгээд миний хоёр талаас хоёулаа цохиод байсан. Баруун хавирга орчимд нэг нь өвдөглөсөн. Нэг нь халааснаас мөнгийг маань авсан. Хоёулаа нийлж байгаад гартаа барьсан байсан гар утсыг маань хүчээр авсан юм. Тэгээд хоёулаа баруун тийш гэр хорооллын эцсийн буудлын араар ороод зугтаасан. Надад яах аргагүй Баасандорж ахаас авсан 130 000 төгрөг болон өөрт маань тусдаа 7000 төгрөг байсан. Би 7000 төгрөгийн 3000 төгрөгийг пивоны мөнгөнд өгөөд 4000 төгрөгтөй үлдсэн юм. Тэр хоёр залуу надаас нийт 134000 төгрөг, гар утсыг маань дээрэмдэн авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

2. Гэрч Б.Батболдын ... “Энхбаатар маргааш өглөө нь над руу утсаар ярьж шөнө чамаас салаад явж байгаад Баасандорж ахын дэлгүүрийн ард хоёр залууд гар утас, мөнгөө дээрэмдүүлсэн гэж байсан. Ямар ч байсан намайг харж байхад Баасандорж ахаас 130 000 төгрөг зээлж авч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

3. Гэрч Д.Баасандоржийн ... “Тухайн үед 2017 оны 02 сарын 12-ны өдөр Энхбаатар манай ажил дээр ирээд надаас 130 000 төгрөг зээлж авсан юм. Тэрээр мөнгө хэрэгтэй байна гэж байсан. Надаас мөнгө зээлсэн өдрийнхөө маргааш өглөө нь ирж өнгөрсөн шөнө танай дэлгүүрийн орчимд сургуулийн урд явж байгаад 2 залууд гар утас, мөнгө зэргээ дээрэмдүүлсэн гэж байсан. Харин урагш харсан камерт шөнө дэлгүүр хааснаас хойш хоёр залуу зүүн тийш явж байгаа нь харагдаж байсан. Тухайн үед Энхбаатар тэр хоёр залууг яг мөн байна гэж байсан. Би бас камерийн бичлэгийг нь харсан юм. Хоёр залуу эцсийн дэлгүүрийн урд Приус машинтай ирж зогсож манай дэлгүүрийн урдуур зүүн тийш яваад хэсэг хугацааны дараа баруун талаас ирж машиндаа сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат мэдүүлэхдээ “Хохирогч бид хоёрын дундуур мөрлөөд гарсан. Тэгээд муудалцаад хохирогч цохисон. Би түүнийг түлхсэн. Гар утсаа шидэхээр нь авсан. Дээрэмдсэн зүйлгүй. Гэмшиж байна. Хохирлыг төлсөн” гэв.

            Шүүгдэгч Б.Бат-Амгалан мэдүүлэхдээ “Хохирогч биднийг мөрлөсөн. Түүнээс болж муудалцсан. Би хохирогчийг цохисон нь үнэн. Эд зүйлийг нь дээрэмэх санаа байгаагүй. Гэмшиж байна” гэв.

            Хохирогч Н.Энхбаатар мэдүүлэхдээ “Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн. Би гэрлүүгээ харих гээд юм бодоод доошоо хараад явж байтал энэ хоёртой мөрдөлцсөн. Яаж байна гэхийн завдалгүй намайг дарж унагаад дээрээс өшиглөж цохисон. Гар утсыг маань хүчээр булууж авсан. Яаж авсныг мэдэхгүй. Миний халаасанд байсан мөнгийг авсан байсан. Хохирлоо авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Эдгээр хүүхдүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг санал дүгнэлтдээ “Эдгээр хүүхдүүдийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Ял оногдуулахдаа 21 насанд хүрээгүй байхдаа өөрөөр хэлбэл өсвөр насны хүүхдүүд гэдгийг анхаарч, хувийн байдлыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нар нь бүлэглэн 2017 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Наран багийн 3 дугаар гудамжинд Н.Энхбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж бэлэн 134 000 төгрөг, Самсунг загварын гар утас зэргийг дээрэмдэж 159 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч нар гэм буруутай, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон өөрчилж, тэдний эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй байсан тул тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овгийн Бат-Эрдэний Бат-Амгалан, Боржигон овгийн Ганболдын Бат нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон өөрчилсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.2 дугаар зүйлийн 1.1-ийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нарыг тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалан, Г.Бат нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр өдөрт 3 цагийн хугацаагаар тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

                            

                              ШҮҮГЧИД                                        Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ