| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/1069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1165 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.А |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Э.Анударь,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24************ дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** хороот суманд төрсөн, 2* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ээж, эгч, * дүүгийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, *** 1 дүгээр гудамж, *** тоотод оршин суух,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
*** овогт *** *** /РД: ********* /.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 413 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
2.1. Шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр утас байсныг нь авсан. Буцаж орж ирээд асуухаар нь байхгүй гэж хэлээд гаргаснаа санахгүй байгаа. Тэр өдөр ачаалалтай ганцаараа ажиллаж байсан болохоор сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
-Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны шөн миний ээжийн түрээслэн ажиллуулдаг караоке болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” караокед зөөгч хийж байсан ба тус караокегоор 2 залуу 2 эмэгтэй үйлчилүүлэхээр орж ирсэн юм. Тухайн залуучууд 1 цаг үйлчилүүлээд гарсан ба тухайн залуучуудыг гарахаар нь үйлчлүүлж байсан 1 номерын өрөөний бохирыг цэвэрлэхээр орсон. Гэтэл буйдан дээр хар саарал өнгөтэй импникс маркын гар утас байсан би тухайн гар утсыг аваад такен доор аваачиж тавьсан. Тухайн залуучууд удалгүй эргээд ороод ирсэн ба манай караокегоор их хүмүүс үйлчилүүлж би ганцаараа ажиллаж байсан гэтэл тухайн 1 номерын өрөөнд үйлчилүүлж байсан залуу орж ирээд гар утас харсан уу гар утсаа үлдээцэн байж магадгүй байна ороод үзчихэе гэж хэлсэн би хариуд нь мэдэхгүй гэж хэлээд ороод үз гэж хэлсэн. Тухайн залуучууд орж үзээд гараад явчих шиг болсон. Би маргааш нь тухайн гар утсыг авч яваад зүс таних залуу болох Баагий гэх залууд 200.000 төгрөгний өртэй байсан ба тухайн залууд караокеноос олсон гар утсыг өгчихсөн. Тухайн өдрөөс 7-8 хоногийн дараа цагдаагаас ярисан ба дуудсан өдөр нь очих гэсэн боловч гар утсыг аваад очие гэж бодсон боловч тухайн гар утсыг өрөнд бодож өгсөн Баагий хятад явчихсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал)
2.2. Хохирогч ***-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би тэр өдөр утсаа орхичихоод буцаж орж ирээд өөрөөс нь асуусан. Тэгсэн чинь өрөөндөө ороод үз ээ гэхээр нь орж үзээд шалгахад байхгүй байсан. Камер шүүгээд үзэж болох уу гэсэн чинь камер одоогоор ажиллахгүй байгаа гэсэн. Маргааш нь ирсэн чинь нэг эгч, ах хоёр байсан. Тэр хоёр хүн ээж, дүү нь болж таарсан. Тэгээд энэ хүнтэй холбогдоод утсаа авъя гэсэн чинь энэ хүн Тэрэлжид байгаа ирэхээр нь холбогдоод аваад өгье гэсэн. Тэрнээс хойш тэгээд алга болчихсон. ...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Бүжин төвд байх караокед 00 цагийн үед ороод 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 цаг хавьцаа гарч ирсэн. Гарч ирээд утас байхгүй байгааг мэдээд буцаад өрөө рүүгээ орж үзэхэд гар утас байгаагүй, зөөгч залуугаас асуухад байхгүй гэж хэлж байсан. Би Теди гар утасны худалдааны төвөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,099,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн караоке нь ганцхан ВИП өрөөтэй байсан. Тэр нь 7-р өрөө гэж байсан. Бид нарын дараа орсон зөөгч залууг сэжиглэж байна. Би маргааш нь тухайн газар очиж хяналтын камерыг нь үзэхэд 7-р өрөөний буйдан дээр үлдээсэн миний гар утсыг авч байгаа нь бичигдэж үлдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
2.3. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Дамно үнэлгээ” ХХК-ийн БГ1- 24-85 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд Infinix Note 30 Pro загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны байдлаар 879,200 (найман зуун далан есөн мянга хоёр зуун) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-22 дахь тал),
2.4. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бүжин” төвийн караокены өрөөний хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсныг үзэхэд, “2024.03.16-ны 00 цаг 40 минут 26 секундэд тухайн караокены зөөгч *** орж ирж байгаа нь, 00 цаг 40 минут 34 секундэд зөөгч *** гар утсыг авч байгаа нь, 00 цаг 40 минут 35 секундэд зөөгч *** гар утсыг зүүн өмдний халаасанд хийж байгаа нь тус тус бичигдсэн байв” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-38 дахь тал),
2.5. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-32 дахь тал) зэргийг шинжлэн судалсан болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хууль зүйн дүгнэлт.
5.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.
5.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийхэд, шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бүжин” төвийн караокены 7 дугаарын өрөөнд үйлчлүүлж байгаад орхиод гарсан *** эзэмшлийн Infinix Note 30 Pro загварын гар утсыг авч, тухайн эд зүйлийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн хяналтаас гарсан, гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад захиран зарцуулсны улмаас хохирогч *** 879,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч *** мэдүүлэг, шүүгдэгч *** мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
5.4. Шүүгдэгч *** хохирогч *** Infinix Note 30 Pro загварын гар утсаа караокений өрөөнд мартаад явсан буюу хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн хяналтаас гарсан, гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж, 879,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Энэ зүйл, хэсэгт заасан “Завших” гэдэг нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч, бусдад захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
5.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьект нь бусдын өмчлөх эрх байх ба обьектив талын шинж нь бусдын эд хөрөнгийг төлбөр тоонооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг завшсан идэвхтэй гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. *** хохирогч *** эзэмшлийн Infinix Note 30 Pro загварын гар утсыг бусдад дамжуулан өгч завшсан буруутай үйлдэл болон хохирогчид учирсан 879,200 төгрөгийн хохирол хоёрт шууд шалтгаант холбоо тогтоогдсон байна.
5.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг бага хэмжээний хохирол гэж үзнэ. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар Infinix Note 30 Pro загварын гар утасны үнэлгээг 879,200 төгрөгөөр тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан бага хэмжээнээс дээш хохирлын хэмжээнд хүрч байна.
5.7. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, аль ч улсын харьяалалгүй хувь хүн байна. *** нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх бөгөөд түүний сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5.8. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан. Шүүгдэгч *** үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй.
5.9. Иймд шүүгдэгч *** хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Хохирол, хор уршиг.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
6.2. Шүүгдэгч *** Infinix Note 30 Pro загварын гар утасны хохирлын үнэлгээ нь уг гэмт хэргийн хохирлын дүнг илэрхийлж байгаа, уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 879,200 төгрөгийг гаргуулж, хохирогч *** олгохоор шийдвэрлэлээ.
7. Эрүүгийн хариуцлагын талаар.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
7.3. Улсын яллагчаас “...шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” саналыг,
7.4. Шүүгдэгч *** “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. 7 хоногийн хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэсэн саналыг тус тус гаргасан.
7.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/, бусдад учруулсан хохирлын хэмжээ /879,200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлбөр төлөгдөөгүй/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 2 удаа ял шийтгүүлсэн зэргээс дүгнэхэд улсын яллагчийн ялын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
8. Шийдвэрлэвэл зохих бусад асуудал.
8.1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
8.2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** *** гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *** 879,200 төгрөгийг гаргуулж, хохирогч *** олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ