| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00484/И |
| Дугаар | 139/ШШ2019/00482 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 139/ШШ2019/00482
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 139/ШШ2019/00482 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах Төрийн банк ХХК-ийн Дундговь салбар /5341469/-ын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай 139/2019/00484/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Түмэнзул, Н.Ууганбаяр нар нь ... 2018 оны 12 сарын 04-ний өдөр 221100156502 тоот зээлийн гэрээгээр 16000000 төгрөгийг авсан. Зээлдэгч Түмэнзул нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжих 3-7 тоот хаягт бүртгэлтэй байсан бөгөөд одоо тус хаягт оршин суудаггүй талаар багийн засаг дарга нь тодорхойлолт гаргасан. ...Н.Ууганбаярыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн албан тоот ирүүлсэн. Банк нь зээлдэгч О.Түмэнзул, Н.Ууганбаяр нартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргахад зээлдэгч нарын оршин суугаа хаягийг тодруулах шаардлагатай байгаа тул хариуцагч болох иргэн О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дундговь салбар нь хариуцагч О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Түмэнзул, Н.Ууганбаяр нар нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 10 сарын 08 өдрийн 07/38 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн Засаг даргын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 93 дугаартай тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн засаг даргын 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 545 дугаартай тодорхойлолтуудаар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийн13, 28-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-О.Түмэнзул /ЗЮ82021921/-ын Дундговь аймаг Адаацаг сум 4-р баг Сүм гэх хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Н.Ууганбаяр /ЗИ91021919/-ын Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 5-р гэх хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Зээлдэгч О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарын Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвтэй 2018 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан 221100156502 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-10 хуудас / зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Зуут овогт Оюунчимэгийн Түмэнзул /ЗЮ82021921/, Хаван овогт Наранцэцэгийн Ууганбаяр /ЗИ91021919/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Түмэнзул, Н.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА