Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0868

 

   2022          11          21                                   128/ШШ2022/0868

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**********нарыг оролцуулан “Б*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.У***************

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М************

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М........... нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “Б**********” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.  

2. “Б*********” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг Их тэнгэрийн аманд байрлах 0.76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаанд авч, 0160752 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан байна.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг тус тус үндэслэн “Б***********” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

2.3. “Б***********” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б************ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн байна. Тус албан бичгийг хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 09/2402 дугаар албан тоотоор “Б********” ХХК-д “...хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

2.4. Иймд, нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын нутаг болох Их тэнгэрийн аманд байрлах 0.76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай авсан. Газар ашиглах авснаас хойш ********** дугаартай гэрчилгээ болон газар ашиглах эрхийн гуравласан гэрээг байгуулж, хуульд заасан журмын дагуу ашиглахаар бэлтгэл үе шатын ажлуудыг хийж байсан. Газар ашиглах эрхээ авснаас хойш “Б*********” ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын Их тэнгэрийн аманд аялал жуулчлалын бааз, цогцолбор барихаар газрын байр зүйн зураглал болон инженер, геологийн судалгаа, дэвсгэр зураг, барилгын скиз зураг төслийг тус тус гүйцэтгэсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий тайлан, үнэлгээг хийхийг харьяалах байгууллагаар нь батлуулж байсан. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн  даалгаврыг батлуулсан. Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлтийг батлуулсан. Газар ашиглах эрхээ авснаас хойш 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах хүртэлх хугацаанд газрын төлбөр нийт 25,080,000 (хорин таван сая наян мянга) төгрөг төлсөн. Газрын төлбөрийн үлдэгдэлгүй болон хуульд заасан журмын дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж байсан. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан Дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж хориглосон үйл ажиллагааг явуулсан гэсэн үндэслэлээр “Б*********” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газрыг цуцалсан. Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас ирүүлсэн давхцалтай холбоотой зураг байдаг. Давхцалтай холбоотой зургаас харахад усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан бүстэй давхцалгүй, “Б*********” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газрын өмнөх хэсгээс нааш 0.76 га газар авсан байгаа нь харагддаг. Онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг боловч “Б**********” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.76 га газар бүхэлдээ давхцалгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зургаас харахад хэдэн м.кв газар давхцалтай эсэх нь  харагдахгүй байгаа боловч 50 хувиас доош нь давхцалтай байгаа нь харагдаж байна. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө “Б*********” ХХК-д сонсох, мэдэгдэх ажиллагаа хийж, хэдэн м.кв газар нь давхцалтай эсэх, аль хэсгээр давхцалтай эсэх, хэсэгчлэн цуцлах боломжтой эсэх, тухайн газрыг өөрчлөх боломжтой эсэх бүх нөхцөл байдлуудыг тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргаж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч компани газар ашиглах эрхээ авахаас өмнө Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар албан бичгээр “Б**********” ХХК-иас газар ашиглах эрх хүссэн хүсэлт байдаг ба тус хүсэлтэд өөр иргэн, хуулийн этгээдийн ашиглах эрхтэй газартай давхцалгүй, маргаан бүхий газар ашиглах эрх олгохыг дэмжиж байна гэсэн агуулга бүхий саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд  хүргүүлсэн. Тус саналыг үндэслэн газар ашиглах эрх авсан.” гэжээ.

4. Хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/164 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий тушаал гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6, Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалыг удирдлага болгосон байдаг. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд усан сан бүхий эргээс 50 метрээс доошгүй болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан байдаг. Онцгой хамгаалалтын бүсэд 40 хувь нь давхцалтай байгаа нь тогтоогдож байна. Онцгой хамгаалалтын бүсэд хориглох гэж байдаг. Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.9.11-д хориглох үйл ажиллагааг зохицуулсан байдаг ба орон сууц, үйлдвэр үйлчилгээ барих онцгой хамгаалалтын бүс, 3.9.12-д газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хориглоно гэж журамд тодорхой зааж өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд усан сан бүхий онцгой болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглоно гэж тодорхой зааж өгсөн байдаг. Иймд маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар “Б**********” ХХК-ийн 0160752 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2. Уг тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6, дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус үндэслэл болгосон байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох талаар нэг ч ажиллагаа хийгээгүй” гэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Бититэм” ХХК-д хаяглагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/2199 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Б********” ХХК-ийн Их тэнгэрийн аманд ашиглахаар авсан газрын эрхийг цуцлах болсон тухай мэдэгджээ.

5. Гэвч энэхүү мэдэгдлийг тус компани хүлээн аваагүй болох нь “М**********” ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09/455 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон, өөрөөр хэлбэл “...хамгаалалтын захиргаанаас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Б*******” ХХК, 102-8 тоот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо” хаягаар илгээсэн RD131831876MN бүртгэлийн дугаартай албан бичиг өгөхөөр хаягийн дагуу очиход заасан хаягт ийм байгууллага байгаагүй учраас мөн оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10:10 цагт ажилтан Б.А******** буцаан гардуулсан”... гэснээр тогтоогдож байна.

6. Өөрөөр хэлбэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь  “Б********” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, газар ашиглах эрх бүхий этгээдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулах, тайлбар гаргах боломж олгосон боловч нэхэмжлэгч албан ёсны бүртгэлтэй хаягтаа байгаагүйн улмаас дээрх мэдэгдлийг хүлээн авч чадаагүй байна.

7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Давхцалтай холбоотой зургаас харахад усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан бүстэй давхцалгүй, “Б*******” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газрын өмнөх хэсгээс нааш 0.76  га газар авсан байгаа нь харагддаг. Онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг боловч “Б**********” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.76 га газар бүхэлдээ давхцалгүй...” гэжээ.

8. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д ....Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно...” гэж заасан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус шүүхэд нотлох баримт болох /хх-ийн 180 хуудас/ “Б*********” ХХК-ийн зурган лавлагааг үзэхэд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хязгаарлалтын бүстэй давхцалтай  болох нь тус тус тогтоогдож байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан "Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.11-д ....орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах..." гэж 3.9.12-д "...газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй байна.

10. Энэхүү ******** дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/164 дүгээр тушаал нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан ба энэ тушаалын үндэслэл болсон “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан байна.

11. Түүнчлэн хязгаарлалтын бүс тогтоосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоол нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт болон уг актын үндэслэл болсон журам, тогтоол нь нэхэмжлэгч “Б**********” ХХК-д 0160752 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосноос хойш гаржээ.

12. Тодруулбал “Б**********” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, аялал жуулчлалын цогцолбор барихаар газрын байр зүйн зураглал болон инженер геологийн судалгаа, дэвсгэр зураг, барилгын эскиз зураг төслийн ажиллагааг гүйцэтгэсэн, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн, Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан, Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлтийг батлуулсан, 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд газрын төлбөрт нийтдээ 25,080,000 төгрөгийг төлсөн байна.   

13. Эндээс үзэхэд нэхэмжлэгч “Б***********” ХХК-д газар ашиглах эрх олгосноос хойш 40 хоногийн дараа . Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар "Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” батлагдан гарсан, уг журам гармагц нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах асуудлыг шийдвэрлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүйн улмаас тухайн газрыг тодорхой хугацаанд ашиглахаар холбогдох зардал гаргасан байх бөгөөд хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан Б********* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                           ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА