Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2019/0010

 

Э.Хийн нэхэмжлэлтэй Ө.Д, Д.Б нарт

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэртэй Э.Хийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Д, Д.Б нарт холбогдох Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаварт 15 679 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э.Хд холбогдох орох байсан орлогод 10 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Бын төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Хийн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Д.Бын төлөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие найз бүсгүй Бтай хамтран амьдрах хугацаанд Б нь цалингийн зээлтэй, оюутан хоёр охиныхоо сургалтын төлбөрийг төлж чадахгүй болсон тул өөрийн амьдардаг 3 өрөө байрыг зарахаар болсон. Ингээд Б нь Ө.Дтай байранд нь түр амьдрах талаар ярилцаж байхад Ө.Д нь би байраа зарж байгаа, та нар авах уу гэж асуусан. Бид хоёр энэ талаар ярилцаад Ө.Дгийн хашаа байшинг худалдаж авахаар болсон. Тухайн үед надад бэлэн байсан  7 000 000 төгрөгийг Ө.Дд өгч, үлдэгдэл мөнгийг бага багаар өгөхөөр тохирсон. Гэтэл Ө.Д нь Д.Бын нэр дээр зээл гаргуулж авсан байгаа. Тэр зээлийг та нар дараад, үлдэгдлийг нь өгөөд дуусахад та нарыг худалдаж авсанд тооцъё гэсэн. Ингээд Д.Бын нэр дээр байгаа зээлийг сар болгон төлөх болзол, нөхцөлтэйгөөр тохиролцсон бөгөөд Д.Бын нэр дээрх зээлийг 2015 оны 11 сараас эхлэн сар бүр төлж явсан. Хэсэг хугацааны дараа Б бид хоёр маргалдаж, бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Б Дгийн байрыг чи өөрөө зохицуулаарай гээд тэр хашаа байшинд намайг орхиод явсан. Энэ асуудал үүссэнээс болж би ганцаараа уг байранд амьдрах шаардлагагүй болсон учраас Ө.Дтай уулзаад Бтай болсон маргааныхаа талаар хэлж, би байрыг чинь худалдаж авч чадахгүй боллоо, мөнгөө буцаагаад авмаар байна гэдгээ хэлсэн. Ө.Д нь мөнгийг чинь өгнө өө. Гэхдээ одоохондоо би зээлтэй байна. Мөнгөтэй болохоороо боломжоороо өгнө гэсэн. Д.Бын банкны зээлийг яах вэ гэхэд, та түр төлж байгаа ч, бид нар ямар ч байсан мөнгийг чинь өгнө өө гэсэн. Би Д.Бын нэр дээрх зээлийг сар бүр төлж нийт 8 680 000 төгрөгийг төлсөн. Ө.Д нь одоо болтол мөнгийг минь өгөхгүй байгаа тул түүнээс 15 680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлагад тооцооны алдаа гаргаж 15 680 000 төгрөг гэж буруу бичсэн байна. Э.Хийн Д.Бын нэр дээрх зээл төлсөн баримтуудыг тооцож үзэхэд 8 679 000 төгрөг төлсөн байсан. Иймд Э.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас 15 679 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж ойлгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Х нь Ө.Дг Д.Бын нэр дээр зээл гаргуулж авсан гэж л ойлгож явсан. Гэтэл цаана нь Ө.Д Д.Бод энэ хашаа байшинг худалдаж түүнээс 25 000 000 төгрөг авсан байсан. Д.Быг гэрээнээс татгалзахад авсан 25 000 000 төгрөгөө буцаагаад Д.Бд өгөх болсон. Бэлэн мөнгө байхгүй учраас байшинг Э.Х Б нарт худалдаж, улмаар Ө.Хр Д.Бын нэр дээрх зээлийг төлүүлсэн учрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Быг оролцуулж, түүний тайлбарыг уншиж байж мэдэж авсан. Өөрөөр хэлбэл Ө.Д нь Д.Бод төлөх ёстой 25 000 000 төгрөгөө төлөхийн тулд Э.Хэр Д.Бын нэр дээрх зээлийг төлүүлсэн байна. Тухайн үед Э.Х Б нар Ө.Дтай аман байдлаар гэрээ байгуулсан, мөн байрны үнийг 45 000 000 төгрөгөөр тохирсон байсан юм байна лээ. Э.Хийн гэрээнээс татгалзсан асуудал бол 2017 оны 5 сард болсон асуудал. Энэ хугацаанд Э.Х Хас банкинд Д.Бын нэр дээрх зээлийг төлж байсан бөгөөд 2017 оны 12 сарын төлөлтийг хийгээд үүнээс хойш зээлийг төлөхөө больсон. Яагаад гэвэл зээлийг төлж байсан боловч Д.Б Ө.Д нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй зээлийг төлүүлээд байсан. Тийм болохоор битгий зээлийг нь төл гэсэн зөвөлгөө авсны үндсэн дээр зээлийг төлөхөө зогсоосон юм. Ө.Х нь энэ хугацаанд буюу 2015 оны 11 сараас 2017 оны 12 сарын 21-нийг хүртэл зээлийн төлбөрт нийт 8 679 000 төгрөгийг төлсөн байсан. Ө.Дд 7 000 000 төгрөг төлж нийтдээ энэ байрны үнэд 15 679 000 төгрөг төлсөн байдаг. Бгийн хувьд мөнгө гаргаагүй. Байрны мөнгийг зөвхөн Х төлж явсан учраас Э.Х нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар Э.Хийн байрны үнэд төлсөн 15 679 000 төгрөг дээр маргадаггүй. Харин хэн нь төлөх вэ гэж маргадаг. Уг мөнгийг хэн хариуцаж төлөх нь хамаагүй. Гол нь Э.Х өөрийн төлсөн мөнгөө л авах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Ө.Дгаас 7 000 000 төгрөг, Д.Боос 8 679 000 төгрөг буюу нийт 15 679 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

            Хариуцагч Ө.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх амины орон сууц бариад түүнийгээ зарахаар болсон. Уг байраа төвийн шугаманд холбоод, бохирийн асуудлыг шийдээгүй байсан. Ингээд Д.Б 2013 оны 11 сард байрыг минь худалдаж авахаар болж надад 25 000 000 төгрөг өгсөн тул би байрны гэрчилгээ бичиг баримтыг Д.Бын нэр дээр шилжүүлсэн. Д.Б бид 2 нэг байгууллагад ажилладаг. Худалдаж аваад удаагүй байтал буюу 2015 онд Д.Б байрыг минь авахаа болилоо, мөнгийг нь төлж чадахгүй нь, байраа буцаая гэсэн. Тэгэхээр нь би 25 000 000 төгрөгийг чинь бэлнээр өгч чадахгүй нь, байраа өөр хүнд заръя. Зарагдахаар нь 25 000 000 төгрөгийг чинь өгье гэж тохиролцсон. Ингээд байр зарах зар өгсөн. Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага буюу “Авида”-гаар дамжуулж байрыг зарах зар өгсөн. Зар өгөөд удаагүй байтал Б би 3 өрөө байраа зарж байгаа, зарагдахаар нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд зөрүү мөнгөөр нь танай байранд орьё гэсэн. Нэг их удалгүй Б танай байрыг Э.Х бид хоёр худалдаж авъя гэж өөрөө хэлсэн. Тэр хоёр байрыг худалдаж авахаар тохиролцож эхний ээлжинд 7 000 000 төгрөгийг Э.Х надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь бага багаар төлье гэхэд нь Д.Бтой ярьж байгаад түүний банкны зээлийг Э.Хэр сар болгон төлүүлэхээр болсон. Бид хоорондоо амаар л тохиролцсон. Бичгээр гэрээ хийгээгүй. Байрны үнийг 45 000 000 төгрөгөөр тохирсон. Би өмнө нь ч Буянцогтод 45 000 000 төгрөгөөр зарсан байсан. Э.Х 2015 оны 11 сараас 2017 оны 12 сар дуусталх хугацааны зээлд 8 679 000 төгрөг төлсөн. Байрны мөнгийг бол Э.Х төлж байсан. Б бол ямар нэгэн мөнгө төлөөгүй. Гэтэл 2017 оны 12 сард байрыг чинь буцаая, Бтай муудалцсан, мөнгөө авъя гэж Э.Х хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, би зээлтэй байсан нь үнэн. Байрыг зарж байж мөнгийг чинь өгнө гэдгээ би хэлсэн. Э.Х 2018 оны 01 сараас эхлэн Д.Бын нэр дээрх зээлийг төлөхгүй болсон учраас би  зээлийг нь үргэлжлүүлэн 6 сар хүртэл төлж байгаад мөнгө нэмж хийгээд зээлийг нь төлж дуусгасан. Ингээд Д.Б бид хоёрын тооцоо дууссан. Одоо би байраа Д.Бын нэр дээрээс буцаан шилжүүлж өөр хүнд зарсан. Тэр хүнийхээ нэр дээр энэ байрны гэрчилгээг нь шилжүүлээд өгчихсөн байгаа. Д.Бын нэр дээр энэ байр одоо байхгүй. Э.Хэс авсан 7 000 000 төгрөгийг би өөрөө авсан учраас төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Д.Бын зээлийг төлсөн 8 679 000 төгрөгийг төлж чадахгүй, би энэ мөнгийг аваагүй. Д.Бын данс руу орсон учраас би хариуцахгүй. Э.Х байрыг минь худалдаж авна гээд өчнөөн сар жил үнэгүй амьдарсан, энэ хугацааг түрээсээр тооцож суутгамаар байна гэжээ.

                Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хамт ажилладаг Ө.Дгаас Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1-10 тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн орон сууцыг 2013 оны 11 сард худалдаж авахаар болсон. Тэгээд Хас банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч Ө.Дд өгсөн. Байр анх өргөтгөлгүй байсан бөгөөд өргөтгөл бариад өгчихвөл 20 000 000 төгрөг нэмж өгөхөөр болсон ба нийтдээ 45 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Гэтэл үлдэгдэл мөнгөө Ө.Дд төлж чадахаа больсноос гадна банкны зээлээ ч төлж чадахгүй болсон тул Ө.Дд хандаж байрыг  чинь авч чадахгүй боллоо, наймаагаа буцаая, чамд өгсөн мөнгөө авч зээлээ дармаар байна гэж хэлсэн. Ө.Д тэгэхэд байраа зарж байж таны мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд телевизэд зар өгч байсан, зарагдахгүй нэлээд удсан. Зарагдахгүй ч гэсэн ядаж түрээслүүлээд таны зээлийн сарын төлөлтийг хийж байя гэж хэлсэн. Ингээд 2015 оны намар Ө.Д Э.Х гэж хүнд зарахаар боллоо, таны зээлийн сарын төлөлтийг төлөөд үлдэгдэл мөнгийг 2016 оны хавар гэхэд бүрэн төлнө гэхээр нь би зарагдаж л байгаа бол хамаа алга гээд зөвшөөрсөн. Ө.Д та байраа суллаад өгөөрэй гэхэд нь би байрыг суллаж Э.Х байранд нүүн орж 3 жил гаруй хугацаанд амьдарсан.

Э.Х нь Д.Бын нэр дээрх зээлийн сар бүрийн төлөлтийг төлж нийтдээ 8 679 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Ө.Д нь Э.Хэс авсан гэх 7 000 000 төгрөгийг Бд өгөөгүй тул төлөх үндэслэлгүй. Э.Хийг зээл төлөхөө больсноос хойш зээлийг Ө.Д төлж байгаад дуусгасан бөгөөд Ө.Д Д.Б нарын тооцоо дууссан байдаг. Иймд Д.Бын хувьд Э.Хд төлөх тооцоо байхгүй. Мөн Ө.Д нь надад төлөх ёстой байсан мөнгөө Э.Хэр төлүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед дээрх байрны хууль ёсны өмчлөгч нь Д.Б байсан. Э.Х нь мөнгөө 2016 оны хавар өгнө гэсэн боловч өгөөгүй, өгнө гэж явсаар 2018 оны 01 сар гарсан. Ингээд шүүхэд хандаж байрнаасаа гаргуулахаар болсон боловч байр суллаж өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж байж 2018 оны 9 сард байрыг суллаж өгсөн. Э.Х нь ерөнхийдөө Д.Бын нэр дээр байшинд бүтэн 3 жил орчим буюу нийт 34 сар үнэгүй амьдарсан. Д.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах түрээслүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын “Авида Пропертис” ХХК-д Ө.Дгаар дамжуулан худалдан борлуулах талаар арга хэмжээ авч байсан. Гэвч Х худалдан авна гэсэн тул зар өгөөгүй байсан. Хг худалдаж авна гэж хэлж байранд орж амьдран эзэмшээгүй байсан бол өөр этгээдэд худалдах, түрээслүүлэх боломжтой байсан.

Иймд Э.Хэс 2015.11.01-2018.09.01-ний өдрийг хүртэлх нийт 34 сарын турш амьдарсан хугацааг нэг сарын 300 000 төгрөгийн түрээсээр тооцон нийт 10 200 000 төгрөгийг орох байсан орлого буюу хохиролд тооцон нэхэмжилж байна. Бид шаардлагаа нотлох үүднээс дээрх амины сууцыг бусдад түрээслэх үнэ ханшийн талаар эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ тогтоолгоход нэг м.кв байрны түрээсийн дундаж үнэлгээ нь 3053 төгрөг буюу 92 м.кв байрны нэг сарын түрээсийн дундаж үнэлгээ 280 876 төгрөг гэж гарсан. Мөн тухайн амины сууцны нийт хэмжээ 92,6 м.кв болохыг нотолсон баримтыг шүүхэд өгсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Бын гаргасан сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Б яаж хохирсон юм бэ гэдэг нь тодорхойгүй. Д.Б нь Ө.Д болон Э.Х нарын байгуулсан гэрээнд оролцоогүй, түрэээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, зөвхөн өөрийнхөө нэр дээрх зээлийг төлүүлнэ гэхэд нь зөвшөөрсөн байдаг. Э.Хийн хувьд өөрөө барилгын дотоод засал хийдэг хүн, Бтай хамт амьдарна, орон гэрээ бэлдэх зорилгоор байранд дахин засвар үйлчилгээ хийсэн байдаг. Үүнд нийт 1 700 000 гаруй төгрөгийн засвар хийсэн гэж хэлдэг. Үүнийг нэхээгүй. Э.Х ч гэсэн та нарт өгсөн 15 679 000 төгрөгийг бусдад хүүтэй зээлүүлсэн бол тодорхой хэмжээний орлого олж болох л байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэрээр:

1/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.Дгаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаварт 15 679 000 /арван таван сая зургаан зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Хд олгож, хариуцагч Д.Бод холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон, хариуцагч Д.Бын гаргасан Э.Хэс орох байсан орлогод 10 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 236 350 төгрөг, хариуцагч Д.Бын сөрөг нэхэмжлэлд төлсөн 178 150 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ө.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 236 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Хд олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Анхан шатны шүүх ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Д.Б Ө.Дд хандаж хувийн орон сууц худалдан авах тухай хэлцлээс татгалзах талаар амаар хэлсэн боловч Ө.Дгийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэрээнээс татгалзах талаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Ө.Дгийн хувьд “та өөр хүнд худалдаад өөрийн мөнгөө буцааж авах хэрэгтэй, надад бас мөнгөний боломж байхгүй байна” гэж хэлсэн учир Ө.Дтай ярилцаад хамтдаа худалдан авах хүн олохоор тохиролцсон юм. Хэрэв Ө.Д гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрсөн бол Д.Б нь тус амины орон сууц болон доорх газрын өмчлөх эрхийг түүнд шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Ө.Дд өгсөн мөнгөө шүүхээр нэхэмжлэх байсан. Нэгэнт худалдан авах хэлцлээс татгалзаагүй байсан учир өмчлөх эрх хэвээр үлдсэн бөгөөд тэд ярилцаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Авида Пропертис” ХХК-д амины орон сууцыг худалдах болон түрээслүүлэх тухай зар өгч худалдан авагч хайж эхэлсэн. Үүний дагуу Э.Х нь Ө.Дд хандаж амины орон сууцыг худалдаж авах саналыг гаргасан бөгөөд Ө.Д нь амины орон сууцны өмчлөгч болох Д.Бод энэ саналыг дамжуулж Э.Хтэй уулзуулсан. Д.Б, Э.Х нар тус амины орон сууцыг газрын хамт 45 000 000 төгрөгөөр худалдах талаар тохиролцсон байдаг. Э.Хийн хувьд урьдчилж 10 000 000 төгрөг төлөөд нүүн орж амьдрах, үлдэгдэл мөнгийг 2016 оны хавар гэхэд төлж барагдуулах саналыг гаргасан бөгөөд энэ саналыг Д.Б хүлээн зөвшөөрч амины орон сууцыг чөлөөлж, Э.Хийн эзэмшилд шилжүүлэн, үлдэгдэл мөнгийг бүрэн төлсний дараа уг орон сууц болон газрыг өмчлөх эрхийг Э.Хд шилжүүлэхээр тохиролцсон. Д.Бын хувьд амины орон сууцыг Э.Х худалдаж авна гэдэгт бүрэн итгэсэн учир үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Авида Пропертис” ХХК-д өгсөн зараас татгалзаж, өөр бусад этгээдэд ч хандаж уг орон сууцыг худалдах талаар санал гаргаагүй.

Гэтэл Э.Х нь тохирсон хугацаандаа уг орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй атлаа тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй амьдарсаар байсан. Д.Б арга буюу 2018 оны 06 сард Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “амины орон сууцыг Э.Хийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Э.Х тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир Д.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2018 оны 09 сард албадан чөлөөлүүлсэн. Өөрөөр хэлбэл Э.Х нь тус орон сууцанд амьдарснаас хойш 34 сарын дараа төрийн байгууллагын албадлагаар чөлөөлж өгсөн. Э.Х нь тус байранд 3 жил орчим ямар ч үнэ төлбөргүйгээр амьдарсан бөгөөд худалдаж авна гэж тохиролцсон хугацаа нь өнгөрчихөөд байхад элдэв шалтгаан тоочиж, заавал худалдаж авна хэмээн Д.Бод итгэл төрүүлж хүлээлт үүсгэж байсан. Энэ байдлаар Э.Х Д.Бын амины орон сууцанд амьдарч улмаар өөртөө ашигтай байдал бий болгож, Д.Бод алдагдалтай байдлыг үүсгэж ирсэн.

Анхан шатны шүүх “худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байсан учир гэрээнээс үүдэлтэй үүрэг, хохирол төлөх учиргүй” гэж дүгнэн Э.Хд амины орон сууцыг худалдаж авахад зориулж өгсөн 15 679 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нийгэмд маш буруу жишиг тогтоолоо. Учир нь иргэд хооронд орон сууц худалдан авах тохиролцоо хийхдээ нийт төлбөрийн багахан хувийг төлөөд үлдэгдэл төлбөрийг хэсэг хугацааны дараа өгөхөөр тохиролцон орон сууцанд нь ороод амьдрах тохиолдол элбэг байдаг. Гэвч тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэлгүй олон сараар тухайн орон сууцанд амьдарч үнэ төлбөргүй ашиглачихаад ямар ч үүрэг хүлээлгүй өмнө өгсөн мөнгөө буцааж аваад, орон сууц худалдсан иргэнийг хохироох явдал бий болно.

Энэ мэтээр хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй байдлыг ашиглан бусдыг хохироох явдлаас сэргийлж хууль тогтоогчид Иргэний хуульд нэгэн зохицуулалт хуульчилсан нь “Хуулийн дагуу үүсэх үүрэг” буюу тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг хүлээн авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “Хөрөнгө шилжүүлж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ. Үүнээс улбаалаад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан болон нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасан байдаг.

Д.Бын хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс үүдэлтэй  үүрэг гэж үзэн шаардаагүйг шүүх анхаарч үзсэнгүй. Э.Х нь Д.Бын амины орон сууцыг худалдан авахаар тохиролцоогүй байсан ч өөрийн хувьд амьдрах байр, орон сууц худалдан авах эсхүл түрээслэх байсан нь тодорхой бөгөөд энэ нь Д.Бын зүгээс орон сууцыг худалдаж авахгүй бол суллаж өг гэсэн шаардлагыг биелүүлэхгүй олон сараар амьдарч байснаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Э.Хд Д.Бын амины орон сууцанд 3 жил орчим амьдарснаар түүнд өөр байр түрээслэх хэрэгцээ гараагүй бөгөөд Д.Бын орон сууцанд амьдарч түүнийг эзэмшиснээр тухайн үл хөдлөх хөрөнгийн үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.Бын хувьд уг үр шимийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Ө.Д, Д.Б нараас 15 679 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ө.Д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 65, 79 дэх талууд/

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Э.Хэс 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 34 сарын турш амьдарсан хугацааг 1 сарын 300 000 төгрөгөөр тооцон 10 200 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Х эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 82-83 дахь талууд/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Д.Быг хамтран хариуцагчаар татжээ. /хх-ийн 65 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Нэхэмжлэгч Э.Х нь 2015 оны 11 сард хариуцагч Ө.Дгаас Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1-10 тоотод байрлах 92,9 м.кв талбай бүхий амины орон сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохирч, тухайн үедээ 7 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.

Мөн хариуцагч Ө.Д нь 2013 оны 11 сард дээрх амины орон сууцыг Д.Бод 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, Д.Б нь Хас банкнаас 25 000 000 зээл авч уг мөнгийг Ө.Дд өгч, амины орон сууцны өмчлөх эрхийг Д.Бод шилжүүлжээ.

Хариуцагч Ө.Д нь амины орон сууцаа нэхэмжлэгч Э.Хд худалдахдаа “Д.Бын нэр дээрх зээлийг сар бүр төлж байх” талаар санал гаргасныг Э.Х зөвшөөрч, 2015 оны 11 сараас 2017 оны 12 сарыг дуусталх хугацаанд нийт 8 679 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 3-30 дахь талууд/

Хариуцагч Ө.Д нь нэхэмжлэгч Э.Хэс бэлнээр авсан 7 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хариуцагч Д.Бын зээлийг төлсөн 8 679 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Ө.Дтай тохирсны улмаас түүний Д.Бод төлөх байсан 25 000 000 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг 8 679 000 төгрөгийг Д.Бод төлсөн учир энэ төлбөрийг хариуцагч Ө.Д төлөх хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага 15 679 000 төгрөгийг хариуцагч Ө.Дгаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагатай нийцсэн байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар “буцаан шаардах шаардлагад ...үр шим... хамаарна. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Д.Бын амины орон сууцанд амьдарч түүнийг эзэмшсэнээр үл хөдлөх хөрөнгийн үр шимийг хүртсэн” гэж үзэж үр шимийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон тухайн эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар зэрэг байдлуудаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үр шимийг гаргуулах үндэслэлгүй байна. Үр шим гэдэг ойлголт нь аж ахуйн зориулалттай, өөрийнхөө хэрэглээний явцад үр шимээ өгдөг хөрөнгийн хувьд яригдана. Тухайлбал, аж ахуйн зориулалтаар ашиглагддаг үйлчилгээний газрууд,  үр төлөө өгдөг мал зэрэг байж болно.

Маргааны зүйл нь амьдрах зориулалттай, дулааны шугамд холбогдсон, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй амины орон сууц юм. Хэрэгт авагдсан баримтаар өмнө нь энэ амины орон сууцыг түрээслүүлэх эсхүл хөлслүүлээд ашиг олж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл тухайн эзэмшиж байсан хугацаанд ашиг орлого, үр шим хүртэх байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг шаардах эрхгүй гэж үзэв.

Бусдын өмчлөлийн байранд амьдарсан гэдэг үйл баримт нь гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд ямар нэгэн төлбөр үүсэх шууд үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бын төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бын төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                         

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ