Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01425

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01425

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Хангайн ..-.. тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Д...ын Н...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, ... байрны .... тоотод оршин суух, регистр ..., Х.. овогт Д...ийн Х...т холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 600 000 төгрөг гаргуулах, Д.Х...ийн сөрөг нэхэмжлэлтэй Д.Н...ээс 22 950 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С..., хариуцагч д.Х..., гэрч Х.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С...шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н..., Д.Х... нар хамтран М... ББСБ-аас 2016 оны 7-р сарын 4-ний өдөр 20 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлээс 10, 10 сая төгрөгийг тус тусдаа авч ашигласан. Д.Х... нь зээлээ төлж чадахгүй болохоор нь эргэн төлөлт хийгээрэй гэж 2016 оны 7-р сарын сүүлээр 500 000 төгрөг бэлнээр, 2016 оны 8-р сарын 6-ны өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2016 оны 8-р сарын 3-нд 300 000 төгрөг бэлнээр, 2016 8-р сарын 8-нд 1 300 000 төгрөг дансаар, 2016 оны 8-р сарын 9-нд 1 000 000 төгрөг дансаар, 2016 оны 8-р сарын 17-нд 6 000 000 төгрөгийг дансаар нийт 9 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д.Х... нь мөнгийг зээлд төлөөгүй. Д.Н..., Д.Х... нарт холбогдох М... ББСБ-ын нэхэмжлэлтэй хэргийг 3 шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин Н...ээс Х...т шилжүүлсэн мөнгийг М... ББСБ-д төлсөн зээл гэж үзэхгүй, тусдаа харилцаа гэж үзсэн. Иймд Д.Х...ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 9 600 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Х... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н...тэй 2017 оны 1-р сарын 8-нд танилцсан, тэгэхэд охин А... нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалд ажилладаг, Төрийн банкны 8 хувийн зээлээр миний захиалгын гэрээтэй байсан байрыг худалдаж авахаар тохирсон. Хэрэв зээл гарахгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхөөр амаар тохирсон, тухайн үед манай эгч, миний охин 2 хамт байсан бөгөөд сарын түрээсийн төлбөр нь 1 000 000 төгрөг гэж тохирсон. Тэгээд манай байранд 2017 оны 9-р сарын 30-ныг хүртэл амьдраад, түлхүүрийг манай эгчид өгөөд алга болсон. Наранцэцэг нь 2 удаа худалдах, худалдан авах гэрээ хийхдээ одоо зээл гарч байна, зээлийн урьдчилгаа байршуулна гэж хуурч, миний байрыг ББСБ-д барьцаалан мөнгө зээлж, тэр мөнгөө урьдчилгаанд байршуулна гээд алга болсон. Зээл нь бүтээгүй, зээл хөөцөлдөж байсан баримт материалаа эх хувиар нь манай эгчид өгсөн байсан. 9 600 000 төгрөгийг байрны мөнгөнд гэж өгөөгүй. 2016 оны 8-р сарын 7-ны өдөр 6 000 000 төгрөг дансаар, 2016 оны 8-р сарын 6-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8-р сарын 8-ны өдөр 1 300 000 төгрөг тус тус дансаар Н...аас гэж хийсэн байсан. Эдгээр мөнгөө өмнө нь надаас авсан мөнгөндөө өгсөн. 50... гэсэн данснаас 2016 оны 8-р сарын 8-нд Туулаас гэж мөнгө орж ирсэн, чухам ямар учиртайг мэдэхгүй. Т... нь Н...ийн найз, өмнө нь надаас мөнгө зээлж байсан, түүнийгээ буцааж өгсөн. Иймд 9 600 000 төгрөг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.Х... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н...ийн охин А... нь Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо,...-ын .... тоот 3 өрөө орон сууцанд 2017.1.25-2017.09.30-ыг хүртэл амьдарсан. Энэ хугацаанд 8 хувийн зээлээр байрыг худалдаж авна гэж хэлээд, 2017 оны 7-р сарын 4-нд М... ББСБ-ын зээлийн барьцаанд тавиулж, 2017 оны 5-р сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Охин А...ын зээл батлагдчихсан, дангаараа авна гэж худал хэлж итгүүлсэн. Зээлийн маргааныг Дээд шүүхийн тогтоол гарч шийдсэн. Би Н...ийн өмнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд бүх төлбөрийг төлж байраа авсан. Нийт 20 300 000 төгрөгөөс гадна, тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн зардал гарсан, үүнээс 10 409 000 төгрөгийг Н... төлөх байсан. Мөн зээл гарахгүй бол байрыг 1 000 000 төгрөгөөр тооцож өгнө гэсэн тул 9 сарын түрээсийн төлбөр 6 750 000 төгрөг болсон. Мөн сууцыг ашигласан хугацааны төлбөр төлөөгүй, байрны цонхыг хагалсан, ванн эвдэлсэн, обой хуулсан, гэрлийн патроныг ашиглах боломжгүй болгосон, босоо дүүшийг эвдэлсэн, шалны гарницыг хуулсан байсан. Эдгээр засварлахад 5 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн Н... нь миний мөнгөн аяга, бүсийг З... ломбардад 300 000 төгрөгт тавьсан, үүнийг би өөрөө төлсөн. Нэмж Ш...оос 500 000 төгрөг зээлж Н...т өгсөн. Би 500 000 төгрөгийг нь Ш...т төлсөн. Ингээд нийт Наранцэцэгээс 22 950 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл 10 409 450 төгрөгөөс 10 334 725 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд: зээл, зээлийн хүү 10 150 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 129 725 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын 50 хувь буюу 55 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Худалдах, худалдан авах гэрээ нь А..., Х... нарын хооронд байгуулагдсан. Гэхдээ Н... энэ талаар мэдэж байсан. Тухайн орон сууцыг 8 хувийн зээлээр авах тухай тохиролцоог Н..., Х... нар хийсэн. Зээлд хамрагдуулах гэж хөөцөлдсөн ч бүтээгүй тул байрыг буцаан хүлээлгэн өгсөн. Бодитоор тухайн амьдарч байсан хүн нь А..., гэхдээ 9 сар амьдраагүй, түрээсийн гэрээг хоорондоо байгуулан 1 сая төгрөгөөр түрээсийн төлбөр тохирсон зүйл огт байхгүй. Тиймээс амьдарч байсан хүнээс нь нэхэмжлэх шаардлагатай. Байранд засвар хийсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй, харин өөр байранд засвар хийсэн баримт өгсөн байж болзошгүй, мөн Н...ийн нэрээр ломбардад мөнгө аяга, бүс тавиулсан ч Х... мөнгийг авсан. Ш...оос мөнгө зээлсэн бол өөрөө нэхэмжлэх ёстой. Эдгээрийг Х... шаардахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н... нь Д.Х...т холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, Д.Х... нь Д.Н...т холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22 950 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Д.Х..., Д.Н... нар нь М... ББСБ ХХК-тай 2016 оны 07-р арын 04-ний өдөр 211 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, Д.Х...ийн өмчлөлийн Ү-2201.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын ... байрны ....тоот 3 өрөө сууцыг барьцаалан /хх 83-85/ зээлжээ.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар зээлдүүлэгч М... ББСБ-ын нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 21-ний өдрийн 887 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 6-ны өдрийн 1312 тоот магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн 1657 тоот тогтоолоор хянан шийдвэрлэж /хх 12-20/, Д.Х..., Д.Н... нараас тус бүрээс 10 150 060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоосон байна.

 

Зээлдэгч нар тухайн зээлээс тус бүр 10 000 000 төгрөгийг авсан, харин Д.Н... нь Д.Х...т зээлд төлүүлэхээр 9 600 000 төгрөгийг шилжүүлсэн боловч төлөөгүй, өөрөө ашигласан, өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг тагалзаж байгаа үндэслэлээ ...9 600 000 төгрөгийг байрны мөнгөнд гэж өгөөгүй, 2016 оны 8-р сарын 7-ны өдөр 6 000 000 төгрөг дансаар, 2016 оны 8-р сарын 6-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8-р сарын 8-ны өдөр 1 300 000 төгрөг тус тус дансаар Н...аас гэж хийсэн байсан, Туул өмнө нь надаас зээлсэн мөнгөө төлсөн гэж тайлбарлажээ.

 

Д.Н... нь Д.Х...т 2016 оны 06-р сарын 08-нд 500 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 08-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг нийт 7 800 000 төгрөгийг Д.Х...ийн дансанд шилжүүлсэн нь ХААН банкны дансны хуулгаар /хх 37-38, 67-68/ тус тус тогтоогдсон, харин Туулаас гэж шилжүүлсэн 1 800 000 төгрөгийг наранцэцэг шилжүүлсэн гэх үндэслэлгүй. Иймд Д.Х...ээс 7 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Х... нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд өөрт ногдох 10 150 060 төгрөг, Д.Н...ийн төлөх 10 150 060 төгрөг, тэмдэгтийн хураамж 259 450 төгрөг, шийдвэр ажиллагааны зардал 110 000 төгрөгийг бүхэлд нь төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, улмаар барьцааны хөрөнгө болох орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлсэн нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтууд /хх 60-62, 65-68, 96, 97-99, 102/ тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч 10 334 725 төгрөгийг төлөх талаар маргаагүй байх ба харин тухайн байранд амьдарч байсан А...тай холбоотой түрээсийн төлбөр, засварын зардал, барьцаалан зээлдүүлэх газраас мөнгө аяга, бүс зэргийг барьцаалж авсан зээлийг Х... авсан, энэ талаар баримтгүй, Н... нь Ш...оос мөнгө зээлсэн бол Хишигдэлгэр шаардахгүй гэж татгалзсан нь үндэслэлтэй.

Тухайн байранд Н...ийн охин Б.А... амьдарч байсан талаар хариуцагч маргаагүй, нөгөө талаас, худалдах, худалдан авах гэрээг түүнтэй байгуулж байсан /хх 117/, иргэн Ш...той холбоотой зээлийн талаарх баримтгүйгээс гадна эдгээртэй холбоотой хохирол, зардлыг Д.Н...ээс шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Х...ийн сөрөг нэхэмжлэлээс 10 334 725 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д...ийн Х...ээс 7 800 000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Д...ын Н...т, Д.Н...ээс 10 334 725 /арван сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулж Д.Х...т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 12 615 275 /арван хоёр сая зургаан зуун арван таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 272 700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Х...аас 139 750 төгрөг, гаргуулж Д.Н...т, Д.Н..ээс 180 305 төгрөг гаргуулж Д.Х...т тус тус олгосугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА