Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 142/шш2020/00244

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,964,857 төгрөг гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ******* биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 449 дугаартай шийдвэрээр ******* намайг Орхон аймгийн ******* биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилснээс хойш Орхон аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх гэж бодсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан боловч өнөөдрийг хүртэл намайг үүрэгт ажилд минь томилохгүй хохироож байна. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 449 дугаар шийдвэр 1,620,372 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1103 дугаартай шийдвэр 4,688,736 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийдвэр 1,827,228 төгрөгийг ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1070 дугаартай шийдвэрээр 4,381,886 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 707 дугаартай шийдвэр 5,192,160 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1255 дугаартай шийдвэр 4,240,548 төгрөг ажилгүй байсан хугацааны тэтгэмж нийт 13,814,594 төгрөгийг аваагүй байна.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөн бичилт хийгдээгүй.

2017 онд миний сарын дундаж цалин өмнөх шүүхийн шийдвэрээр 741,234 төгрөг гэж тогтоогдсон. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл ажлын 4 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-нийг хүртэл ажлын 21 хоног, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ийг хүртэл ажлын 23 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл ажлын 19 хоног, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл ажлын 22 хоног, нийт ажлын 89 хоног. Ажлын хоногийг тооцохоор 89 хоногийг 4 сард хуваах юм бол 22.25 болж байна. Үндсэн цалин 741,234 төгрөгт хуваахаар өдрийн дундаж цалин 33,313 төгрөг. Үүнийг 89 хоногт үржүүлэхээр 2,964,857 төгрөг болж байна. ажилгүй байсан хугацааны цалин 2.964.857 төгрөгийг нэхэмжилж байна.

741,234 төгрөг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдах үеийн цалингийн дундаж юм. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 24 дугаартай тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 5 дугаар хавсралтанд зааснаар ТҮБД-5-1 зэрэглэлийн цалин 820.151 төгрөг болсон. Ажлаа хийж байсан бол ажлын үр дүнгээ тооцуулан шатлал ахих, удаан жилийн нэмэгдэл нэмэгдэх боломжтой юм.

тушаалаар 2013 оны 04 дүгээр сард 02-ны өдөр ******* биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. 2019 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй 6 жил ******* биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлаар ажиллаж байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-нд зааснаар дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, 43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч гэж заасан. Нийгмийн даатгалын шийтгэл төлөгдөөгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт бичигдээгүйгээс тэтгэмжийг хөөцөлдөх боломжгүй байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 2,964,857 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,964,857 төгрөг гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугааартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00449 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон талаар зохигчид маргахгүй байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт эрх бүхий этгээдүүд гомдол гараагүй шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг ажилд эгүүлэн аваагүй байна.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул албадан биелүүлэх хүсэлт шүүхэд гаргасан байх ба Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу цалингаа нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх нийт 123 хоногийн цалин 4,240,548 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шийдвэр болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/01103 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн дундаж цалинг 741,234 төгрөгөөр тооцсон. Дээрх дундаж цалинг ажлын 21.5 хоногт хуваахад нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 34,476 төгрөг болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн дундаж цалинг 741,234 төгрөгөөр тооцоход 1 өдрийн цалин 34,476 төгрөг болж байх ба, үүнийг ажилгүй байсан 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцож 89 хоногийн цалин 3,068,364 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2,964,857 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч шүүх хуралдаанд дэмжсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 2,964,857 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хуувь тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэр нь зохих бичилт хийхийг хариуцагч даалгах үндэслэлтэй байна.

Харин 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэр нь зохих бичилт хийхийг хариуцагч даалгаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэр нь зохих бичилт хийхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,388 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,964,857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *******н 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч даалгасугай.

2.2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэр нь зохих бичилт хийхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 62,388 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН