| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00607/И |
| Дугаар | 156/ШШ2018/00632 |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2018/00632
| 2018 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 156/ШШ2018/00632 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00607/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын Баатруудын гудамж Хас банкны байр, Хэнтий аймаг дахь Хас банкны 104 дүгээр салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Мал эмнэлэгийн 1-02 тоотод оршин суух, О.Ц /РД:.../-д холбогдох
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Мал эмнэлэгийн 1-02 тоотод оршин суух, Ж.У /РД:.../
“зээл, зээлийн хүүгийн төлбөр 5 809 617.95 /таван сая найман зуун есэн мянга зургаан зуун арван долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч О.Ц, Ж.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ц, Ж.У нар нь Хас банктай 2017 оны 06 сарын 22-ны өдөр 1040020675 дугаартай барьцаат зээлийн байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 138 888.89 төгрөг, зээлийн хүүд 101 095.89 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 350 хоног хугацаа хэтрүүлээд байна.
1040020675 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 10400020675-01 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.
Үүнд: 1. Ганбатын Урангоогийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1817005650 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000213072 дугаар гэрчилгээтэй Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Д хороолол 1-р гудамж 15 тоотын 700 мкв өмчлөх эрхтэй газар.
2. Г.Г өмчлөлийн нэгж талбарын 2311000548 дугаар, 000152171 дугаар гэрчилгээтэй, Г-1817003295, Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 15-05 тоотын 622 мкв өмчлөх эрхтэй газар.
3. Гэр /5 ханат/
4. Зурагт /42 инч samsung/
5. Хөргөгч / samsung/
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 425.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1040020675 дугаартай бичил зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4 861 111.11 төгрөг, 2018 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 918.151 төгрөг, 2018 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 918 151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 356 нийт 5 809 617.95 төгрөгийг О.Ц, Ж.У нараас гаргуулах, Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан өмчлөх эрхтэй 1 газар, 5 ханатай гэр, зурагт, хөргөгч зэрэг хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэв. /хх-ийн 1х/
Хариуцагч О.Ц нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банкнаас зээл авсан минь үнэн. “Хас банк”-аас анх 2015 онд зээл авч байсан. Тэр зээлээ төлөөд дахин 2017 оны 6 сарын 22-ны өдөр нэмж 5 сая төгрөгийн зээл авсан. Би анх зээлээ аваад ах эгч хоёртоо өгсөн юм. Өөрсдөө төлнө гэж байсан боловч төлөөгүй, уг зээлийг хаахын тулд би дахин 2017 онд зээл авсан юм. Би эдгээр хүмүүсээс болж маш их хохироод байгаа учраас шүүхэд өгч мөнгөө нэхэмжилнэ гэж байсан ч би амжаагүй байгаа юм.
Анх энэ зээлийг манай ах эгч хоёр Хас банкны хүмүүстэй хувилдаж авсан юм билээ. Би энэ зээлийг төлөх ямар ч боломж байхгүй. Би одоо ажилгүй эх******* хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, тусдаа гарч ч чадаагүй байгаа. Г.Гантогоо нь Хас банканд өөрөө зээлээ төлнө Цолмонбаярт хамаагүй гэж бичиж өгч байсан гэсэн. Тэр бичсэн тайлбар нь ч надад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Ж.У нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад нэмж хэлээд байх зүйл байхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй манай нөхөр О.Ц зээл авч өгсөн ах эгч хоёр нь зээлийг нь тухай бүрт нь төлчихнө гэж байсан боловч өгөөгүй. Би ажилгүй, манай нөхөр бас ажилгүй хийхгүй байгаа. Би 2 хүүхдээ хардаг учраас уг зээлийг төлж чадахгүй гэв. /хх-ийн 18х/
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч О.Ц, Ж.У нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 5 809 617.95 /таван сая найман зуун есэн мянга зургаан зуун арван долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Ц, Ж.У нар нь Хас банкны Хэнтий аймаг дахь салбараас 2017 оны 06 сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг авсан болох нь №1040020675 тоот Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-9х/, 2017 оны 06 сарын 22-ны өдрийн №10400020675-01 тоот Баталгаат ипотекийн гэрээний хуулбар /хх-ийн 10-13/, хариуцагч О.Цын тайлбар /хх-ийн 37х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Ц, Ж.У нар нь 1040020675 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 36 сарын зээлийг сар болгон төлөлт хийх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар 350 хоног хугацаа хэтрүүлж, ямар ч төлөлт хийгээгүй байна. Иймд 2017 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцалж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжилсэн дүнгээр зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.Ц, Ж.У нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Хас банкнаас зээл авсан нь үнэн. “Хас банк”-аас анх 2015 онд зээл авч байсан. Тэр зээлээ төлөөд дахин 2017 оны 6 сарын 22-ны өдөр нэмж 5 сая төгрөгийн зээл авсан. Г.Гантогоо гэдэг хүнд тэр зээлийг авч өгсөн. Энэ хүнээс болж бид хохироод байна гэв...
Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч нар нь Хас банкны Хэнтий салбартай 2017 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 350 хоногийн хугацаанд зээлийг графикт хугацаанд нь төлөөгүй, төлөх бололцоогүй гэж мэдэгдэж байгаа нь уг барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан: ...зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэсэн нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ тохиолдолд Барьцаат зээлийн гэрээг дангаар цуцалж буй Хас банкны Хэнтий салбарын үйлдлийг буруутгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Хас банкны Хэнтий салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн мөнгийг улсын орлого болгож, уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж Хас банкинд буцааж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч О.Ц, Ж.У нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5 809 617.95 /таван сая найман зуун есэн мянга зургаан зуун арван долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хэнтий салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107 903.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Ж.У нараас 107 903.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР