Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2020/00755

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2020/00755

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын 9 дүгээр баг, *******ын 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ЗЮ*******/-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинд 8.421.327 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч  Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр намайг урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл 2018 оны 11 сард ажилд эгүүлэн томилох байсан боловч томилоогүй, шүүхийн шийдвэрээр надад олгохоор болсон ажиллаагүй хугацааны цалин өгөхгүй байж байгаад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар цалинг гаргаж өгсөн. Нийтлэг үйлчилгээний байгууллагын дарга нь солигдоод Ё. болсон. Тэр хүнтэй очиж уулзаад ажилдаа ормоор байна гэхэд би энэ асуудлын талаар мэдээгүй, 10 сард тогооч гарвал таныг ажилд авна гэхээр нь 2019 оны 10 дугаар сар хүртэл хүлээсэн. 2019 оны 12 дугаар сар болтол тогоочийн орон тоо гарахгүй байна гэсэн. 2020 оны 3 дугаар сард Ё.тай дахиж уулзаад цалингаа авахгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээд өг гэхэд нягтлантайгаа яриад хариу өгнө гэсэн. Тэгээд нийгмийн даатгалыг бид нар төлж чадахгүй юм байна, та шүүхэд хандаж асуудлаа шийдүүл гэсэн. Одоо ******* аймгийн ******* ******* Тамгын газраас 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 8.421.387 төгрөг гаргуулахаар, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасан. Шүүхийн шийдвэр 2018 онд гарсан, тухайн байгууллагыг татан буулгасан шийдвэр 2020 онд гарсан. Татан буулгасны дагуу ******* аймгийн ******* ******* Тамгын газар нь уг байгууллагын эд хөрөнгийг хүлээж авсан. Уг байгууллага нь өр, авлагатай байгууллага байсан боловч иргэн Д.*******д өгөх өрийн асуудал байгууллагын тайланд байгаагүй. Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гарсан санхүүгийн тайланг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд ******* аймгийн ******* ******* Тамгын газраас иргэн Д.*******гийн нэхэмжилсэн цалинг өгөх хууль зүйн үндэслэлгүй. Ийм үйлдэл гаргах нь төсвийн шууд захирагч зориулалтын бус байдлаар мөнгө зарцуулсан, буцаад хууль тогтоомж зөрчсөн зөрчил гарах хэмжээнд хүрнэ. Иргэн Д.*******гийн хувьд байгууллага нь татан буугдаад ******* ******* Тамгын газар хүлээж авснаас хойш газарт ажилд эгүүлэн тогтоолгох болон цалин хөлсний асуудлаар хандаж байсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санхүүгийн тайланд байгаа өр авлага тухайн байгууллагын зөвшөөрсөн байгаа өр авлага. Тухайн байгууллагад олон ажиллагсадтай байгууллага. Иргэн Д.*******д өр авлагатай талаар хүлээн зөвшөөрчихсөн, ийм өр байгаа талаар  тайланд тусгагдсан байсан бол бид маргахгүйгээр өрөө төлөх талаар шийдэл хайх байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                        

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* аймгийн Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 6.817.323 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг ******* аймгийн ******* ******* газраар сольж түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны цалинд 8.421.327 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн байна.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “...******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор ******* аймгийн Нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж, уг байгууллагын үндсэн хөрөнгийг аймгийн ******* ******* газарт балансаас балансад шилжүүлсэн, уг заалтаар манай байгууллага эрх шилжүүлэн авсан, Нийтлэг үйлчилгээний газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гарсан санхүүгийн тайланд Ж.*******тай холбоотой зөвшөөрсөн өр тусгагдаагүй учраас ******* аймгийн ******* ******* Тамгын газраас иргэн Д.*******гийн нэхэмжилсэн цалинг өгөх хууль зүйн үндэслэлгүй, харин өр байгаа талаар тайланд тусгагдсан байсан бол бид өрийг төлөх талаар шийдэл хайх байсан” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 139/ШШ2018/00710 дугаар шийдвэрээр Ж.*******г урьд эрхэлж байсан ******* аймгийн Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрын ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 3 сар 8 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* аймгийн Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрын даргад даалган шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна./хх-6-8 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.05.06-ны өдрийн 01/352 тоот, 2019.11.29-ний өдрийн 14110133/03 тоот мэдэгдлүүд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогч болох ******* аймаг дахь Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хариуцагч ******* аймгийн Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрыг татан буулгаж, уг байгууллагын үндсэн хөрөнгийг ******* аймгийн ******* ******* газарт балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна./хх-26 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Ж.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг хариуцвал зохих этгээд эрх залгамжлагч ******* аймгийн ******* ******* газрыг хариуцагчаар солиулах хүсэлт гаргасныг шүүх 2020.08.26-ны өдрийн 139/ШЗ2020/02020 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн./хх-33-34 дүгээр хуудас/

******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолын 1-д ******* аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгийг аймгийн ******* ******* газарт балансаас балансад шилжүүлэхээр заасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг татан буугдсан хуулийн этгээдийн эрхийг ******* ******* газар эрх залгамжлан авсан, уг заалтаар татан буугдсан байгууллагын бусдаас авах авлага, өр төлбөрийг ******* аймгийн ******* ******* газар нь бусдаас бүрэн шаардах эрхтэй гэх тайлбарыг үндэслэн хариуцвал зохих этгээд биш гэж хэргийн нөхцөл байдлын талаар маргаагүй тул уг хэрэгт ******* аймгийн ******* ******* газрыг хариуцвал зохих этгээд гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч нь хариуцвал зохих этгээд биш гэж маргахгүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өр төлбөр татан буугдсан байгууллагын санхүүгийн тайланд тусгагдаагүй гэж маргаж байгаа ч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, уг шийдвэр биелэгдээгүй талаар хэргийн үйл баримтыг шүүх дүгнэсэн тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэж хариуцагч ******* аймгийн ******* ******* газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 6.817.323 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэх 1.604.064 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн цалинд 1.604.064 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6.817.323 төгрөгийг гаргуулж, харин хариуцагч байгууллагын татан буугдсан хугацаанаас хойших хугацааны цалинг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд ажил олгогч байгууллага болох ******* аймгийн Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газар татан буугдсан учир уг шаардлагын тухайд хожим нь буюу шүүхийн шийдвэр гарсны дараа уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* ******* газраас ажилгүй байсан хугацааны цалинд 6.817.323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.604.064 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124.027 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн 2020.08.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.620 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.