Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00510

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00510

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.О-ийн,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагч: Г.Э нарт

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.749.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 01 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч, мөн сарын 31ий өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алдармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 27-нд “Шуурхай зар” сониноос үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ 13.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу хариуцагч нартай очиж уулзсан. Бид 15 минут орчим уулзаад надад ТҮЦ-ийг авах нь зөв юм байна гэсэн бодол төрсөн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгө шилжүүлэхээр тохироод би цалингийн зээл 6.000.000 төгрөг авчмөн цалингийн зээлээ төлөхөөр хадгалж байсан 4.000.000 төгрөгийг нэмээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг Г.Э-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн, 13.000.000 төгрөгөөр зарна гэсэн боловч 1.000.000 төгрөгийг татаж танд 12.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Ингээд 12.000.000 төгрөгөөс үлдсэн 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор өгнө гэж би тэр хоёртой тохирсон. ТҮЦ-ийн зөвшөөрөл нь 2017 оны 02 дугаар сарын 24-нд дуусах байсан. Хугацааг үргэлжлүүлж таны нэр дээр гаргаж өгнө гэсэн. Үйл ажиллагааны зөвшөөрөл нь тухайн үед н.С гэж хүний нэр дээр байсан. Яагаад н.Сгэдэг хүний нэр дээр байгаа юм бэ гэхэд н.Снь миний найз, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд нийгмийн ажилтан хийдэг бид хоёрт зөвшөөрөл авч өгсөн, асуудалгүй шилжүүлж өгнө гэсэн. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тухайн ТҮЦ-д 3.000.000 төгрөгний бараа татаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ТҮЦ ажиллуулах хугацаанд өдөр бүр цагдаа нар болон бусад хүмүүс ирж шалгадаг байсан. Ажиллуулж эхэлснээс хойш 3 хоногийн дараа эргүүлийн 2 цагдаа ирж зөвшөөрлийг үзээд хаяг нь “Миний зах”-ын зүүн хажууд гэж байхад яагаад Саппорогийн автобусны буудал дээр байгаа юм бэ гэсэн, би байршил нь зөв гэсэн би яах ёстой вэ гэсэн яриа үүссэн. Энэ талаар би Г.Э рүү утасдаж асуухад зүгээрээ хугацаа нь дуусахаар би гаргуулаад өгнө та санаа зоволтгүй гэсэн. Энэ хооронд үйл ажиллагаа явуулж байхад  шалгалт ирээд байршил нь буруу байна гэдэг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 09-нд газар чөлөөлүүлэх тухай Нийслэлийн газрын албанаас шаардах хуудас ирсэн. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн контейнерийг зарж борлуулдаггүй, бусдад түрээслүүлдэггүй гэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл ирээд, 2016 оны 11  дүгээр сарын 10-ны өдөр хүмүүс ачих гэж эрх бүхий 3 хүн ирж тэнд ажиллаж байсан 7 ТҮЦ-ийг ачихаар болоход 3 нь зөвшөөрөлтэй байсан. Тэгээд үйл ажиллагаа явуулж байсан 2 хүүхэнтэй хамт дүүрэг дээр очиж уулзаад нөхцөл байдлаа хэлэхэд 9 хоногийн хугацаа өгсөн. Тэгээд би ТҮЦ-ийг хураах гэж байгаа талаар Г.Эт хэлэхэд за одоо яахав вэ, бид 2 аргална, н.Төрхүү гэдэг дарга нь манай нөхрийн ах нь байгаа юм гэсэн. Тэгээд наймаа буцахаар болсон. Яг ачигдах үед нь зөвшөөрлийн эзэн н.Сруу залгасан чинь би мэдэхгүй миний найз н.Зоригт гэдэг хэсгийн байцаагч гуйж аваад наад хүмүүст чинь зарсан байсан гэж надад хэлсэн. Би яагаад та нар ингэж хохироож байгаа юм бэ гэхэд  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтан н.Соёлмаа, хэсгийн байцаагч н.Зоригт нараас авсан. Бид нар найз нөхөд учраас хэлж чадахгүй байна. Та н.Зоригттой уулзаад хэл гэсэн. Би хэлснийх нь дагуу н.Зоригттой уулзахад 2016 оны 11 дүгээр сарын 27-нд миний дансанд 3.000.000 төгрөг, Г.Б, Г.Э нар дансаар 2016 оны 11 дүгээр сарын 16-нд 2.100.000 төгрөг дансанд хийсэн байсан. Тэр 9 хоногт би сууж бараагаа заръя гэхэд Г.Э надаас өдрийн түрээс 25.000 төгрөг нэхсэн. Тэгээд би чадахгүй гэдгээ хэлээд бараагаа ачаад явсан. Тэр хүмүүс үргэлжлүүлээд ТҮЦ-ийг ажиллуулж өөр хүн суулгасан байсан. Дараа нь би Г.Бтай уулзахад манай хүн хамт очсон. Бид 2 ТҮЦ-ийг өөр газар тавьж түрээслүүлмээр байна гэхээр нь би ядарсан над шиг хүн хохироох гэж байна гээд ТҮЦ-ийг нь ачилтын унаа дуудаад 100.000 төгрөг төлөөд хашаандаа буулгасан. Би хувьдаа авах санаа байгаагүй. Одоо ч манай хашаанд хэвээрээ байгаа. Мөнгөө яах вэ гэхэд 1 сар 5 хоног ажиллуулсан учраас 800.000 төгрөгний түрээс хасна гэхээр нь би зөвшөөрөөгүй. Та нар хэзээ ч боломжгүй зүйл хийж намайг хохироосон учраас миний зүгээс уг мөнгөө гаргуулна гэж хэлсэн. Би ТҮЦ-ийг худалдаж авахдаа 200.000 төгрөгөөр вакум хаалга надаар хийлгээд үлдэгдэл мөнгөнөөс хасна гэсэн. 4.900.000 төгрөгний үлдэгдэл дээр вакум хаалганы мөнгө 200.000 төгрөг, 100.000 төгрөгөөр ачиж хашаандаа тавьсан, 270.000 төгрөгөөр зориулалтын хөргөгч авч тавьсан, мөн цалингийн зээлийн үлдэгдэл нь 4.900.000 төгрөгний хүүг 1,9 хувиар тооцож 279.300 төгрөг, нийт 5.749.300 төгрөг нэхэмжилж байна, зөрүү болох 151.200 төгрөгөөсөө татгалзаж байна. Уг мөнгийг яаралтай гаргуулан авч цалингийн зээлээ төлөх сонирхолтой байнаБи эдгээр хүмүүсийг миний мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн байрлалаас өөр газарт тавьсан байсанд би гомдолтой байгаа. Хэрэв зөвшөөрөгдсөн газраа байрлалтай байсан бол би хэзээ ч худалдаж авахгүй байсан гэв. гэв.

Хариуцагч Г.Б, Г.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Г.Б, Т.Эрдэнэцэцэг бид Д.О-д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээ 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 10.000.000 төгрөгийг нь авсан. Үлдэгдэл төлбөрийг нь удахгүй 12 сарын 10-ны өдөр өгнө гэж тохирсон байсан. Гэтэл Д.О нь 1 сар 5 хоног ажиллуулаад байж байгаад газар чөлөөл гэсэн бичиг ирсэн гээд мөнгөө буцаан авъя гэсэн. Бид хоорондоо ТҮЦ-ийг ажиллуулсан 1 сар 5 хоногийн түрээс болох 800.000 төгрөгийн түрээсийн төлбөр хасч тооцоод мөнгийг нь буцаан өгөхөөр болж 5.100.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4.100.000 төгрөгийг нь бөөн өгч чадахгүй тул сар бүр 1.000.000 төгрөг өгч төлж дуусгахаар амаар тохирсон. Гэтэл Д.О нь тус тохироог хүлээн зөвшөөрсөн атлаа гэнэт би тэгж авч чадахгүй бөөнд нь авна гэж хэлсэн. Ингээд биднийг мөнгөө өгөхгүй байна гэж ТҮЦ-ийг маань 2016 оны 11 сарын 24 шөнө ачаад явсан байсан. Ингээд хэсэг хугацааны дараа биднийг залилсан хэмээн цагдаад өгсөн. Цагдаа болон прокурорын байгууллагаас биднийг залилсан үйлдэл тогтоогдохгүй, албан ёсны зөвшөөрөлтэй байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тус ТҮЦ эрхлэх зөшөөрөл хууль ёсны бөгөөд бид н.С гэдэг хүнээс өмнө нь худалдаж авсан байсан. Д.Оын хэлсэн шиг зөвшөөрөлгүй, байршил өөрчилж байрлуулсан зүйл огт байхгүй юм. Тухайн өдөр зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг ачсан бөгөөд манай зарсан ТҮЦ зөвшөөрөлтэй тул ачаагүй үйл ажиллагаа явуулж байсан. Прокурорын тогтоол гарсны дараа Д.О нь биднийг ТҮЦ-ээ ав гэсэн бид буцаагаад байранд нь тавиад өг гэхэд уурлаж бидний хооронд үл ойлголцол бий болсон. ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн энэ шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 6 сар хүртэл зөвшөөрөлтэй ТҮЦ-ийг ажиллуулахаар болсон байсан. Хэрэв Д.О нь тус ТҮЦ-ийг маань ачиж яваагүй байсан бол бид 2017 оны 6 сар хүртэл түрээсэлж бид өөрсдөө ажиллуулж болох байсан. Бид хүнийг хохироогоод хэрэггүй гэж бодон ТҮЦ-ээ буцаан авч мөнгийг өгөхөөр болсон байсан. Д.О нь бидний ТҮЦ-ийг ачиж яваагүй байсан бол бид орлогоороо тооцоог аль хэдийн дуусгах боломжтой байсан. Одоо манай ТҮЦ-ний ижил зөвшөөрөлтэй ТҮЦ-нүүд ажиллаж байгаа болно. Бид нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өгөх ёстой 4.100.000 төгрөгийг төлнө. Уг мөнгийг одоо шууд өгөх бэлэн мөнгө байхгүй тул тус ТҮЦ-ний байшинг зарж байж төлөх эсвэл тус байшинг Д.Од үлдэгдэл мөнгөндөө тохирч өгөх хүсэлтэй байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол сар бүр 500.000 төгрөгөөс багагүй мөнгө төлж хурдан барагдуулахыг хүсч байна гэжээ.

                                                                                     Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Б, Г.Э нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.900.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 151.200 төгрөгөөс татгалзаж, 5.749.300 төгрөг гаргуулахаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу Саппорогийн автобусны буудалд байрлах “Түргэн үйлчилгээний цэг”/Цаашид “ТҮЦ” гэнэ./-ийг сонингийн зарын дагуу хариуцагч Г.Б, Г.Э нараас 12.000.000 төгрөгөөр худалдан авахаар  тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагч нарт дансаар шилжүүлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нараас Саппорогийн автобусны буудалд байрлах “ТҮЦ”-ийг худалдан авч, “ТҮЦ”-ийг өөртөө шилжүүлэн ажиллуулж эхэлсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр уг “ТҮЦ”-ийг зөвшөөрөгдсөн түр байрлал болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Миний захын зүүн хажуу талд” гэсэн цэгт байрлуулаагүй гэдэг шалтгаанаар Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудас ирж, 9 хоногийн хугацаанд газар чөлөөлөхийг шаардсан тул нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.О нь “Миний зах”-ын зүүн хажуу талд гэсэн зөвшөөрөлтэй байсан бол би хэзээ ч уг “ТҮЦ”-ийг худалдаж авахгүй байсан, хариуцагч нарт гомдолтой байна, надад энэ байрлалд зөвшөөрөл танил талаараа гаргуулж өгнө гэж хэлээд гаргаагүй тул би над шиг олон хүмүүсийг хохироохгүйн тулд мөн надаас авсан мөнгөө төлж дуустал нь уг “ТҮЦ”-ийг хашаандаа аваачиж тавьсан, энэ хүмүүст гомдолтой гэж эрүүгийн хэрэгт гомдол гаргасан боловч цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хариуцагч нар нь надаас авсан 10.000.000 төгрөгнөөс 5.100.000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 4.900.000 төгрөг болон тус “ТҮЦ”-нд вакум цонх хийлгэсэн 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 4.900.000 төгрөгнөөс сарын 1,9 хувиар сарын хүүг тооцоход сард 93.100 төгрөг болж байгаа, 3 сараар тооцоход 279.300 төгрөгийн хүүг би цалингийн зээлд төлсөн тул уг хүүг хариуцагч нараас гаргуулна. Мөн түүнчлэн  “ТҮЦ”-ийг ачиж явсан хөлс 100.000 төгрөг, уг “ТҮЦ”-нд 270.000 төгрөгөөр хөргөгч авсан, эдгээрийг оролцуулан хариуцагч нараас нийт 5.749.300 төгрөг шаардаж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч Г.Б, Г.Э нар шүүх хуралдаанд ирж мэтгэлцээгүй ба шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас 4.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байдаг. Хариуцагч нар нь татгалзлаа нотолсон нотлох баримт ирүүлээгүй байх ба “ТҮЦ”-ийг ачиж явснаас учирсан хохирол, уг “ТҮЦ” албан ёсны зөвшөөрөлтэй, “ТҮЦ”-ийг 2017 оны 6 сар түрээслэж ашиг олох боломжтой байсан гэсэн тайлбар ирүүлсэн боловч худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна.

Уг гэрээ ёсоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар худалдан авсан гэрээний зүйл болох “ТҮЦ”-ийг худалдагч  Г.Б, Г.Э нар худалдан авагч Д.Од шилжүүлэн өгсөн үе 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс байгуулагдсан байна гэж үзлээ.

Худалдагч Г.Б, Г.Э нар нь харъяа дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “ТҮЦ”-ийг зөвшөөрөгдсөн цэгт түр байрлуулах зөвшөөрлийг авсан зөвшөөрөлтэй гэх боловч зөвшөөрөлд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миний захын зүүн хажуу талд” гэсэн зөвшөөрөлтэйг нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн, анх худалдаж авахад сонингийн зар дээр “Саппоро”-д байрлах “ТҮЦ” зарна гэх зараар худалдсан гэх тайлбар үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар “ТҮЦ”-ийг гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй гэж үзэхээр заасан хэдий ч “ТҮЦ”-ний үйл ажиллагаа эрхлэх, худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг худалдан борлуулахыг хориглодог, дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд үйл ажиллагаа явуулах, түргэн үйлчилгээний цэгийг бусдад давхар түрээслэхийг хориглодог атал худалдан авагч Д.Од худалдан борлуулсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нар нь эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу “ТҮЦ”-ийг нэхэмжлэгч Д.Од худалдсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

            Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул худалдан авагч Д.Отгонжаргад нь гэрээгээр хүлээсэн үүргээ 83.3 хувийг биелүүлсэн боловч худалдагч Г.Б, Г.Э нар нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байна.

Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар харилцан буцаах үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан тул худалдагч Г.Б, Г.Э нар нь “ТҮЦ”-ээ Д.О-аас буцаан авч, худалдан авагч Д.О нь Г.Б, Г.Э нараас “ТҮЦ”-ний үнэд биет байдлаар шилжүүлсэн өгсөн 10.000.000 төгрөгний үлдэгдэл 4.900.000 төгрөгийг буцаан авах үүрэг нэгэн зэрэг үүсч байна. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.100.000 төгрөг төлөгдсөн гэдэг.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.О нь гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6.000.000 төгрөгийн цалингийн зээлийн зориулалтаар барьцаат зээлийн ЗГ201642803720 дугаартай гэрээг байгуулан хүү төлж, сарын 1,9 хувийн хүү хүү төлж байсан нь тогтоогддог, 3 сарын хугацаанд хүүнд 279.300 төгрөг төлсөн гэх тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар давхар тогтоогддог. /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/.

Мөн хариуцагч нарын зөвшөөрөлтэйгээр тэдний зөвшөөрлөөр “ТҮЦ”-ийг засан сайжруулалт хийж 200.000 төгрөгөөр вакум хаалга хийлгэсэн гэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар бусдын өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан тул уг 200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 205.7, 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Э нараас 5.379.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгуулах, нэхэмжлэгч Д.О-ын эзэмшилд байгаа “ТҮЦ”-ийг хариуцагч нарт шилжүүлэн өгөхийг түүнд даалгах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч өөрийн сайн дураар хариуцагч нарын эзэмшлийн “ТҮЦ”-ийг өөрийн хашаанд ачиж байрлуулахад гарсан 100.000 төгрөгийн тээвэрлэлтийн хөлс, уг “ТҮЦ”-нд зориулж 270.000 төгрөгөөр хөргөгч авсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагч нар “ТҮЦ”-ний үйлчилгээг сайжруулах зорилгоор хөргөгч авах үүргийг нэхэмжлэгчид өгөөгүй, зөвшөөрөөгүй, түүнчлэн “ТҮЦ”-ийг ачиж явахыг зөвшөөрөөгүй, “ТҮЦ”-ийг барьцаалах болон өөр бусад гэрээний үүрэгт өөрийн эзэмшилд шилжүүлэх хэлцэл хийгээгүй, үүрэг үүсээгүй байхад уг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Б, Г.Э нараас 101.019 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Од олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 205.7, 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Э нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.379.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан Д.О-ын эзэмшилд буй “ТҮЦ”-ийг хариуцагч Г.Б, Г.Э нарт буцаан өгөхийг нэхэмжлэгч Д.Од даалгасугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Б, Г.Э нараас 101.019 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.Б