2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1067

 

 

 

 

 

 

 

   2025        04          25                                   2025/ШЦТ/1067

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч А.Н,

Шүүгдэгч Ю.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Хэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403009210028 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Ю.Х.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “X” Аппартментын баруун урд талын замд явган хүний гарцан дээр явган зорчигч А.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр тоглолт үзчихээд явж байхдаа машинд мөргүүлсэн. Энэ ослын улмаас эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн. Тэр талаар баримтаа хэргийн материалд хавсаргасан байгаа...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14869 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3020 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 96-97 дахь тал/,

Яллагдагч Ю.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 121 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Тээврийн Прокурорын газраас яллагдагч Ю.Хэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ю.Хээс гэрчээр мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Ю.Хийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ю.Х нь Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр, X Аппартментын баруун урд талын замд явган хүний гарцан дээр 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ю.Х нь Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр, X Аппартментын баруун урд талын замд явган хүний гарцан дээр 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 1.157.230 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 3.024.681 төгрөгийн зардал гарсан, уг зардлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон, уг зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 16.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөр болон Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлж барагдуулсан байх тул түүнийг баримтаар хохирогчид төлөх төлбөргүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон, уг зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр шүүх гаргах нь зүйтэй гэж харж байна. Уг хэрэг нь 2024 онд гарсан, тухайн  үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үед тогтоосон байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг тогтоож гаргуулах саналтай байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэв.

Хохирогч А.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ю.Х нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэжээ.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад “…Энэ гэмт хэргийг: ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол…” гэж хуульчилжээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14869 дугаартай: “...А.Нын биед баруун 1, 2-р хавирганы бяцарч, хоёрлосон, 3-11-р хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, баруун бугалга, шуу, хоёр шилбэнд цус хуралт, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14869 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. А.Нын биед баруун талын олон хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарлын улмаас баруун уушгины няцрал, авчийлт, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн 5-р хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, баруун бугалга, шуу, хоёр шилбэнд цус хуралт, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. А.Нын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91 дэх тал/,

Яллагдагч Ю.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Явган хүний гарцан дээр явган зорчигч мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс явган зорчигч А.Нын эрүүл мэндэд шаардлагатай зардал мөнгийг тухай бүр гаргаж байгаа ба хохирогчтой маргаантай зүйл байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд эсрэг урсгалтай замын голд зогсоод урдаасаа хойшоо чиглэлийг харахад цагаан өнгийн Жийп машин зам тавьж өгсөн өөр машин харагдаагүй тэгээд тухайн машин зогсож зам тавьж өгсөн болохоор цааш үргэлжлүүлэн алхсан, тэгэхэд замын голын эгнээнээс гэнэт машины гэрэл гарч ирээд тухайн автомашин намайг мөргөсөн..., ...Тухайн зам нь гэрлэн дохиогүй явган хүний тэмдэглэгээтэй гарц байсан. ...Тухайн үед болсон зам тээврийн ослоос улбаатайгаар намайг мөргөсөн жолоочийн эхнэр гэх эмэгтэй манай нөхөртэй холбоотой байгаа ба эмчилгээний зардлыг тухай бүр гаргаж байгаа, цаашид өөрийн эрүүл мэндэд шаардагдах эмчилгээний зардал болон тодорхойгүй хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа учраас ажилгүй байх үеийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3020 дугаартай: “...“***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ю.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 96-97 дахь тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Ю.Хийн үйлдлийн улмаас хохирогч А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Ю.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Ю.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14869 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91 дэх тал/-үүдээр хохирогч А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч А.Нын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Дөрөвдүгээр зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэл нь тогтоосон байх бөгөөд хохирогч А.Н нь уг сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тэмдэглэсэн /хх-ийн 15 дахь тал/ байна.

Хохирогч А.Нын сэтгэцэд учирсан Дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Дөрөвдүгээр зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч А.Над хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын буй зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй  хүндрэлийг хэлэх юм.

Энэхүү нөхцөл байдлуудыг арилгаж, хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр тогтоон олгох эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд бэхжүүлсэн юм.

Иймд Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт “Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй”, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасанд нийцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан нь шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал 792.000 × 34 = 26.928.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Над олгохоор шийдвэрлэв.

Хохирогч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 1.157.230 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь уг зардлыг төлж барагдуулсан талаар хохирогч болон шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Хохирогч А.Н нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.024.681 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байх бөгөөд шүүгдэгч Ю.Х нь уг зардлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ю.Х нь хохирогч А.Над төлөх 26.928.000 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Хийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч А.Н нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ю.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялын бүсчлэлийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид учруулсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогч А.Н нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ю.Х нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Миний эрхэлдэг ажил нь жолоочийн ажил болохоор надад зорчих эрх хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 108 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ю.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч Ю.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ю.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, *** нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ю.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ю.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар Ю.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Х нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг *** газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ю.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ю.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 511 дугаар зүйлийн  511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Хээс 26.928.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Над олгосугай

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч А.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ю.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ