Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

            Улсын яллагч Т.Ганзориг  

            Хохирогч Б.Адъяатогтох

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

            Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхтөр  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат  

            Шүүгдэгч Ц.Батмөнх нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Цогтбаатарын Батмөнхөд холбогдох 201714000142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

 Харчин овогт Цогтбаатарын Батмөнх, Монгол Улсын иргэн, 1962 оны 12 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, илчит тэрэгний тенхикч  мэргэжилтэй, Төмөр замын “Эрдэнэт Өртөө” Дипод туслах машинч ажилтай, ам бүл 7 эхнэр, охин, зээ, хүргэн, ач нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ФД62122413

            .

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  Орхон аймаг Баян Өндөр сум Дэнж баг Эвт төвийн урд талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21-55 ОРХ улсын дагаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтыг зөрчиж 22-82 ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Бат-Өлзийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Адъяатогтохын ... “тэр өдрийн өглөө 09 цаг өнгөрч ээж Бат-Өлзий, эгч Б.Эрдэнэтогтох, түүний нөхөр Х.Мөнхтөр, дүү Б.Хоролмаа, хүү 4 настай Ш.Билгүүн-Очир нарын хамт хүргэн ах Х.Мөнхтөрийн машинтай гэрээсээ гараад “Хүлэг” зах руу айраг авахаар явж байсан юм. Ингээд Дэнж дэлгүүр дээр зогсож юм авчихаад Дэнж багт байдаг Эвт худалдааны төвийн урд замаар явж байхад өөдөөс цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Машин сууж явсан бид нар жолооч Х.Мөнхтөрийг хурдаа багасга гэж хэлсэн юм. Тэгээд Мөнхтөр тэр машинаас зайлсхийж эсрэг урсгалд машин байхгүй болохоор эсрэг урсгал руу рулээ дарсан юм. Тэгээд эсрэг урсгалруу орж амжаагүй байхад тухайн машин манай машиныг ирж мөргөсөн юм. Тэрхэн зуур би шоконд орсон байсан. Нэг мэдсэн чинь ээж маань машины гадаа буучихсан зогсож байсан. Тэгээд жирэмсэн дүүгээ буулгаач гэж байсан. Манай дүү Хоролмаа 8 сартай жирэмсэн юм. Тэгээд би голд сууж явсан Хоролмаа дүүгээ түлхэж буулгасан юм. Тэгээд араас нь би хажуу талдаа суулгаад авч явсан хүү Билгүүн-Очирыг аваад буусан юм. Тэгсэн чинь ээж маань газарт ухаан алдаад унаад өгсөн юм. Яг ч ухаан алдсан гэхээргүй байсан. Юу ч ярьж чадахгүй амнаас цагаан хөөс гараад байсан. Тэр хавьд зогсож байсан нэг ах түргэн дуудсан юм. Тэгээд хүргэн Мөнхтөрийн куртикыг тайлаад ээжийн хүзүүн доор нь дэрлүүлсэн. 20-иод минутын дараа түргэн ирсэн. Эмэгтэй эмч ирээд өвчин намдаах тариа хийгээд ээжийг аваад явсан. Миний бие ээж дүү нарынхаа хамт амьдардаг байсан ээж маань ганцаараа ажил хийж бид нарыг тэжээдэг байсан энэ хэргийн улмаас ээжийгээ алдсандаа их харамсаж байна” ...  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

            2. Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 46 тоот дүгнэлтийн ... “21-55 ОРХ улсын дугаартай тоёото Вокси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Батмөнх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/ жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2 дахь хэсэг “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол нь 21-55 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Цогтбаатарын Батмөнх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 41 дүгээр хуудас/

3.Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 63 дугаартай дүгнэлтийн ... “2017 оны 03 сарын 23-ны өдөр гаргасан замын цагдаагийн тасгийн зохицуулагч / шинжээч/ цагдаагийн дэд хурандаа Я.Ганболдын гаргасан №46 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 21-55 ОРХ улсын дугаартай Тоёото Вокси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/ жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... 21-55 ОРХ цулсын дугаартай Тоёото Вокси маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Ц.Батмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна гэж комисс дүгнэв” гэсэн дүгнэлт. /хх-ийн 49-51 дүгээр хуудас/

 4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийн ... “Талийгаачид цээжний хөндийн битүү гэмтэл, зүүн талын 1,2,3-р хавиргануудын хоёрлосон хугарал, баруун талын 1-3-р хавиргануудын хугарал, зүүн талын 1-5-р хавиргануудын цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс ба зүрхний хөндийрүү нэвтэрч зүрхний булчинг хатгаж гэмтээсэн хугарал, үнхэлцэг хальс ба зүрхний булчингийн шарх, цээжний хөндий ба үнхэлцэгний хөндий дэх сул цус, цээжний зүүн талд шарх, хуйхны дотор тал, цээж, баруун бугалга, баруун тохой, шилбэний урд хэсэг, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт зэрэг шинэ гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үнхэлцэг хальс ба зүрхний булчингийн шарх нь зүүн талын хавиргануудын хугарлын үзүүрээр үүсгэгдсэн байхаар байна. Цээжний хөндийн битүү гэмтэл. Зүүн талын 1,2,3-р хавиргануудын хоёрлосон хугарал, баруун талын 1-3-р хавиргануудын хугарал, зүүн талын 1-5-р хавиргануудын цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс ба зүрхний хөндийрүү нэвтэрч зүрхний булчинг хатгаж гэмтээсэн хугарал, үнхэлцэг хальс ба зүрхний булчингийн шарх, цээжний хөндий ба үнхэлцэг хөндий дэх сул цус нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.10, 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, цээжний зүүн тал шарх, хуйхны дотор тал, цээж, баруун бугалга, баруун тохой, шилбэний урд хэсэг, зүүн өвдөг, зүүн гуянд үүссэн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэлүүд нь үхлийн шалтгаан болжээ. Талийгаач макро өөрчлөлтөөр гол судасны хатуурал архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаачийн цогцосноос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаач О /I/ бүлгийн цустай байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийн битүү гэмтэл, зүүн 1,2,3-р хавиргануудын хоёрлосон хугарал, баруун талын 1-3-р хавиргануудын хугарал, зүүн талын 1-5 дугаар хавиргануудын цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс ба зүрхний хөндийрүү нэвтэрч зүрхний булчинг хатгаж гэмтээсэн хугарал, үнхэлцэг хальс ба зүрхний булчингийн шарх, цээжний хөндий ба үнхэлцэгийн хөндий дэх сул цус, гэмтэл ба цус алдалтын шок болно... гэх дүгнэлт /хх-ийн 58-63 дугаар хуудас/ 

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 07-ны өдрийн  71 дугаартай дүгнэлтээр Ц.Батмөнхийн цусанд 1,8 хувь промель процент этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 146  дугаар хуудас/ 

6. Гэрч Х.Мөнхтөрийн ...  “тэр өдөр миний бие өөрийн эзэмшилийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Сонота-6 маркын 22-82 ОРО улсын дугаартай одоо Бэрс капитал ББСБ-ын нэр дээр байгаа машинаа жолоодоод хадам ээж Ц.Бат-Өлзий, эхнэр Эрдэнэтогтох, хадам дүү Адъяатогтох түүний хүү 4 настай Билгүүн-Очир, хадам дүү Хоролмаа нарын хамт Дэнж багаас уруудсан замаар хотын төвийн чиглэлд Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Эвт худалдааны төвийн урд явж байсан. Тэр өдөр зам талбайд ямар нэгэн халтиргаа гулгаагүй байсан. Ингээд явж байхад өөдөөс цагаан өнгийн гэр бүлийн жийп шиг машин урсгал сөрөөд яваад байсан. Тэгэхээр нь би түүнээс зугтааж зүүн гар тийш дарахад тэр машин ойртож ирээд бас өөдөөс зэрэг рулээ дараад амдаад ороод ирсэн. Тэгээд хоёр машин мөргөлдсөн юм. Тэр машин урсгал сөрсөн чигээрээ явсан бол миний араар багтаад гарах боломжтой байсан. Би түүнээс зугтааж эсрэг урсгал руу аргагүй эрхэнд орсон юм. Би өөрийн машиныг зогсоох гэж тормос гишгэсэн, миний машин бараг зогсох гэж байсан. Мөргөлдөөд зогссоны дараа хадам ээж машинаас буучихсан машин чинь зүгээр үү гэж байсан. Би өөдөөс нь та харин зүгээр үү гэж хэлсэн юм. Нөгөө машины жолооч бууж ирээд наад хүнээ эмнэдэг рүү аваад яваач гээд байх шиг байсан. Тэгээд машинаасаа үлдсэн хүмүүсээ буулгасан юм. Ингэж байхад хадам ээж муужраад унасан. Тэгэхдээ ухаан алдаагүй байсан би ямарч байсан түүний доод талд куртикээ тайлж дэвсэж өгсөн юм. тэгээд түргэн цагдаа дуудсан юм” ... гэх мэдүүлэг /хх-ийн 186-187 дугаар хуудас/,

7. Гэрч Н.Сандуйгийн ... “Тухайн өдөр хүлээн авахаар сэхээний тасагт өвчтөн ухаангүй хэвсэн байсан цээжний зүүн хэсэгт амьсгал сонсогдохгүй байдалтай цус багадалтын шинжтэй, холбогдох шинжилгээ хийж рентгэн зураг авахуулахад 2 талд олон хавирганы хугаралтай цээжний зүүн хэсэгт цээжний зүүн хэсэгт шингэн тодорхойлогдож байсан учир гуурс тавьж цээжнээс 1 литр гаран хэмжээний цус гарсан, шалгаж үзтэл цээжний зүүн талд 1-5-р хавирганы хугаралтай, хавирга хугарсан хэсэг үнхэлцэг болон зүрхийг нь нэвт цоолж зүрхний оройгоос баруун ховдол хүртэл урт шарх үүсч цус алдаж байсан” ... гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шижлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батмөнх мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Адъяатогтох мэдүүлэхдээ “Хохирлын хувьд 10 гаруй сая төгрөг төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Бидний хувьд эхийгээ алдсан их хэцүү байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхтөр мэдүүлэхдээ “Үнэлгээгээр тогтоогдсон 2,3 сая төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлгдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж. Шинэжаргал дүгнэлтэдээ “ Хохирлыг нөхөн төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Зохих ял шийтгэлийг оногдуулах үндэстэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “ Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгах шаардлагатай зйүлүүд байгаа. Хууль хэрэглээний хувьд 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, тэнсэж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Батмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  Орхон аймаг Баян Өндөр сум Дэнж баг Эвт төвийн урд талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21-55 ОРХ улсын дагаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтыг зөрчиж 22-82 ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Бат-Өлзийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Прокурорын газраас шүүгдэгч Ц.Батмөнхөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Шүүгдэгч Ц.Батмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

           

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харчин овгийн Цогтбаатарын Батмөнхийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Батмөнхөд олгож, жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг Ц.Батмөнхөд олгосугай.

 

            6.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батмөнхөд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС