| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00440/И |
| Дугаар | 139/ШШ2019/00434 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 139/ШШ2019/00434
| 2019 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 139/ШШ2019/00434 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Адаацаг сумын Ар-Урт 2-р багт оршин суудаг, Барга овогт Дашзэвгийн Батдэлгэр /ЗА61100510/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Батдэлгэр миний бие 1982 оны 9 сараас 1992 оны 12 сар дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг хувьцаат компанид эм хонь, ямаа маллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, шаардлага хангахгүй байгаа тул 1982 оны 8 сарын 20-ны өдрөөс 1989 оны 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Батдэлгэрийн Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1984 оны 9 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 6 сараас 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай Д.Батдэлгэртэй холбогдох баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 309 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 2/82 дугаартай Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д.Батдэлгэрийн 1983-1986, 1988, 1990-1991 оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон нь үнэн болно гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 08/545 дугаартай Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 4-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 309 дугаартай тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1984 оны 9 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 6 сараас 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай Д.Батдэлгэрт холбогдох баримт байхгүй байна гэх тодорхойлолт
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 8 сарын 3-ны өдрийн 6994 дугаартай Д.Батдэлгэр нь БХЯ-ны сайдын 1979 оны 6 сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1979 оны 6 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1982 оны 6 сарын 9-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 8 сарын 19-ний өдөр 390282 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа
-Д.Батдэлгэрийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 1-5 сар, 1991 оны 1 сараас 1994 оны 1 сар хүртэл, 1995 оны 3 сараас 2000 он 12 сар дуустал нөхөн тооцсон тухай 0814000182 дугаартай баталгаажилтын хуудас
-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Д.Батдэлгэрт 1982 оны 8 сарын 13-ны өдөр олгосон, 1983-1985 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Д.Батдэлгэрийн 1983, 1984, 1985, 1986, 1988, 1990, 1991 онд цалин авч байсан баримтууд
-Гэрч Г.Мөнхтөрийн ...Д.Батдэлгэр нь 1979 онд цэрэгт яваад 1982 онд цэргээс ирсэн. 1982 оны 6 сараас 1990 он дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд төллөх мал маллаж байсан. Би 1977-1980 он хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн уурын зууханд слесариар ажиллаж байсан. 1980-1983 онд цэргийн алба хаасан. 1983-1987 онд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн туслах үйлдвэрт тэжээлийн машины механикчаар тус тус ажиллаж байсан. Бид нэг нутагт амьдарч байсан, нэг нэгдэлд ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна... гэх мэдүүлэг
-Гэрч Ц.Нацагдоржийн ...Д.Батдэлгэр нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1982 оны 8 сарын 20-с оос 1990 оны 6 сарын 1-ний хүртэл, 1990 оны 6 сарын 1-ний өдрөөс 1996 он дуустал бага мал маллаж байсан. Эцэг Дашзэвгийн хамт мал маллаж байсан хүн. Эцэг Дашзэвгэ нь хөдөлмөрийн баатар, ажилсаг хүн байсан. Би 1978-1983 онд Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор, 1983-1991 он дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд тракторын жолоочоор, 1991 оноос хойш одоог хүртэл малчин байгаа хүн. Бид нэг нутагт амьдарч байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна... гэх мэдүүлэг
-Гэрч С.Цогтын ...Д.Батдэлгэр нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оноос 1991 он хүртэл бага мал маллаж байсан хүн. Би 1989-2003 он дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, Амьдралын туг хоршоонд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид нэг нутагт амьдарч байсан, нэг нэгдэлд ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна... гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Батдэлгэр нь 1982 оны 8 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Барга овогт Дашзэвгийн Батдэлгэр /ЗА61100510/ нь 1982 оны 8 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ