Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0078/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Насанд хүрээгүй 

шүүгчдэгчийн хууль ёсны

асран хамгаалагч Т.Оюунцэцэг

Сурган хүмүүжүүлэгч О.Болормаа

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Дашням нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О.Дашнямд холбогдох 201723000111 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров сумын 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Батноров сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Оюунцэцэгийн Дашням /РД: СА01230717/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Дашням нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Баярцэнгэлийн 39-39 ХЭҮ улсын дугаартай Nissan X-Trial маркийн авто машиныг авч зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Н.Баярцэнгэлийн: ... Энхбаатарын авгай утасдаад танай машиныг хүн унаад явчихлаа гэж надад утсаар хэлсэн юм. Тэгэхээр нь би Хадаагийн хамт портер машинтай Батноров сумын төвөөр 30 гаран минут хайсан. ... сумын төвөөс гадна Лхагва-Эрдэнийн хамт урагшаа адаг бүрдний замаар гарч хараад явж байсан машинуудыг зогсоож өөрийн машинаа асуусан. Тэгтэл тэнд сумын төвөөс баруун тийшээ явж байсан нэг Истана машин нэг X-Trial  эвдэрхий машин гүүрний тэнд зогсож байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн дүү Лхагва-Эрдэнэтэй цуг зам амдаж зогсож байсан юм. Тэгтэл нээх удалгүй миний машиныг өөр хүн барьчихсан замаар зогсолгүй урагш төв замаар баруун тийш явсан. Тэгсэн зугтаж байсан замаасаа гараад хойд зүг рүү Жаргалантыг чиглээд зугтаачихсан. Тэгээд би дүүгийн хамт чимээ чагнах бодолтой машинаа унтраагаад зогсож байтал хоолойгоо даваад Бэрх ордог зам руу ороод яваад өгсөн. Тэгсэн дүү бид хоёрын унаж явсан Пронтер машины ус халаад асахаа байчихсан. Тэгээд удалгүй байж байтал араас Батноров сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга мөн түшмэл, орлогч дарга нарын хамт Lexsus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би эхнэртэйгээ тухайн машинд суугаад араас нь хөөсөн. ... хажууд нь очоод зогс гэхэд зогсохгүй их хурдтай зугтаагаад байсан. Тэгээд явж байтал Бэрхийн цагдаагийн УАЗ-469 маркийн машинтай цагдаа нар зам дагуу өөдөөс гарч ирээд зогсоох гэсэн боловч зогсолгүй зугтаасан юм. ... тэгээд хөөж байтал өндөр ухаагийн араас бааст гол руу чиглээд миний машиныг унаж явсан хүн гэнэт үрүүлээ хажуу тийшээ хариулж захиргааны 470 машиныг мөргөж зогссон гэх мэдүүлэг:

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Энхтайваны: ... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед Нэргүйгийн Эрдэнэчимэг нь Соёлын төвд бүжгийн арга хэмжээтэй байх үед айлын гадаа нөхөр бид хоёр 39-39 ХЭҮ улсын дугаартай Ниссан X-Trial  маркийн машинаа тавиад хулгайд алдчихлаа гэж надад хэлсэн юм. ... Тухайн үед би ажлын хэсэг гаргаж 5 хэсэгт хуваагдаж Шатахуун түгээх станцыг хаалгаж сумаас гардаг бүх хаалгыг хааж сумаас гарж орж байгаа бүх тээврийн хэрэгслүүдийг шалгуулсан. .... их удалгүй замын унаанаас тухайн алдсан машин замд тааралдсан талаар хүнээс дуулсан. ... тэгээд Цагдаагийн тасгийн 2 автомашин Тамгын газрын 1 автомашинтай тус тус хөөж, зогсоох дуут дохио өгсөн боловч зогсохгүй улам зугтаж байсан. .... Бэрхийн төвлөрсөн тогтмол нуур луу зогсоох санаатай шахаж эхэлсэн. Тэр үед баастын голд тулж очоод тоормозлож ард үлдэх шиг болсон. Тэгээд эргээд ард тал руугаа харахад үлдэх шиг болсноо миний явж байсан зүг рүү гэнэт дарж орж ирэн манай автомашины буруу талын хойд дугуй руу мөргөж зам тээврийн осол гарсан юм. Тухайн зугтаж буй тээврийн хэрэгслийн урд кобуд сөхөгдсөн урд талаас харагдах орчин муу байсан байх гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ амарч байтал Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал над руу яриад хүний машин алга болчихлоо гэсэн. Тэгээд гэрээсээ гараад машинтайгаа сумын төвөөр алга болсон машиныг хайж байтал Тайванжаргал дарга над руу яриад машиныг нь хүн унаад сумаас урагшаа зугтаагаад явж байна гэсэн. Тэгээд .... Баярцэнгэлээс хаашаа явсан талаар нь асуугаад Бэрх ордог төв зам дагуу араас нь давхисан. Тэгээд явж байтал нөгөө алга болсон X-Trial машин гараад ирсэн. ... Тэгээд бид ардаас нь дагасан. Машины гэрэл хараад шууд зугтаасан. ... Тэгсэн X-Trial маркийн машинтай явж байсан нөгөө хүү харсан даруйдаа замаасаа гарч замгүй газраар зугтаасан. Тэгээд нөгөө цагдаа болон Засаг даргын машинтай хөөж байтал бас нэг жийптэй цагдаа ирж цуг хөөсөн. Тэгээд хөөж байтал өндөр ухаагийн араар бааст гол руу чиглээд тухайн машиныг авч зугтааж байсан хүн гэнэт үрүүлээ хариулж захиргааны 470 машингы мөргөж зогссон. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Дашнямын: ... Түлхүүрийг нь аваад хойшоо ногоон дээвэртэй эзэнгүй байшин дээр очоод тэнд хэсэг хугацаанд суусан. Тэнд удалгүй сууж байгаад эргээд очиход машины гадна хүн амьтан байхгүй болохоор нь машиныг нь унаад хөдөлсөн. Машиныг нь унаад сумаас урагш явсан. Тэгээд явж байтал замд машин тааралдаад миний ардаас хөөсөн. Би зугтаад замаасаа салаад хойш явсан адуун чулуутын тэнд зогсоод байж байтал ардаас машин гарч ирээд намайг хөөгөөд байсан. Би зугтаагаад хөөгдөж байгаад нүхэн дээгүүр харайлгасан. Тэгсэн урд гупер сөхөгдсөн. Тэгээд зугтаагаад явж байтал урд баас гол буюу бохир усны цэг харагдсан. Тэрийг тойрч гарах гээд хурдаа саагаад тойрч гарах гээд хажуу тийш дартал авто осол болсон гэх мэдүүлэг 

Нас тоолсон тухай баримт

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Дашням нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Баярцэнгэлийн 39-39 ХЭҮ улсын дугаартай Nissan X-Trial маркийн авто машиныг Батноров сумын төвөөс Бэрх тосгоны зүгт авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Дашнямд холбогдуулан Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Баярцэнгэл өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Тайванжаргал нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг мөн дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  НЬ :

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон Оюунцэцэгийн Дашнямыг бусдын авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дашнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дашнямыг Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

   3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл О.Дашнямд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Ц.МӨНХТУЛГА