Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 19

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0424/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       Б.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Оюунсувд

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн О-д холбогдох, 200502390132 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 14 удаа ял шийтгүүлж байсан, хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 жил 7 сар хорих ялыг эдэлж, хугацаа дуусаж суллагдсан, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт Б-ийн О-.

Шүүгдэгч Б.О- нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийн 2 дугаар давхарт хохирогч Х.А-гийн “Самсунг А51”  гар утсыг  хулгайлж 680,000 төгрөгийн  хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн  “Самсунг s59 plus” гар утсыг  хулгайлж  600,000 төгрөгийн  хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөөний 07 үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 1  давхрын цусны шинжилгээ авах өрөөний үүдэнд зогсож байсан иргэн Б.А-ийн  “Самсунг А10S”  гар утсыг хулгайлж 420,000 төгрөгийн  хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр  Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхрын коридорт зогсож байсан иргэн Д.Д-гийн  “Самсунг S7 edge”  гар утсыг  хулгайлж  350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн О-г бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1 .д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1.д зааснаар шүүгдэгч Б.О-д 3 жил 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т  зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 131 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.4., 1.7., 1.8., 1.9.д зааснаар шүүгдэгч Б.О- нь 2020 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цаанд нийт 131 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар аан авсан, битүүмжилсэн, хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т  зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.д  зааснаар шүүгдэгч О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдолдоо:

Миний бие шүүх хурал дээр өөрийн үйлдсэн 3 үйлдлээ үнэн шударгаар хүлээн зөвшөөрсөн. Харин 2020 оны 7-р сарын 28-ны өдрийн Б.Б- гэж хүний утас авсан гэх хэргийг би үйлдээгүй. Хохирогчийн тарган хазганасан байдалтай явсан эмэгтэй хүн ойр орчимд явж байсан гэж хэлсэн мэдүүлгийг нь л үндэслэн надад энэ хэргийг мөрдөгч хүлээлгэсэн. Энэ өдөр би Налайхад байсан хотод байгаагүй, намайг Налайхад байсан гэдгийг гэрчлэх хүн байгаа. Би тарган биетэй нь үнэнч ганц би л тарган биш шүү дээ. Тийм болохоор ганц хүний таамаг төдий мэдүүлгээр надад нэг үйлдэл нэмсэнд би гомдолтой байна. Би одоо 55 нас хүрч байна , дахин хэрэг үйлдээд яваад байхгүйгээр чий зэрэгтэй амьдраад явна гэж бодож байгаа ба эрүүл мэнд минь ч сайнгүй нурууны гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Эмнэлэгт үзүүлж явахдаа өвчтөний картаа гээгдүүлсэн тул шүүхэд гаргаж өгөх баримтгүй болчихсон. Би өөртөө таарсан ажил олж хийгээд амьдралаа залгуулаад цаашид хэрэг төвөг үйлдэхгүй гэж бодож байгаа. Уг нь хүний эд зүйлийг хулгайлж амьдралын эх үүсвэрээ болгоод байгаа зүйл надад байхгүй хэрэг үйлдээд буцаагаад өр төлбөртөө төлчихдөг, энэ удаад ч хохирогч нарын утаснуудыг нь төлж барагдуулсан одоо бусдад төлбөргүй болсон.

Иймд миний үйлдсэн хэргийг үнэн зөвөөр шүүж эрүүл мэнд, насыг минь харгалзан ээд надад сонсгосон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О- тайлбартаа:

2020.07.28 өдрийн н.Б-ийн гар утсыг хулгайлж авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр Налайх дүүрэгт байсан юм. Тухайн өдөр дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл бол огт байхгүй. 2020.07.28-ны өдрийн н.Б-ийн гар утсыг хулгайлж аваагүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлсэн байдаг. Ганцхан хохирогчийн мэдүүлгээр түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Хохирогчийн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар 2020 оны 07.28-ны өдөр Б.О- түүний гар утсыг хулгайлан авсныг тогтоосон. Шүүгдэгчийн хувьд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгодог нь түүний хувийн байдал тогтоосон баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн  Прокуророос  шүүгдэгч Б-ийн О-г:

- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 40 минутын  орчимд  Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийн 2 дугаар давхарт хохирогч Х.А-гийн “Самсунг А51”  гар утсыг  хулгайлж  680,000 төгрөгийн   хохирол учруулсан,

-2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн  “Самсунг s59 plus” гар утсыг  хулгайлж  600,000 төгрөгийн  хохирол учруулсан,

-2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөөний 07 үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 1  давхрын цусны шинжилгээ авах өрөөний үүдэнд  эмнэлгийн үйлчилгээ авч  байсан иргэн Б.А-ийн  “Самсунг А10S”  гар утсыг хулгайлж 420,000 төгрөгийн  хохирол учруулсан,

-2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр  Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхарт эмнэлгийн үйлчилгээ авч  байсан иргэн Д.Д-гийн  “Самсунг S7 edge”  гар утсыг  хулгайлж  350,000 төгрөгийн хохирол учруулан  бусдын эд зүйлийг  байнга  хулгайлж амьдралын эх үүсвэр  болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1.д заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.д заасныг  журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1.д зааснаар шүүгдэгч Б.О-д 3 жил 6 сар хорих ял  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4.д зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  цагдан хоригдсон 131 хоногийн 1 хоногийг  эдлэх ялаас нь хасаж тооцох,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар аан авсан, битүүмжилсэн, хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон  шүүгдэгч Б.О- өөрөө  үйлдсэн хэргийн талаар хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн нөхцөл байдал, цаг хугацаагаар шүүгдэгч Б.О- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийн 2 давхарт  эмнэлгийн үйлчилгээ авах гэж  байсан Х.А-гийн “Самсунг А51”  гар утсыг  хулгайлсан үйлдэл  мөн 2020 оны 08 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 1  давхрын цусны шинжилгээ авах өрөөний орчимд  эмнэлгийн үйлчилгээ авах гэж байсан иргэн Б.А-ийн  “Самсунг А10S”  гар утас,   Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхарт мөн эмнэлгийн үйлчилгээ авах гэж байсан иргэн Д.Д-гийн  “Самсунг S7 edge”  гар утсыг  хулгайлж бусдын эд зүйлийг   хулгайлах   гэмт хэрэг үйлдсэн болох нь  хангалттай нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх  үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүгдэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн  “Самсунг s59 plus” гар утсыг  хулгайлж  600,000 төгрөгийн  хохирол учруулсан гэх үйлдэл нь  нотлогдсон гэхэд эргэлзээтэй  байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй..,  энэ өдөр Улаанбаатар хотод байгаагүй Налайх дүүрэгт  байсан талаар удаа дараа мэдүүлэг өгч байсан.., мөрдөн байцаалтын шатанд түүний энэ мэдүүлгийг шалгаж, маршрутыг шалгаж тогтоолгүй зөвхөн хохирогч нь ...тухайн үед нэг тарган эмэгтэй явж байсан... гэсэн мэдүүлгээр  шүүгдэгч Б.О-г  энэ хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэл муутай бөгөөд  энэ үйлдэлтэй холбогдуулан  мөрдөн шалгах ажиллагааг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангалттай хийгээгүй  байна.  

Мөн энэ талаар  шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Энхтүвшин  анхан шатны шүүхэд   2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... шүүгдэгч нь  иргэн  Б.Б-ийн утсыг хулгайлсан үйлдлийг зөвшөөрдөггүй, прокурор болон шүүхийн шатанд хэргийн материалтай танилцах боломж олгоогүй,урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү .., гэсэн хүсэлт бичгээр  ирүүлж байжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.О- нь  2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн  “Самсунг s59 plus” гар утсыг  хулгайлж  600,000 төгрөгийн  хохирол учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул  энэ үйлдлийг  хэрэгсэхгүй болгож, Б.Б-ээс 600.000 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгохоор   шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ. 

Харин шүүгдэгч Б.О-гийн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа давтамж,  арга хэлбэр, хэргийн шинж байдал, зөвхөн хулгайн хэрэг үйлдэж, хулгайлсан эд зүйлээ худалдан борлуулж   ахуйдаа хэрэглэдэг хувийн байдал зэргээс үзэхэд  хулгайн хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон  шинжийг агуулж байх  бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  шүүгдэгчид оногдуулсан ял  түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  ...оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү...  гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

         - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар  зүйлийн  2.т заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д холбогдох хэргээс иргэн Б.Б-ийн  “Самсунг s59 plus” гар утсыг  хулгайлж  600,000 төгрөгийн  хохирол учруулсан гэх үйлдлийг  хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Б.О-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           3.Б.Б-ээс  600.000 төгрөг гаргаж шүүгдэгчид буцаан олгосугай.  

           4.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                           ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                           Ц.ТУЯА