| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006390072 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр *******г 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 06-06 тоот өөрийн гэртээ хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн гэртээ хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын үүдэнд хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож харамсаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай эхнэр ******* бид 2 шүүхээр салах өргөдлөө өгсөн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс гэртээ ирэхээ больсон. Тэгээд би гадуур хайгаад олдохгүй болохоор нь цагдаад бүртгүүлсэн байсан чинь 2024 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр цагдаагаас эхнэрийг чинь олсон байна ирж хүлээж ав гэхээр нь яваад очтол манай эхнэр ******* согтуу байснаа намайг хараад ажлын хүнтэй хардаад хэл амаар доромжлоод цохиж аваад байхаар нь гомдол гаргасан. Миний биеийн ар нуруу хэсэг рүү гар цүнхээрээ 2-3 удаа шавхардаж аваад байсан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тийм болохоор би шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулаагүй. Би одоо ч шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Бид хоёр 2010 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулж байсан. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Архи согтууруулах ундааг их хэмжээнд хэрэглэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэдгээс өөр ямар нэгэн шалтгаан байдаггүй. Намайг өмнө нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэл амаар доромжилж биед халдсан. Тухайн үйлдлийг би цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7 хоног баривчлах шийтгэл ногдуулсан. Түүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 16- ний өдөр дахин архи ууж ирчхээд хэл амаар доромжилж биед халдахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу шүүхээс 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан. Түүний дараа 2024 оны 11 сарын 03-ны өдөр дахин хэл амаар доромжилж биед халдсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр намайг зодож, хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Манай эхнэр ******* бид 2 байсан. Өөр хүн байгаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,
.... Надад хохирол учирсан зүйл байхгүй. Надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасны дагуу эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******гийн төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. ******* нь тусархуу зантай. Харилцааны хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар дунд зэрэг байдаг. Хамаатан садангийн хувьд үг дуу цөөтэй байдаг. Би *******гийн гэр бүлээр хааяа ордог. Хааяа хэрүүл маргаан хийсэн байдалтай байдаг байсан. Одоогоор гэрлэлтээ цуцлуулсан тусдаа амьдарч байгаа. ******* хааяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******гийн төрсөн дүү байгаа юм. ******* нь тусархуу зантай. Харилцааны хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар дунд зэрэг байдаг. Би *******гийн гэр бүлээр байнга ордог. Хааяа хэрүүл маргаан хийсэн байдалтай байдаг байсан. Одоогоор гэрлэлтээ цуцлуулсан тусдаа амьдарч байгаа. ******* хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Надад нөхөр *******тай хэрүүл маргаан хийж тухайн асуудлаар шалгагдаж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-47/ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/445 дугаартай шийтгэвэр /хх-ийн 51-52 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/1245 дугаартай шийтгэвэр /хх-ийн 53-54 /, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 55-57/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 58-66/, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/, зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр *******г 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 06-06 тоот өөрийн гэртээ хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн гэртээ хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын үүдэнд хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нөхөр *******г гурваас дээш удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл заавал учирсан байхыг шаардахгүй бөгөөд түүний гурван удаагийн зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн гурван удаагийн гэмт үйлдэл хооронд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа бөгөөд тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэл болсоныг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.6.6 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг “Миний сүлжээ” хүнсний дэлгүүр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ