| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0801/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/973 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/973
2025 4 09 2025/ШЦТ/973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Х.А************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х************* овогтой Хишигтийн А**************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405051310016 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80-3 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, Х************* Ванда овогтой Хишигтийн А**************. /УХ94071549/
Шүүгдэгч Х.А************** нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед согтуурсан үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УАМ 14- 85 улсын дугаартай хохирогч М.Ам**************гийн эзэмшлийн "Тоёота Сай" загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж хугалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А************** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найз залуутайгаа найзынх нь төрсөн өдөр дээр очсон. Тухайн өдөр жүүсний мацаг барьж байсан тул хоол идээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Төрсөн өдөр дуусаад явж байхад найзынх нь дүү нар гэх залуучууд 10 дугаар хорооллоос Андууд хүртэл дагаж ирээд Г************** ахыг авъя гэхээр нь нөгөө газар үлдээгээд явсан гэж хэлсэн.
Би найз залуугийнхаа тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Тэгтэл нөгөө залуучууд намайг зүй бусаар хэлээд байхаар нь тээврийн хэрэгслээсээ бууж очиж нөгөө тээврийн хэрэгслийн толь руу өшиглөсөн. Гэхдээ толь нь бол хугарсан зүйл байгаагүй. Манай найз залуугийн хэлсэн байгаа шиг толь нь дотогшоо эвхэгдсэн байсан. Тэгээд уг нөхцөл байдалд удаан байвал хэрүүл, зодоон болно гэж бодоод тээврийн хэрэгслээ үлдээж, өөрийнхөө тээврийн хэрэгсэл руу очсон.
Тэр өдрийн орой нь 1 пиво уусан. Тэгтэл цагдаа дуудсан. Манай байрны доор камер байхгүй ч гэсэн би тээврийн хэрэгслийн толь руу өшиглөсөн гэдгээ цагдаад хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлэг өгсөн. Тухайн үед намайг 650,000 төгрөг өг гэж хэлсэн. Цагдаа нь бас 650,000 төгрөгөө өгчих, үнэлгээний дүн уг үнийн дүнгээс бага гарвал та эргүүлээд авч болно гэсэн. Тэгэхээр нь би зүй бусаар хэлүүлчхээд байж байхад цагдаа эрүүлжүүлэх руу явна гэхээр нь би уйлсан. Надад ямар нэгэн нотлох баримт байхгүй учир толь нь яг хэзээ хугарсан талаар мэдэхгүй байна. Дараа нь үнэлгээний газраар үнэлүүлэхэд 350,000 төгрөг гарсан байсан. Уг хохирол болох 350,000 төгрөгийг өгье гэхэд шүүхээр орж шийдүүлнэ гэсэн” гэв.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн "... тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын толийг скочоор ороож тогтоосон байх ба скочийг салгаж үзлэг хийхэд толь хэсэг саарал өнгийн утсан дээр тогтож байсан ..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 71 дэх тал/
Хохирогч М.Ам**************гийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээр байх ах Г************** ахыг авахаар ирсэн чинь нэг эмэгтэй ирээд миний машины толийг өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/
Хохирогч М.Ам**************гийн дахин өгсөн "... Би ажлын газрын Баасандорж, Доржнамжин, Галбадрах нарын хамт ажлын газрын Ганаа ахын төрсөн өдөр дээр караокед очоод би буцаад хүн авч ирэхээр яваад хүн аваад ирсэн чинь Ганаа ах Баасандорж, Ганаа найз гэх хүмүүс маргалдсан байдалтай явахаар болсон байсан, би Баасандорж, Галбадрах, Доржнамжин нарыг аваад караокеноос гараад явж байхад 20 минут орчмын дараа Ганаа ах болчихлоо ирээд авчих гэж хэлсэн бөгөөд бид нар очиж авахаар караоке руу өрөө рүү нь ороход хүн байхгүй Ганаа ахын утас холбогдохгүй байсан....... Толь хугалсан эмэгтэй мөнгөө хийх гэж байхад найз залуу нь миний нүүр рүү цохисон....... надад зав гараагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дахь тал/
Гэрч Б.Мөнхбаярын "Манай найз охин Сай загварын тээврийн хэрэгслийн толийг нь өшиглөөд дотор тал руугаа толь эвхэгдээд бид хоёр уурлаад салаад явсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/
Гэрч Баасандоржийн "... Гоо гэх эмэгтэй машинаас уурлаж бууж ирээд Ам**************гийн машины толийг өшиглөөд хугалсан..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дахь тал/
Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БГ1-24-535 дугаартай "2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 350,000 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн шинжээчийн дүгнэлт. /хэргийн 34-35 дахь тал/
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн "... тус тээврийн хэрэгсэлд гадны нөлөөлийн улмаас үүссэн гэмтэл нь сэргээн засварлах боломжгүй. Энэ төрлийн ижил ашиглалттай байсан хөрөнгөөр солих нөхцөлтэй байсан тул ашиглалтын байдал ижил хөрөнгийн нээлттэй зах зээл дээрх үнэ ханшаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлж ажилласан ..., ... тээврийн хэрэгслийн толинд учирсан гэмтэл нь зөвхөн хавтсанд учирсан тохиолдолд засварлах боломжийг судалж авч үздэг. Харин сууриараа хугарсан гэмтэл нь засварлах боломжгүй ..." гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Х.А************** нь тухайн үед үүссэн маргаанаас болж хохирогч М.Ам**************тай маргалдан түүний тээврийн хэрэгслийн толийг өшиглөж хугалан хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.А************** нь М.Ам**************гийн өмчлөх эрхэд халдсаны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.А**************гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч М.Ам**************гийн тээврийн хэрэгсэлд 350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БГ1-24-535 дугаартай /хэргийн 34-35 дахь тал/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Уг хохирлыг шүүгдэгч Х.А************** төлж барагдуулаагүй байх тул түүнээс 350,000 төгрөг гаргуулж хохирогч М.Ам**************д олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Х.А**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.А**************гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3 Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.А************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х************* овогтой Хишигтийн А**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А**************г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А**************г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А************** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А**************гоос 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ам**************д олгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.А************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ