Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 18

 

Ц.С-т холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0391/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгч, иргэний

хариуцагчийн өмгөөлөгч             П.Батжаргал

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-гийн С-т холбогдох, 2018004140404 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай Б- овогт Ц-гийн С-. 

Прокуророос шүүгдэгч Ц.С-ыг 2020 оны 07 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас 3 ширхэг ургаа нарс мод буюу 2.47 м.куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэж **-** СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 3.166.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор:

үүгдэгч Б- овогт Ц-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Ц.С-т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-аас Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ЗИЛ-131 маркийн **-** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 2.47 м.куб нарс модыг улсын орлого болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б- овогт Ш-гийн Г-өөс 4.749.000 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

-Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоос ЗИЛ-131 маркийн **-** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С-, иргэний хариуцагч Ш.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг урьдчилан төлсний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 болон 5 дахь хэсгийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-аас тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулахдаа шүүгдэгчийн төлсөн 4,749,000 төгрөгөөс хасаж хохиролд нөхөн төлсөнд тооцож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “ ... хохирлыг нөхөн төлүүлэх... " зорилтод нийцэж байна.

Анхан шатны шүүх хохирлын хэмжээ болон иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хууль зөрчсөн талаар:

-Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т зааснаар ойн санд учирсан хохирлын үнэлгээг байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 3,166,000 төгрөгийн бодит хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр заажээ.

Анхан шатын шүүх хуралдаанд төрийг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцсон прокурор “Энэ хэргийн тухайд нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагчийн акт гараагүй тул хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй.

Иймд тус эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсын байцаагчийн акт гаргуулж, уг актыг үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна” гэж тайлбарлан бодит хохирол 3,166,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.

Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн хүрээнээс хальж, бодит хохирлыг 3 дахин нэмэгдүүлж гаргуулахаар шийдвэрлэж, хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

Өөрөөр хэлбэл хэдэн төгрөг нэхэмжлэх, нэхэмжлэлээ ихэсгэх багасгах, тэр байтугай эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргахгүй байх, дараа нь иргэний журмаар шийдвэрлүүлэх нь гагцхүү нэхэмжлэгчийн эрх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж, хохирлыг гаргуулахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Түүнчлэн “Ц- М-” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байхад иргэн Ш.Г-өөс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн санал: Шүүгдэгч Ц.С-ын төлсөн 4,749,000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 3,166,000 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Иргэн Ш.Г-өөс хохирол гаргуулах шийтгэх тогтоолын заалтыг “Ц- М-” ХХК-с... гэж өөрчилж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Ц.С-т холбогдох хэрэгт “Ц- М-” ХХК-ийн захирал Ш.Г-ийн оролцоог шалгах үндэслэлтэй гэж үзэж байна.

Уг хэрэгт байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг 3.166.000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2,, 49.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулах талаар хуульчилсан байхад уг нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон эрх бүхий улсын байцаагчийн акт гаргаагүй, хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх хохирлын 3.166.000 төгрөгийн дүнг 3 дахин үржүүлж тооцон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.С-, иргэний хариуцагч Ш.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар зорилго нь эхлээд хохирлыг нөхөн төлүүлэх түүнээс илүү гарсныг улсын орлогод оруулах байдаг. Анхан шатны шүүх иргэний хариуцагчаар татахдаа хууль буруу хэрэглэсэн. Хохирлыг 3 дахин нэмэгдүүлж оногдуулах нь байгаль орчны улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Энэ хэрэгт Ш.Г-ийн оролцоо байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна. Улсын байцаагч акт гараагүй байхад шүүх хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцсон нь хууль буруу хэрэглэсэн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.С-, иргэний хариуцагч Ш.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шийтгэх тогтоолыг болон хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:  Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.С-ыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас 3 ширхэг ургаа нарс мод буюу 2.47 м.куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэж **-** СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 3.166.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.С-аас прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ЗИЛ-131 маркийн **-** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 2.47 м.куб нарс модыг улсын орлого болгох, иргэний хариуцагч Ш.Г-өөс 4.749.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрх бүхий “Ц- М-” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас ой цэвэрлэх зорилгоор 190 м.куб модыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний хооронд 1 сарын хугацаанд бэлтгүүлж ашиглуулахаар Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангитай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 09 дугаартай Мод бэлтгэх гэрээ болон мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг байгуулжээ.

Гэтэл “Ц- М-” ХХК-д хөлсөөр ажиллаж байсан Ц.С- нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн бэлтгэх модыг тусгаарлалт хийлгэсэн талбай болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноён” гэх газраас бэлтгэж байхдаа тусгаарласан зөвшөөрөгдсөн талбайн зурвасын гаднах зөвшөөрөгдөөгүй талбайгаас 3 ширхэг ургаа нарс мод буюу нийт 2.47 м.куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, **-** СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт болжээ.  

Энэ үйлдлийн улмаас байгаль орчинд 3.166.000 төгрөгийн хохирол учирсан тухай Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 11 дугаар дүгнэлт гарсан байх боловч дан ганц энэ дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2., 3 дугаар зүйл, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.т зааснаар байгаль орчинд учруулсан хохиролд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулахаар хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 11 дугаар дүгнэлтэд үндэслэн улсын байцаагчийн акт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээд шатны прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүхийн гаргасан дүгнэлтээс ...хэрэгт улсын байцаагчийн акт гаргуулах шаардлагатай тул хэргийг прокурор буцааж өгнө үү.“ гэснийг хүлээн авах үндэслэлтэй, харин ...“Ц- М-” ХХК-ийн захирал Ш.Г-ийн оролцоог шалгах...гэснийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, “Ц- М-” ХХК-ийн захирал Ш.Г- нь мод бэлтгэх зөвшөөрлийг зохих журмын дагуу авч заагдсан талбайд хүмүүсээр мод бэлтгүүлсэн ба уг компанид хөлсөөр ажиллаж байсан Ц.С- нь өөрөө дур мэдэн зөвшөөрөгдсөн талбайн гаднах хэсгээс хууль бусаар мод бэлтгэсэн гэмт үйлдэл нь хангалттай, эргэлзээгүй нотлогдсон, мөн энэ гэмт хэргийг үйлдэх үед болон үйлдэхийг “Ц- М-” ХХК-ийн захирал Ш.Г- болон өөр  хэн ч Ц.С-т зөвлөөгүй, заагаагүй, хажууд нь байгаагүй, мэдээгүй байхад Ш.Г-ийг энэ гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэлээр шалгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн энэ гэмт хэрэгт Ш.Г- оролцсон гэх сэжиг таамаг, үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, үр дагаврыг хариуцан төлөх үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Ц.С-, иргэний хариуцагч Ш.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргалын ...Шүүгдэгч Ц.С-ын төлсөн 4,749,000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг хасаж тооцох, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 3,166,000 төгрөгөөр тогтоох, иргэн Ш.Г-өөс хохирол гаргуулах шийтгэх тогтоолын заалтыг “Ц- М-” ХХК-с гаргуулах., гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д “...энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг., 34.7 дугаар зүйлийн 6.2.т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, ... хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах;“-аар заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.д “... эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, ....хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”, 34.7 дугаар зүйлийн 6.2.т ...Прокурор хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн...тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар заасан байх тул давж заалдах шатны шүүх дээрх үндэслэл болон прокурорын санал дүгнэлтийг харгалзан үзэж хэрэгт улсын байцаагчийн акт гаргуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц-гийн С-т холбогдох, 2018004140404 дугаартай 2 хавтастай эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

           2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ц.С-, иргэний хариуцагч Ш.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ