| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/981 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/981
2025 4 10 2025/ШЦТ/981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч З.Бат-Амгалан,
хохирогч М.М*******-****,
шүүгдэгч М.Ч***********, Б.Д*********, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас ********** овогт Б*******ийн Д*********, Б*********** овогт М************ын Ч*********** нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 241000221**** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19**** оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** ХХК-д угаагч машин баригч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт ***** дүүргийн 21 дүгээр хороо, ***** **** дугаар гудамжны ***/* тоотод оршин суудаг, Б******** овогт М*****ын Ч***********. /************/
Монгол Улсын иргэн, 19*** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д угаагч машин баригч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт **** дүүргийн 33 дугаар хороо, **** * дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, ***** овогт Б*******ийн Д*********. /*************/
Шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юби сити зочид буудлын 2 давхрын ариун цэврийн өрөөнд үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хохирогч М.М*******-****ын биед халдан зодож эрүүл мэндэд нь 2 шүдний сулрал, уруулд шарх, баруун нүдний зовхи, баруун чамархайн хуйх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, баруун, зүүн алга, баруун сарвууны 2-р хуруу, зүүн бугуйд зулгаралт, баруун нүдний зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч*********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д********* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М*******-**** мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 23-нд Хас шонхор ХХК-ын шинэ жилийн үдэшлэг болсон. Компанийн захирал албан ёсоор нээлт хийснээс хойш 20-30 минутын дараа ариун цэврийн өрөө ортол М.Ч***********, Б.Д********* нар нь “дуу дуулсангүй, чи дуугай бай” хэмээн миний эрхэнд халдсан.
Тэгэхээр нь би “та хоёр миний дууг хорихгүй” гээд маргаан эхэлсэн. Уг маргаанаас болж зодуулсан бөгөөд 2 шүд хөдөлсөн, мэдрэлийн судас нь гэмтсэн. Үүний хор уршиг нь 2-3 жилийн дараа мэдэгдэнэ. Одоогоор шүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, шүүх эмнэлэгт үзүүлсэн, хувийн эмнэлгээр явж шүдний дэлгэмэл зураг авхуулсан. Мэргэжлийн шүдний эмчээс зөвлөгөө авахад цаг хугацааны явцад шүдний өнгө нь өөрчлөгдөөд ирэхээр эмчлүүлж болно гэсэн.
Цаашид гарах зардлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Одоогийн байдлаар гомдол саналын талаар мэдэхгүй байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгосон. Дуулаагүй гэх шалтгаанаар хоёр хүнд зодуулсан бол одоо гарч байгаа зардал их байна. Би урьд шөнө Дорноговь аймгаас шөнөжин явж ирсэн” гэв.
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 28-30 дахь тал/,
Хохирогч М.М*******-****ын мөрдөн байцаалтад өгсөн “Миний ажилладаг Х*********** ХХК-н шинэ жилийн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Юби Сити хотелын 2 дугаар давхарт болсон бөгөөд би тэр арга хэмжээн дээр дуу дуулах ёстой байсан.
Ингээд би 19 цагийн орчимд дуулахаасаа өмнө тамхи татах гээд ариун цэврийн ороход манай ажлын газрын Ч*********** зогсож байсан. Тэгтэл Ч*********** надад хандаж "Чи дуулчихгүй компаний нэр хүнд доош татлаа" гээд над руу зандарсан бөгөөд би хариуд нь “Би үнэхээр дуулж амжсангүй ээ, гэхдээ яг үндсэн компанийхаа шинэ жил дээр дуулчихъя” гээд хэлээд зогсож байхад гаднаас Д********* орж ирж сонсож байгаад надад хандаж "Чи дуугүй байж бай, Ч*********** чамд юм хэлээд байгаа юм биш үү" гэж хэлсэн.
Тэгэхээр нь би Д*********д хандаж "Бид хоёр хоорондоо ярилцаж байна, би үнэхээр амжаагүй гэдгээ Ч***********т хэллээ" гэхэд Ч*********** надад хандаж "Чи харин чимээгүй байж бай, чамд юм хэлээд байгаа юм биш үү? Чи компаний нэр хүнд унагачихаад гээд зандраад дээрэнгүй өнгөөр хэлэхээр нь би "Энэ ер нь та хоёрт ямар ч хамаа байхгүй, нэгдсэн удирдамж байхгүй” гэж хэлчихээд гарах гэхэд хаалганы хажууд Д********* зогсоод байхаар нь би цээж руу гараа зангидаж байгаад “Та хоёр ер намайг дуугүй байлгахгүй шүү" гэж хэлээд түлхэхэд Ч*********** шууд миний зүүн шанаа руу цохисон.
Тэгэхээр гэж хэлээд түлхэхэд Ч*********** Д********* нар намайг барьж аваад дээш харуулж унагаагаад дээрээс хоёулаа миний нүүр рүү тус бүр дөрвөөс таван удаа цохисон. Тэр үед би гараараа нүүрээ дарсан байж байгаад доошоо унахад миний дээрээс нүүр цээж хэсэг рүү дэвсэлж гутлынхаа үзүүрээр өшиглөсөн.
Тэр үед ариун цэврийн өрөөний угаалтуур хагараад шалаар нэг ус болсон. Ингээд намайг босох гэж оролдож байхад гаднаас бас нэг хүн орж ирээд араас хавирч унагаад дахиад өшиглөөд эхэлсэн. Тухайн үедээ би гаднаас хэн орж ирж намайг унагасан талаар хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Д********* Ч*********** хоёр намайг цохиж өшиглөсөн. Тэгээд намайг тэд нараас гараад ариун цэврийн өрөөний гадаа зогсож байхад Очироо гэх нэртэй манай ажилд хуучин ажиллаж байгаад гарсан гэх хүн ирээд намайг боогоод хойшоогоо хоёр удаа хана мөргүүлээд гурван удаа миний нүүр рүү цохисон ба цаанаас манай цехийн ажилчид гарч ирээд намайг салгаж авсан.
Үүний дараа баяр болж байсан зааланд ороод би Д*********гийн баруун шанаа руу нь нэг удаа цохиод сууж байсан сандалтай нь хамт хойш нь татаж унагасан бөгөөд зааланд байсан хүмүүс бид нарыг салгасан. Ийм л зүйл болсон.
Д*********гийн цээж рүү нь гараа зангидаж байгаад түлхсэн ба зодуулсныхаа дараа арга хэмжээ болж байсан зааланд ороод нэг удаа баруун шанаа руу нь цохиод сууж байсан сандалтай нь цуг хойш нь татаж унагасан Бусдаар бол би Ч***********, Очироо болон өөр хүний биед халдсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж, хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дахь тал/
“… Одоогоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Нэхэмжлэх зүйл одоо бэлэн биш байна, яг одоо гаргаж өгөх боломжгүй байна. Би өөрийн зүгээс нэхэмжлэх зүйлийг шүүх хурал дээр гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43, 52 дахь тал/
Гэрч С.Батмөнхийн “Тухайн өдөр манай Х*********** ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Юби Сити хотелын 2 дугаар давхарт шинэ жилийн арга хэмжээ зохиосон.
Ингээд шинэ жилийн хөтөлбөрийн дундуур 19 цагийн орчимд ариун цэврийн өрөө рүү очиход ариун цэврийн өрөөний гадаа Д*********, Ч*********** нар Мөнх- Оргилийг заамдчихсан, М*******-**** нь зөрүүлээд Д*********, Ч*********** хоёр заамдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь дундуур нь "Боль, тавицгаа" гэж салгаад Д*********, Ч*********** хоёрыг "Явцгаа" гэж холдуулчихаад эргээд харахад Очироо гэх хүн М*******-****ыг заамдаад зогсож байсан.
Тэр үед нь би мөн Очироо М*******-**** нарыг салгаад хоёр тийш нь явуулсан. Тэгээд намайг буцаад арга хэмжээ болж байсан зааланд очоод суухад М*******-**** ирээд надад хандаж “Ч***********, Д********* нар "Чи компаний нэр хүнд бодсонгүй, дуулчихад яадаг юм?" гээд намайг ёвроод байхаар нь Ч***********ыг цохичихсон. Тэгээд л ийм юм болсон” гэж хэлсэн. М.М*******-****ын өмсчихсөн байсан улаан цамц нь энд тэнд урагдаад салбайчихсан, хүзүүчих, чамархай хэсэг зулгарчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54 дэх тал/
Гэрч С.Очирын “Тэр өдөр миний хуучин ажиллаж байсан Хавтшонхор ХХК-н шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юби Сити нэртэй зочид буудалд болж би тус арга хэмжээнд оролцсон юм.
Ингээд орой нь би ариун цэврийн өрөө ороход миний зүс таних Чулуун болон нэрийг нь сайн мэдэхгүй бас нэг зүс таних залуу М*******-**** гэх залуутай ариун цэврийн өрөөнд байсан заамдалцаад зогсож байхаар нь би дундуур нь ороод "Хүүе энэ чинь юу болоод байна вэ? Больцгоо" гэж хэлээд салгах гэж оролдоход М*******-**** гэх залуу шал согтуу намайг "Чи хэн юм бэ? Хөгшин төгцөг минь" гээд заамдаад авахаар нь би нүүр хэсэгт нэг удаа алгадсан.
Тэгэхэд нөгөө хэд намайг "Хүүе Очироо ах болохгүй" гээд салгахаар нь би ариун цэврийн өрөөний халхавчтай суултуур руу ороод бие засаж байхад хойно пижигнэлдээд тас няс гэж дуу чимээ гарахаар нь би гараад очсон. Тэгэхэд Чулуун гэх зүс таних залуу М*******-**** гэж залуутай газарт уначихсан ноцолдож байсан.
Тэгэхээр нь би ариун цэврийн өрөөнөөс гараад захирал Батмөнх рүү очоод "Ариун цэврийн өрөөнд хоёр залуу зодолдоод юм хум хагалж эвдээд байх шиг байна, очоорой" гэж хэлчихээд ширээн дээрээ очоод суусан. Би нүүр хэсэгт нь нэг л удаа алгадсан. Бусдаар зодож цохисон зүйл бол байхгүй. Энэ явдлаас хойш шинэ жилийн арга хэмжээн дээр ч таараагүй. М.М*******-**** нь бол нэлээн уучихсан, шал согтуу харагдаж байсан, Чулуун болон нөгөө зүс таних залуу хоёр бол гайгүй л байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №806 дугаартай:
“1. М.М*******-****ын биед 2 шүдний сулрал, уруулд шарх, баруун нүдний зовхи, баруун чамархайн хуйх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, баруун, зүүн алга, баруун сарвууны 2-р хуруу, зүүн бугуйд зулгаралт, баруун нүдний зовхи, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 61 дэх тал/
М.Ч***********ын яллагдагчаар өгсөн “… Д********* бид хоёр М*******-****ыг томроод байхаар нь нийлж зодсон нь үнэн. Би өөрийн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Д********* бид хоёр М*******-****ын хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79-80 дахь тал/
Б.Д*********гийн яллагдагчаар өгсөн “…Ub city зочид буудал, ресторанд манай Х*********** ХХК-ий шинэ жилийн баярын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болж байсан юм.
Тэгээд би өөрийн найз Ч***********тай ариун цэврийн өрөөнд бие засаад зогсож байхад Мөнх- Оргил гаднаас орж ирсэн. Тэгээд Ч*********** бид хоёр М*******-****д хандан "чи хөгшөөн гоё дуулдаг юм байж баяр дээр дуулчихгүй яасан юм бэ" гэж хэлэхэд М*******-**** нь бид хоёрт "урилгагүй би дуулдаггүй юм, урилга өгөөгүй байхад дуулж яах юм бэ" гэж хэлсэн. Энэнээс болж Ч*********** бид хоёр М*******-****той маргалдаж эхэлсэн. Гэхдээ учиргүй сүртэй маргаан, хэрүүл болоогүй, энэ талаар ярилцаад байж байсан.
Тэгээд би Мөнх- Оргилыг баруун гараараа зүүн мөр рүү нь хоёр удаа хатгаж түлхэхэд М*******-**** намайг шанаа руу хальт цохичихсон. Тэгэхээр нь Ч*********** М*******-****ыг тэвэрч аваад газар унасан. Тэгээд Ч*********** М*******-**** хоёр газар ноцолдож эхэлсэн. Дараа нь Ч*********** М*******-****ын дээр нь гарч суугаад цээж, хоолой руу нь түлхээд байж байхад би М*******-****ын гэдэс хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал гаднаас хүмүүс орж ирээд бид гурвыг салгасан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 83-85 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нар нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юби сити зочид буудлын 2 давхрын ариун цэврийн өрөөнд хохирогч М.М*******-****той үл ялих зүйл буюу байгууллагын шинэ жил дээр дуулсангүй гэдэг шалтгаанаар маргаан үүсгэж, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж түүний биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж бие биеийнхээ эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд хохирогч М.М*******-**** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байна.
Харин хохирогч М.М*******-**** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн 676 дугаар дүгнэлтээр “ ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ.
Иймд М.М*******-****ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсны доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 4,99 хувиар үржүүлж нийт 2,744,500 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 1,372,250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч М.Ч***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Д*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэн, шүүгдэгч Б.Д*********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, М.Ч***********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус төгрөгөөр торгож, тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ч***********, Б.Д********* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З*********овогт Б***********ийн Д*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б********** овогт М*********ын Ч***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ч***********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д*********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ч***********, Б.Д********* нарыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ч***********, Б.Д********* нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Ч***********, Б.Д********* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар М.Ч***********аас 1,372,250 төгрөг, Б.Д*********гээс 1,372,250 төгрөг гаргуулж хохирогч М.М*******-****д олгож, М.М*******-**** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ч***********, Б.Д********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ