| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/04030/и |
| Дугаар | 102/ШШ2019/01517 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2019/01517
| 2019 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2019/01517 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ..-ын баруун талд байрлах, регистр ..., Б... ХК,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...-р хороо, ...-р хэсэг, Г.... байр 17/6 тоотод оршин суух, регистр ...., Х... овогт Б...ын Д...,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ....-р хороо, Үйлдвэрийн гудамж ...-р байр ... тоотод оршин суух, регистр .., Х... овогт Б.ын О.. нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ....-р хороо, ...-р хороолол, 1... тоотод байрлах, регистр ..., Б... ХХК,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Эрхүүгийн гудамж ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт П.ийн Х.,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Эрхүүгийн гудамж ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б. овогт П.ийн Х. нарт холбогдох төсөл худалдах, худалдах авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ цуцалснаас учирсан хохирол газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүд гаргуулах, хохирол 9 167 610 000 төгрөг гаргуулахыг хүссэн,
Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч нарт холбогдох гэрээний дагуу шилжүүлсэн 1 205 000 000 төгрөг, 615 322 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохиролд 5 728 487 738 төгрөг, Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г.. хотхоны ... дугаар байрыг П.Х...д буцаан шилжүүлэхийг хүссэн,
Гуравдагч этгээд Ж... ХХК-ний нэхэмжлэгч нарт холбогдох ... тоот хаус, ... дугаар байрны ... тоот орон сууц, гаражийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан шаардлагатай хэргийг хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И.., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М..., Ц.Ж..., хариуцагчийн өмгөөлөгч Э.С., гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Н.И... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэр Б... ХК-ний эдэлбэр газарт барих орон сууцны С... хороолол төсөл нь Засгийн газрын 100 мянган айл, орон сууц хөтөлбөрийн хүрээнд Шинэ бүтээн байгуулалт Нийслэлийн засаг даргын зорилтот хөтөлбөрт хамрагдах болж Засгийн газрын 2011 оны 05-р сарын 03-ны өдрийн 149 дүгээр, 2013 оны 03-р сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоол гарч төсөл хэрэгжих болсон. Энэ төслийг худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх талаар Б... ХХК-ний эзэн П.Х..., П.Х... нартай харилцаан тохиролцож 2013 оны 5-р сарын 13-ны өдөр Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ нь 2017 он хүртэл хэрэгжих ёстой байсан ч хугацаандаа хүрээгүй. Талууд гэрээ хийснээр нэхэмжлэгч газар болон газар дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгч, хөрөнгө хүлээлцсэн тухай акт үйлдсэн. Нөгөө тал төслийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой төлбөрийг графикийн дагуу төлөх ёстой байсныхаа дагуу төлбөрөө хийж эхэлсэн. Гэтэл 2017 оны 03-р сарын 01-нд Б... ХХК гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцалсантай холбоотой дараах 4 шаардлага гаргасан. 1-рт Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутагт орших 94 200 м.кв газар эзэмших эрхийг Б... ХК-д шилжүүлэн олгох, 2-рт дээрх газарт байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай, нураагаагүй 1221 м.кв талбай бүхий корпус, үйлдвэрийн зориулалттай 648 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, хагас нураагдсан 930 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийг шилжүүлэн гэрчилгээг буцаан авах, 3-рт төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч талд шилжүүлсэн БГД-ийн ... дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн болон төсөлтэй холбоотой бүх баримт бичиг, тамга тэмдэг, техник хэрэгслийг хариуцагч талаас гаргуулах, 4-рт төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрчилгээтэй 11 ширхэг, гэрчилгээгүй 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас хариуцагч тал 15 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүрэн нураасан, үлдсэн нураагаагүй үлдсэн, хагас нураагдсан гэх барилгын үнийг хасаад 6 352 185 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шаардлага байна. 4 дэх шаардлагын хувьд Бөөний худалдаа ХК нь энэ гэрээг хийхдээ өмнөх түрээслэгч нартай байгуулсан байсан гэрээгээ цуцалж, төлбөр тооцоог дуусгаж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, олох байсан орлогоороо хохирсон тул 625 219 000 төгрөгийг 4,4 жилээр тооцоход 2 750 964 000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байна. Хариуцагч төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу Гэрэлт хотхоны ... тоот байрлах хаус өгсөн. Уг хаус нь хүн амьдрах нөхцөлгүй мөөгөнцөрдсөн, дээвэр нь нурсан байсан тул манайхаас эдгээрт засвар хийсэн байдаг. Иймд засвар хийсэн зардал 64 460 567 төгрөг нийт 9 167 610 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад олох байсан орлогоо өнөөдрийг хүртэл тооцоогүй, нураагаагүй үлдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнийг мөн нэхээгүйг дурдмаар байна. Гэрэлт хотхоны ... тоот хаусыг хүлээлгэж өгөхөд хана, дээвэр болон гараашийн хэсэгт мөөгөнцөр үүссэн, хүн амьдрах боломжгүй байсан тул эдгээрийг зассан. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэтэл хариуцагч төлбөрийг графикийн дагуу төлж эхэлсэн боловч 2017.03.01-нд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдсэн. Гэтэл хариуцагч төлбөрт тооцож өгсөн бидний эзэмшил, ашиглалтад шилжсэн, хүн амьдарч эхэлсэн үед хаусны цахилгаан, дулааныг тасалж эхэлсэн. Энэ үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шаардлагаасаа татгалзсан. Гэрээ цуцалснаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч Э.С... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд тохиролцоо байсан нь үнэн. Гэрээний дагуу өгсөн авсан эд хөрөнгө, олох байсан орлоготой холбоотой шаардлага гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 94.200 м.кв бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нураагдаагүй үлдсэн 3 барилгын үл хөдлөх гэрчилгээг буцааж шилжүүлэх, гэрээгээр 2013 оны 05-р сарын 16-ны өдөр 20 ширхэг бичиг баримт, тамгыг буцааж өгөхөд татгалзал байхгүй, зарим бичиг баримтын хувьд хуулбар үнэн дарагдсан байдлаар хүээж авсан тул энэ хэлбэрээр нь буцаан өгөхөд татгалзал байхгүй. Харин 4 дэх шаардлагын тухайд зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд гэрээ хийгдсэн, Б.... ХК-ийн ТУЗ-ын хурал хийгдсэн бөгөөд эдгээр барилгууд нь сүүлийн 5 жил ашиглаагүй, дахин ашиглах боломжгүй, төвийн шугамд холбогдоогүй, 1950-1960 оны үед баригдсан барилгууд байгаа талаар яригдсан, улмаар хөрөнгө оруулаад хамтран ажиллах таатай байгаа талаар талууд ярилцсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнийг 110 сая төгрөгөөр үнэлээд Б... ХХК-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг. Талууд 2013 оны 5-р сарын 17-нд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх талаар шийдсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ нь бараг жилийн дараа гарсан. Нэхэмжлэгч ямар нэгэн эрхийн доголдолгүй бичиг баримт хүлээлгэн өгөх ёстой байсан. Газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг. Нэг нь бүтэн төмөр зам орсон, бас хагас төмөр зам орсон. Дулааны шугам оруулах талаар ярилцаж байсан ч улсын төсвөөр бүрэн санхүүжүүлэх боломжгүй гэсэн тул Б... ХХК бүрэн санхүүжүүлсэн. Газар дээр ашиглах боломжгүй саад болж байгаа зүйл нь ОБЕГ-ийн агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг нэхэмжлэгч талд хандсан ч шийдэж өгөөгүй. Төмөр замыг бүрэн нүүлгэх боломжгүй, 2016 оноос Б... ХХК нь газар шорооны ажлаа хийж эхэлсэн ч нэхэмжлэгч тал ямар ч санаачлага гаргаагүй, холбогдох асуудалд арга хэмжээ авч шийдвэрлээгүй. Мөн 7 тэрбум гаруй төгрөгийг үнэлгээний тайлангийн хавсралт 2-ыг үндэслэн нэхэж байгаа боловч ийм хэмжээний мөнгөний талаар огт заагаагүй, байхгүй. М... ХХК нь 2013.03.03-2013.03.30-ны хооронд үнэлгээний ажил хийж, тайлангаа гаргасан. Тухайн үед үнэлгээ хийгдсэн бол яагаад хэрэгт авагдаагүй, 2013 онд үнэлгээ хийсэн бол хариуцагчид танилцуулаагүй юм бэ гэсэн асуудал байгаа. М... ХХК-ийн тайланд тамга тэмдэг дарагдаагүй, дараа нь нөхөн хийсэн гэдэг, тамга нь 2 өөр нэг нь М... ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөгөө М... ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, 2 өөр регистрийн дугаартай, 2 өөр тамга байсан. Хуульд зааснаар бол улсын бүртгэлд нэг компани 1 л тамга, регистрийн дугаартай байх ёстой. Улсын бүртгэлийн лавлагаа авахад уг компани нь 2016 онд байгуулагдсан байсан. Гэтэл 2013, 2014 онд үнэлгээ хийгээд тайлан гаргаад байгаа нь эргэлзээтэй байна. Дээрх баримтуудаас үнэлгээний тайланг хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардаад байгаа 6 гаруй тэрбум төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэл нь эргэлзээтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэн орлого олдог байсан гэж төлбөр нэхэмжилсэн. Гэтэл ТУЗ-ийн хуралдаан дээр сүүлийн 5 жил тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй талаар яригдсан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо, татварын байгууллагад төлсөн төлбөр, татварын тайланг үзэхэд үүнтэй холбоотой баримт байхгүй. Төрийн өмчийн хорооны 2007 оны тогтоолын 1 дүгээр хавсралтаар 1 м.кв түрээсийн үнийг тогтоосон ч 2016 онд цуцалсан. Ингээд 4,4 жилийн орлого нэхэж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн шаардлага буюу засвар хийсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайхаас загварын байрыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн нь үнэн шууд ороод амьдрах боломжтой байсан. Тэрнээс биш нэхэмжлэгч талын яриад байгаа шиг гараашийн хаалга солих, плита наах гэх мэт засвар хийх шаардлага байгаагүй. Манайхаас нэхэмжлэгчийн шаардлагаас 1, 2, 3 гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 дүгээр шаардлагын хувьд бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эрхийн ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх ёстой, үүргээ гүйцэтгээгүй, засан сайжруулах арга хэмжээ аваагүй тул манайх гэрээ цуцлах албан бичиг өгсөн. Хариуцагч гэрээний үүрэг гүйцэтгэсэнтэй холбогдох төлсөн мөнгөө Б.Д..., Б.О... нарт төгрөгөөр болон доллараар шилжүүлсэн. Иймд 1 205 672 000 төгрөг, 627 000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Ашиглах боломжгүй болсон барилгыг буулгаад тухайн газарт дулааны дэд бүтцийн ажил эхлүүлсэн нь Бөөний худалдаа ХК-д ашигтай нөхцөл байдал болсон. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Г... хотхоны ... тоот, 17/7 тоот байрууд, ... дугаар байрны ... тоот байр, гараж шилжүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ... тоот, .... дугаар байрны ... тоот байр, гаражийг гуравдагч этгээд Ж... ХХК-д олгуулж өгнө үү гэж өөрчилсөн. Харин 17/5, 17/7 дугаар байрыг Хурцад буцаан олгуулж өгнө үү. Гэрээ болон төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Б... ХХК-иас багагүй зардал гарсан, санхүүгийн бүхий л тооцоо, нотлох баримтыг хэрэгт өгсөн. Хөрөнгийн үнэлгээний компанитай гэрээ хийж холбогдох үнийг тогтоосон. Дулааны шугам сүлжээг татахад 1 088 014 204 төгрөг, Ө... ХХК-иар хамгаалалтын ажил гүйцэтгүүлсний зардал, кран худалдах авсан, зураг төсөл хийлгэх, түлшний зардал, ажилчдын цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зардал, зураг төсөл хийлгэсэн зардал, геодезийн судалгаа хийлгэсэн зардал гээд нийт 5 728 487 738 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч мөн тодруулсан. 1-р шаардлагын хувьд 1 205 000 000 төгрөг, 627 000 ам долларыг Б.Д..., Б.О... нарт шилжүүлсэн тул гаргуулах нь талууд гэрээгээ цуцалж байгаа бол өгсөн, авснаа буцаах байх. 2-р шаардлагын хувьд түр хугацаагаар ашиглуулж байсан гээд байна. Гэрэлт хотхоны хаусуудыг жинхэнэ эзэмшигчид буцаан өгөх гэсэн байна. Өндөр үнээр өгсөн эдгээр хаусыг буцаан өгөхөд татгалзахгүй. харин өгөхдөө хийсэн засварын зардлаа хасаж тооцно гэдгээ хэлсэн. 3-р шаардлагын хувьд зардал буюу хохирол нэхээд байх шиг байна. Ямар учраас 5 тэрбум төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй, үндэслэлээ бичээгүй байсан, одоо тайлбараа хэлж байна. Тэгэхээр нэгэнт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил, төсөл хэрэгжүүлсэн учир төрийн эрх байгууллагын санхүүжүүлэлтээр хийгдсэн ажил байсан. Төслөөр хийгдсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. Манайх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбараа тус бүрээр нь гаргаж өгсөн байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж... ХХК-ний өмгөөлөгч П.С... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа: 2018 оны 9-р сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан Г.... хотхоны ... тоот хаус, ... дугаар байрны ... тоот орон сууц, гараашийн хамт Б.Д..., Б.О... нарын хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан. 25 дугаар байрны 51 тоотын хувьд 2018 оноос Ж... ХХК өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нар энэ байртай холбоотой шаардлагыг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан. Өнөөдөр мөн л бие даасан шаардлагаараа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй байгаа тул Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу шаардах эрхтэй тул ... тоот хаус, ... дугаар байрны .... тоот орон сууц, гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлагат гаргасан тайлбартаа: Орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажлыг 2013 оны гэрээний дагуу хийсэн. Төслийн эрх шилжүүлэх талаар талууд тохиролцоод төлбөрийн зарим хэсгийг өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөрөө төлөхөөр тохиролцоод ... тоот хаус, ... дугаар байрны ... тоот орон сууц, гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг өгсөн. Үүнийгээ Ж.... ХХК нэрээр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл гуравдагч этгээд 2018 онд өмчлөгч болсон гэж байна. Хууль бусаар ашиглаж байгаа зүйл байхгүй, гэрээний дагуу төлбөртөө тооцож шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай зарим хэсэг нь гуравдагч этгээдийн гаргасан шаардлагатай давхцаж байгаа. Тиймээс буцаан шилжүүлэх ёстой хөрөнгийг өгөхөд татгалзахгүй, гэхдээ хууль бус эзэмшиж байгаа зүйл байхгүй. Нэгэнт буцаан өгч байгаа тул нүүлгэн гаргах шаардлага байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б... ХК, Б.Д..., Б.О... нар нь Б. ХХК, П.Х.., П.Х... нар холбогдох төсөл худалдах, худалдах авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ цуцалснаас учирсан хохирол газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүд гаргуулах, хохирол 9 167 610 000 төгрөг гаргуулах, хариуцагч нар нэхэмжлэгч нарт холбогдох гэрээний дагуу шилжүүлсэн 1 205 000 000 төгрөг, 615 322 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохиролд 5 728 487 738 төгрөг, Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г... дугаар байрыг П.Х..д буцаан шилжүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Ж... ХХК нь ... тоот хаус, ... дугаар байрны ... тоот орон сууц, гаражийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хэмжээнд шийдвэрлэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Засгийн газрын 100 мянган айл, орон сууц хөтөлбөрийн хүрээнд Б... ХК нь Баянгол дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газарт орон сууцны С... хороолол төслийг хэрэгжүүлэхээр /2-р хавтас 1-7/ болжээ. Б... ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 5-р сарын 6-ны өдрийн А/06 тоот Зөвшөөрөл олгох тухай тогтоолыг үндэслэн ихэнх хувьцаа эзэмшигч Б.О..., Б.Д... нарт Б... ХХК-ний хувьцаа эзэмшигч П.Х..., П.Х... нарт төслийг худалдах эрхийг олгож, улмаар 2013 оны 5-р сарын 13-ны өдөр Төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ / 1-р хавтас 11-18/ байгуулжээ.
Гэрээгээр Б...ХК-ний эзэмжшлийн 94 254 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй 11 барилгыг худалдан авагчийн өмчлөл, эзэмшил шилжүүлэх, төсөлтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрөл, зураг төсөл, эрхийн бичиг, техникийн нөхцөлийг шилжүүлэн өгөх, худалдан авагч төслийг санаачлан эдийн засгийн үнэ цэнэтэй болгосны буюу төслийн эрхийн төлбөр, төсөл хэрэгжих газар, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрөөс бүрдэхээр тохирчээ. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1 100 000 000 төгрөгийг 2013 оны 5-р сарын 13-ны өдөр 400 000 000 төгрөг, 2013 оны 8-р сарын 13-ны өдөр 350 000 000 төгрөг, 2013 оны 11-р сарын 13-ны өдөр 350 000 000 төгрөгийг төлөх, төслийн эрхийн төлбөрт 8 284 485 ам.доллар төлөх, үүнээс Хан-уул дүүргийн ...-р хороо, өөрийн өмчлөлийн Г.... хотхоны 3 ширхэг хаусыг 4 594 756 ам.долларт тооцож шилжүүлэх, бусад 3 689 729 ам.долларыг 2014 оны 2-р сарын 13-наас 2017 оны 8-р сарын 13-ны хооронд графикаар төлөхөөр тус тус тохирсон гэрээний талууд нь Б... ХК /Б тал/, Б... ХХК /А тал/, Б.О..., Б.Д... нь нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч, П.Х.., П.Х... нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Талууд өмчлөл, эзэмшлийн хугацааны бүх төлбөр тооцоог өөрснөө хариуцах, гэрээний 10-т гэрээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгүүдийг султган, одоо байгаа түрээслэгч нартай байгуулсан гэрээг дуусгавар болгож эрхийн доголдолгүй болгон хүлээлгэн өгөх, 11-т А тал гэрээнд заасан төлбөрүүдийг бүрэн барагдуулах, төслийн эрхийг шилжүүлэн авснаас хойшхи бүх үүрэг хариуцлагыг өөрөө хүлээхээр байна.
Гэрээгээр хүлээсэн үүргээ Б... ХК биелүүлж 2013 оны 5-р сарын 16-ны өдөр Солонго төслийг, 2013 оны 5-р сарын 17-нд газар, үл хөдлөх эд хөрөнгүүд, Солонго хорооллын бичиг баримтуудыг хүлээлгэн өгч /1-р хавтас 19-28/ акт үйлджээ.
Б... ХК нь Б... ХХК-тай 2013 оны 5-р сарын 17-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Баянгол дүүргийн ...-р хороонд байрлах орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай 000300221 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбар бүхий 108 786 м.кв газраас гэрээний 7-д заасан кадастрын цэгүүд бүхий 94 254 м.кв газрыг шилжүүлэхээр тохирч, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг актаар хүлээлгэн өгсөн, улмаар Б... ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2013 оны 11-р сарын 5-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000303707 тоот гэрчилгээ /6-р хавтас 186-201/ олгогджээ.
Түүнчлэн 2013 оны 5-р сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Б... ХК-ийг төлөөлж Б.Д..., Б... ХХК-ийг төлөөлж Ц.М... нар байгуулсан /1-р хавтас 36-252/, нэхэмжлэгч, хариуцагч нар эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн талаар маргаагүй, цаашид хамтран ажиллахаар тохирч байжээ.
Улмаар Б... ХХК нь 2014 оны 5-р сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205..., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205.., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205..., Ү-2205... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон, улсын бүртгэлийн талаар гомдол гаргаагүй /4-р хавтас 208-5-р хавтас 1-17/ байна.
Б... ХХК нь төслийн төлбөрт 2014 оны 5-р сарын 22-ноос 2015 оны 7-р сарын 20-ны хооронд нийт 615 322 ам.доллар буюу тухайн тухайн өдрийн төгрөгийн ханшаар тооцож 1 154 314 647 төгрөг /2-р хавтас 10-24/, 2013 оны 5-р сарын 17-ноос 2013 оны 12-р сарын 02-ны хугацаанд 560 000 000 төгрөг /хх 26-29/ төгрөг тус тус шилжүүлжээ.
Харин хариуцагч нь 2017 оны 3-р сарын 31-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа бичгээр мэдэгдсэн /2-р хавтас 9/ боловч татгалзаж байгаа үндэслэлээ заагаагүй байжээ. Үүгээр талуудын хооронд маргаан гарсан байна.
Хариуцагч нь гэрээ цуцалж байгаа үндэслэлээ ...бичиг баримт нь эрхийн доголдолтой байсан, газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг, ОБЕГ-ийн агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байсан...зэргээс төсөл хэрэгжих боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Маргааны улмаас талууд гэрээгээ цуцалж учирсан хохирлоо шаарджээ.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Гэрээ цуцалснаас нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутагт орших 94 254 м.кв газар эзэмших эрхийг Б... ХК-д шилжүүлэх, тухайн газарт байгаа, нураагаагүй худалдаа үйлчилгээний зориулалттай 1221 м.кв талбай бүхий, үйлдвэрийн зориулалттай 648 м.кв талбай бүхий, 930 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах, Солонго төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн болон төсөлтэй холбоотой бүх баримт бичиг, тамга тэмдэг, техник хэрэгслийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргаагүй, хүлээн авсан хэлбэрээр буцаан шилжүүлж өгөхөөр эдгээр 3 шаардлагыг зөвшөөрсөн байна.
Харин 4 дэх шаардлага буюу учирсан хохирол 9 167 610 000 төгрөгийн шаардлагаас дараах байдлаар зарим хэсгийг хангаж шийдвэрлээ. Үүнд:
-Гэрээний дагуу нэхэмжлэгч 11 үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт Б... ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн, үүнээс улсын бүртгэлийн Ү-22050..., Ү-2205..., Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, буулгаагүй үлдсэн обеъктийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б... ХК-ний өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн байна. Талууд гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ нэг бүрийг 110 000 000 төгрөгийн үнэтэйгээр шилжүүлсэн байх тул бусад нурааж, буулгасан гэх 8 барилгыг энэ хэмжээгээр тооцож 880 000 000 төгрөг, бусад барилга байгууламжид учирсан хохирлыг Хөрөнгө үнэлгээний М... ХХК-ний 2013 онд үнэлсэн үнэлгээгээр буюу архив, луут агуулах, төмрийн цехийн барилга, гарааш, авто засварын газар гаражийн хамт, гүнийн худгийн барилга, уурын зуухны барилга зэргийг 947 500 000 төгрөгөөр, бусад байгууламж болох бетонон болон тоосгон хашаа, бетонон болон асьфалтан зам, бетонон хөл, агаарын шугам зэргийг 885 092 500 төгрөгөөр /5-р хавтас 122, 123/ тооцлоо.
-Б... ХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдээ бусдад түрээслүүлдэг байсан нь гэрээний 10-т түрээслэгч нартай байгуулсан гэрээг дуусгавар болгож шилжүүлэхээр тохирсноор тогтоогдсон бөгөөд нийт 13 түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалж 39 831 165 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн /8-р хавтас 45-46, 6-р хавтас 57-120/, гэрээ цуцлсан хохиролд олох байсан орлогыг 4 жилээр буюу 2013 оны 5-р сарын 16-наас 2017 оны 3-р сарын 31-нийг хүртэлх шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож 2 761 174 800 төгрөгөөр хохирсон гэх үндэслэлтэй.
- Ж... ХХК нь 1 гишүүнтэй, хувьцаа эзэмшигч нь П.Х... бөгөөд Ж.... ХХК нь улсын бүртгэлийн Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г...ы ... тоот, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /5-р хавтас 181/ байна. Энэ хөрөнгийг хариуцагч нар төлбөрт тооцон шилжүүлсэн, энэ талаар маргаагүй, харин тухайн барилгыг нэхэмжлэгч Б.Д... нь орон сууцны зориулалтаар ашиглаж, засвар үйлчилгээнд 64 460 567 төгрөгийн зардал гаргасан нь С... ХХК, Х... ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, бараа материал худалдан авсан баримт зэрэг баримтаар тогтоогдсон /2-р хавтас 173-182/ байна. Тухайн барилгыг буцааж өгөхөд нэхэмжлэгч маргаагүй бөгөөд гарсан зардлыг хохиролд тооцох үндэслэлтэй. Харин хариуцагч Б.... ХХК нь дээврийн засварт 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй /8-р хавтас 222/ тул хохирлоос хасч тооцлоо. Үүгээр нэхэмжлэгч нарт гэрээ цуцалснаас учирсан хохирлыг 880 000 000+947 500 000+885 092 000+39 831 165+2 761 174 800+64 460 567-5 500 000 =5 637 019 099 төгрөг гэж тооцлоо.
Хариуцагч нар нь хөрөнгийн үнэлгээ хийсэн М... ХХК-ний хийсэн үнэлгээг ...М... ХХК-ийн тайланд тамга тэмдэг дарагдаагүй, дараа нь нөхөн хийсэн, тамга нь 2 өөр нэг нь М... ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөгөө М... ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, 2 өөр регистрийн дугаартай, 2 өөр тамгатай, улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани 2016 онд байгуулагдсан, гэтэл 2013, 2014 онд үнэлгээ хийсэн, үнэлгээний тайланг хуулийн дагуу хийгдээгүй, эргэлзээтэй гэж маргажээ.
5-р хавтаст хэргийн 101-160 дахь талд хөрөнгийн үнэлгээний М... ХХК-ний Б... ХК-ний өмчлөлд байгаа зарим барилга байгууламжид үнэлгээ хийсэн 16/20 дугаартай тайлан авагдсан байх ба тайланд М... ХХК-ний тэмдэг дарагдсан, захирал Ч.Д... гарын үсгээ зурсан. Сангийн сайдын 2010/12/20-ны өдрийн 280 тоот тушаалаар Ч.Д..т 071200078 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон, тайланд гэрчилгээг хавсаргасан байна.
М... ХХК нь 1998 онд хөрөнгийн үнэлгээ хийх, гадаад, дотоод худалдаа, худалдааны зуучлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдаж, Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанаас ... регистртэй, 25/6266 тоот гэрчилгээ /8-р хавтас 244/, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 20-р тогтоолоор баталсан гэрчилгээг 2009 оны 8-р сарын 3-нд улсын бүртгэлийн 9011... дугаарт бүртгэж, регистрийн дугаар өөрчлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээ, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээг, 2015 оны 02-р сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн газар нь М... ХХК-д хөрөнгийн үнэлгээ хийх, гадаад худалдаа, авто сэлбэгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэх чиглэлээр улсын бүртгэлийн 9011... дугаарт бүртгэж, ... дугаар регистр , 00000973.... тоот улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус /8-р хавтас 243, 244-247/ олгожээ.
Үүнээс дүгнэвэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Үндэсний татварын ерөнхий газар бүртгэж, гэрчилгээ олгож байсан бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэдэг болсон, улмаар хуулийн этгээлийн бүртгэлийн болон регистрийн дугаар өөрчлөгдсөн, улсын бүртгэлийн гэрчилгээ дугаартай болж шинээр олгогдсон байна. Улсын бүртгэл үнэн зөв бөгөөд М... ХХК улсын бүртгэлийг буруу ташаа гэж маргаагүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эрх бүхий этгээд өөрчлөгдсөнөөр регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар өөрчлөгдсөн, энэ нь М... ХХК хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй, үнэлгээний тайланг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
М... ХХК-ний хөрөнгийн үнэлгээг хариуцагч нар эс зөвшөөрч дахин шинжээч томилуулсан, шинжээч З... ХХК нь 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн 100/18 тоот дүгнэлтээ /5-р хавтас 188-198/ гаргажээ.
Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний М... ХХК нь Б... ХК-ний үндсэн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн сууриар, зах зээлийн хандлагыг ашиглан гүйцэтгэсэн хэдий ч орлогын хандлагын капиталчлах аргаар үнэлгээний тооцооллыг мөн хийсэн байх ба үнэлгээний дүн нь өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудаар тооцоолсон дүнгүүдтэй ойролцоо гарсан нь уг хөрөнгийг түрээслүүлэх замаар ирээдүйд олж болох түрээсийн орлогын хэмжээг тухайн байршил, зах зээлийн харилцааны үед үнэлгээний практикт мөрдөж байсан ТӨХ-ний 2007 оны 42-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан түрээсийн төлбөрийн жишгээр зах зээлийн орчин /эдийн засгийн болон эрх зүйн/ зэрэгтэй уялдуулан дэвшүүлсэн таамаглалд тулгуурласан тооцоолол нь зарчмын хувьд зүйтэй байна. Гэхдээ капиталчлах хувийг тооцоолохдоо зарим талаар дутуу тооцоолсон байдал ажиглагдаж байгаа ч энэ нь үнэлгээний эцсийн дүгнэлттэй холбоогүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч нар няцаагаагүй болно.
Шинжээчийн зардлын 4 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагч Б... ХХК-иас гаргуулж З.. ХХК-д олгож шийдвэрэлээ.
Нөгөө талаас, хариуцагч нар нь Б.... ХК нь төслийн гэрээний тайланг татварын тайландаа үнэн бодит байдлаар тусгаагүй гэж маргаж тус компаний 2010-2013 оны санхүүгийн болон, татварын тайланг нотлох баримтаар гаргуулсан /7-р хавтас 35-8-р хавтас 53/ байна. Эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй боловч эрх бүхий этгээд, татвар төлөгч нарын хооронд маргаан үүсээгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нар нь ...бичиг баримт нь эрхийн доголдолтой байсан, газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг, ОБЕГ-ийн агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байсан...зэргээс төсөл хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрэээ цуцалсан, нэхэмжлэгч зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй талаар тайлбарлажээ.
Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх бичиг баримт доголдолтой байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаас, талууд гэрээ байгуулахдаа Солонго хорооллын төсөл хэрэгжүүлэхэд бусдын орох, гарах гарцад саад учруулах, төмөр зам саад болох нөхцөл байдал байгаа эсэхийг бодитой судлаагүй гэх үндэслэлгүй, тухайн төслийн болон өөрчлөгдсөн зураг төслөөр хороолол руу орох зам нь ертөнцийн зүгээр хойд талаасаа байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын шатахууны нөөц салбар, Б... ХХК, У... ХХК, Т... ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн 2018 оноор огноологдсон албан бичиг, тухайн байгууллагуудад хандсан Бигмайнд бюлдинг ХХК-ний албан бичгүүд нь төслийг хэрэгжүүлэх шатанд саад болсон нөхцөл байдлыг нотлохгүйгээс гадна хариуцагч гэрээ цуцлахыг мэдэгдсэн 2017 оны 3-р сарын 31-нээс хойшхи хугацаанд үйлдэгдсэн /4-р хавтас 192-204/ байна. Эдгээрийг гэрээ цуцлах болсон шалтгаан гэж үзэх боломжгүй, харин хариуцагч төслийн зураг төслийг өөрчлүүлсэн, төсөл хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэж чадаагүйтэй холбоотой гэж үзэхээр байна.
Харин гэрээ цуцалснаас Б... ХХК-иас Б... ХК, Б.Д.., Б.О... нарт шилжүүлсэн 615 322 ам.доллар буюу тухайн тухайн өдрийн төгрөгийн ханшаар тооцож 1 154 314 647 төгрөг /2-р хавтас 10-24/, 2013 оны 5-р сарын 17-ноос 2013 оны 12-р сарын 02-ны хугацаанд дансаар шилжүүлсэн 560 000 000 төгрөг /хх 26-29/ төгрөг, бэлнээр шилжүүлсэн 126 000 000 төгрөг /8-р хавтас 223/, 40 000 000 /хх 47/ зэргээр 1 065 000 000 төгрөг нийт 2 219 314 647 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч нар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Г...ы ... тоот байрууд, 25 дугаар байрны ... тоот байр, гаражийг төлбөрт тооцон шилжүүлснийг сөрөг нэхэмжлэлээр гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд энэ шаардлагаа өөрчлөн Ж... ХХК нь ... тоот, ... дугаар байрны ...тоот байр, гаражийг олгуулах, харин ... дугаар байрыг П.Х...д буцаан олгуулахаар өөрчилсөн болно.
Хариуцагч нар нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өмчлөх эрхийг шилжлүүлэхээр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш буюу 2018 оны 5-р сарын 7-ны өдөр П.Хурц нь улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн, 17/5, Ү-2206... дугаарт бүртгэгдсэн, ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улсын бүртгэлийн гэрчилгээ /8-р хавтас 219-220/ авчээ. Эдгээр эд хөрөнгийг нэхэмжлэгч нар буцааж өгөхөд татгалзаагүй, харин 17/6 тоот үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй/ Ж... ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч нь хариуцагч П.Х...., хариуцагч Б... ХХК-тай ашиг сонирхол нэгтэй этгээд байна.
Үндсэн нэхэмжлэлээр энэ хөрөнгөд оруулсан хөрөнгийг хохиролд оруулан тооцсон, нэхэмжлэгч тухайн хөрөнгийг хариуцагчид буцааж өгөхөд татгалзаагүй тул сөрөг нэхэмжлэлд хамааруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нар нь бусад хохиролд 5 728 487 738 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, гэрээний 11-т зааснаар А тал гэрээнд заасан төлбөрүүдийг бүрэн барагдуулах, төслийн эрхийг шилжүүлэн авснаас хойшхи бүх үүрэг хариуцлагыг өөрөө хүлээхээр тохирсон байна.
Ө.... ХХК-иар хамгаалалтын ажил гүйцэтгүүлж хөлс төлсөн, ажил үүргээ гүйцэтгэх зорилгоор кран худалдан авсан нь өөрийн хөрөнгө болно, Солонго хорооллын төслийн батлагдсан зургийг 2014 онд өөрчлүүлж А... ХХК-иар зураг төсөл хийлгэж /хэрэгт хавсаргасан/ төлбөр төлсөн, ажил үүргээ гүйцэтгэж түлш шатахуун худалдан авсан, ажил олгогчийн хувьд ажиллагсаддаа цалин олгох нь Хөдөлмөрийн хуульд заасан ажил олгогчийн, ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Нийгмийн даатгалын тухай хуулинд заасан шимтгэл төлөх, газрын төлбөр төлсөн нь Газрын тухай хуулиар тогтоосон газар эзэмшигчийн үүрэг байдаг, геодезийн судалгаа хийлгэсэн нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, түүнчлэн бусад зардалд нийт 5 728 487 738 төгрөгийн зардал гаргасан нь /2-р хавтас 221-4-р хавтас 150 хүртэл/ нэхэмжлэгчийн буруугаас болоогүй байна.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 3-р сарын 30-ны өдрийн 118-р тогтоол, 2014 оны 263 дугаар тогтоолоор /Legalinfo.mn/ Солонго хорооллын инженерийн шугам сүлжээг засгийн газрын хөрөнгөөр гүйцэтгэхээр тогтоосон, Эрчим хүчний яамны 2015 оны 4-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар Б.... ХХК нь Солонго хорооллын гадна дулааны шугам өргөтгөх, 43.53 гкал/цагийн ачаалалтай дулааны шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтыг гүйцэтгэгч компанитай гэрээ хийх замаар санхүүжлүүлэн, барилга угсралтын ажлыг дуусгасан тохиолдолд 43.53 гкал дулааны техникийн нөхцөлийг Б... ХХК-д ЭХЯ-аас өгөхөөр шийдвэрлэсэн /6-р хатвтас 161-166/, улмаар барилга байгууламжийг 2015 оны 10-р сарын 09-ний өдөр улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан /хх 167-177/ байх ба үүнээс дүгнэвэл дулааны шугамыг ашиглалтад оруулахад 1 088 014 204 төгрөгийн зардал гаргасан, үүнийг Б.... ХК-иас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Б... ХХК-ний хүсэлтээр М... ХХК нь 2018 оны 8-р сарын 03-ны өдөр түүний өмчлөлийн 11 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийж үнэ цэнийг 108 776 525 төгрөгөөр тогтоосон /4-р хавтас 208-5-р хавтас 70/ байна. Үнэлгээний тайлангаас дүгнэвэл, одоо байгаа 3 үл хөдлөх хөрөнгөөс гадна буулгаж нураасан, бодитоор байхгүй байгаа 8 байшингийн үнэлгээг тогтоосон нь үнэлгээг үнэн зөв гэж үзэх боломжгүй.
Гуравдагч этгээдийн шаардлагын талаар:
Ж... нь 2018 оны 9-р сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.Д.., Б.О.. нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г.. ... тоот хаус, ...дугаар байрны ... тоот орон сууц, гараашийн хамт хууль бус эзэмшлээс чөлөлөөүүлэхийг хүссэн бие даасан шаардлагыг гаргажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан Солонго хорооллын төсөл худалдах, худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээний хүрээнд Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г.ы . то..от хаус, ... дугаар байрны ... тоот орон сууц, гараашийн хамт худалдан авагч тал төлбөрт тооцон шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй.
Гэрээ цуцалсантай холбоотойгоор Ж... ХХК-ний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г..ы ... тоот, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг /5-р хавтас 181/ үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх шийдсэн.
Нөгөө талаас, Ж... ХХК нь 1 гишүүнтэй, хувьцаа эзэмшигч нь П.Х... бөгөөд энэ хэргийн хувьд хариуцагч, сөрөг нэхэмжлэгч гаргасан, Б... ХХК-тай ашиг сонирхол нэгтэй, хамаарал бүхий этгээд байна.
Энэ утгаараа төлбөрт тооцон шилжүүлэхдээ мэдээгүй, эсхүл түр ашиглуулсан гэх үндэслэлгүй, Гэрэлт хотхоны 25/5 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийг нэхэмжлэгч нар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.
Түүнчлэн 2013 онд гэрээ байгуулах үед Ж... ХХК нь Г...ы 25/5 дугаар байрны 51 тоот орон сууц, гараашийн өмчлөгч байгаагүй, харин 2018 оны 10-р сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн ... тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн ... тоот автозогсоолын өмчлөгч /6-р хавтас 243-244/ болжээ.
Харин гэрээ цуцалсантай холбоотойгоор ... дугаар байрны ... тоот орон сууц, гараашийг Ж... ХХК-д хүлээлгэж өгөхөд нэхэмжлэгч татгалзаагүй байна.
2-р хавтаст хэргийн 123-146 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байсан Б.Д.., Б.О... нарын нэхэмжлэлтэй Ж... ХХК-д холбогдох Гэрэлт хотхоны .... дугаар байр, ...-р байрны ... тоот байртай холбоотой нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдсэн, шийдвэрийг хүчингүй болгосон, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байсан нь энэ хэргийг нэг мөр шийдвэрлэхэд саад болохгүй, өөрөөр хэлбэл, шүүх эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 710 000 төгрөг төлж, бусад хэсгийг чөлөөлүүлэхийг хүссэн бөгөөд шүүгчийн 2018 оны 1-р сарын 5-ны өдрийн 102/ШШ2018/00636 тоот захирамжийн 1 дэх заалтаар хэргийг шийдвэрлэх хугацаагаар хойшлуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 3 000 000 төгрөг төлж, бусад хэсгийг шүүгчийн 2019 оны 3-р сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/03921 тоот захирамжаар тус тус хойшлуулсан байх тул нөхөн гаргуулж улсын орлого болгохоор, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг Б... ХХК, П...ийн Х.., П...ийн Х... нараас 5 637 019 900 /таван тэрбум зургаан зуун гучин долоон сая арван есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Б... ХК, Б...ын Д.., Б..ын О.. нарт, Б... ХК, Б.Д.., Б.О... нараас 2 219 314 647 /хоёр тэрбум хоёр зуун арван есөн сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Б... ХХК, П.Х.., П.Х.. нарт тус тус олгож,
-Б... ХХК-ний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн 648 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205... дугаарт бүртгэгдсэн 1221 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205... дугаарт бүртгэгдсэн 1248 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б... ХК-ний өмчлөлд шилжүүлэхийг,
-Б... ХХК-ний газар эзэмших эрхийн 000303707 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн ...-р хорооны 94 254 м.кв газрыг Б... ХК-д шилжүүлэхийг,
-Бигмайнд бюлдинг ХХК-иас 2013 оны 5-р сарын 16-ны өдөр актаар хүлээлцсэн Солонго хорооллын -цахилгааны техникийн нөхцөл №03/2008, цахилгааны техникийн нөхцөл №686/2008, цахилгааны техникийн нөхцөл №322/2008, төслийн тамга /эх хувь/, газрын геологи, байгаль орчин, хот байгуулалтын үнэлэлт, дүгнэлт, техник эдийн засгийн үзүүлэлт, төслийн давуу талууд, төслийн товч танилцуулга, төслийг дэмжих захирамж, төслийн хэрэгжилтийн тухай НЗД Батбаяр, төслийн тухай НЗД Мөнхбаяр, төслийн тухай БГДЗД Цогтбаатар, бланкны загвар, sky network гадна холбооны угсралтын ажлын төсөв, 2х1000 квт дэд өртөөний зураг, гадна дулаан, дулааны механик зураг, гадна цахилгаан хангамж, гадна гэрэлтүүлгийн зураг, гадна дулаан, дулааны механик зураг 2, 2х630 кв-ын дэд өртөө зураг, 10 кв-ын хуваарилах байгууламж, гадна ус, ариутгах татуургын шугамын ажлын зураг 20 ширхэг баримтуудыг хүлээн авсан хэлбэрээр Б... ХК-д шилжүүлэхийг тус тус даалгаж,
-Б.Д..., Б.Оч... нараас улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ...-р хороо, Г... 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ....-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн 17/7 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж П.Х...д,
-Б.Д..., Б.О... нараас улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ....-р хороо, Г... ...-р байрны ... тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн ...-р байрны зоорийн давхарын ... тоот автозогсоолыг гаргуулж Ж... ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 530 590 901 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 5 728 487 738 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 58-р зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 710 000 /гурван сая долоон зуун арван мянга/ төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 42 402 403 /дөчин хоёр сая дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42 286 000 /дөчин хоёр сая хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогот оруулж, хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК-иас 28 343 049 /хорин найман сая гурван зуун дөчин гурван мянга дөчин ес/ төгрөг гаргуулж Б... ХК-д, Б... ХК-иас 11 254 523 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн сая таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Б... ХХК-д тус тус олгоусгай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б... ХХК-иас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж З... ХХК-д олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА