2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1043

 

 

 

 

 

 

 

 

    2025          4          15                                             1043

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.М*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Суваргачин овогт Сосорбарамын М***********ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405020371037 дугаартай хэргийг 2024 оны 11 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 10-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, С********** овогт С*************ын М*********** /****************/.

Шүүгдэгч С.М*********** нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч С.Г**********г Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн ард аюуш 25/3 гудамж 56 тоотод гэртээ байхад нь орж утсаар чинь яриад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн 250,000 төгрөгийн үнэ бүхий Redmi note 8 pro загварын гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М***********: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч С.Г**********гийн мөрдөн байцаалтад өгсөн “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 19 минутын үед байхаа гаднаас үл таних 40 гаран насны өндөр бор царайтай хүн орж ирээд "цагдаа байна уу" гэж асуухаар нь би тийм хүн байхгүй ээ гэтэл утсаар чинь яриад өгье гэж миний утсыг аваад гадаа ярьж сууж байгаад гэнэтхэн цаашаа гүйгээд авчихсан учир цагдаагийн байгууллагад хандсан.

2024 оны 12 дугаар сард 750,000 төгрөгөөр худалдан авсан. Редми Нөүт 9 про маркын хар өнгөтэй, содон шинж тэмдэг байхгүй.

... Мэднэ, бид хоёр энд ирээд 2 жил болж байна. 40 орчим настай, хар баргар царайтай хар куртка, хар өмдтэй, 175 см орчим өндөртэй, шөвгөр царайтай биерхүү хүн байсан. Тэр хүн миний 89381828 дугаараас 80505073 дугаар луу залгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 924/9892 дугаартай “...Үнэлэгдэж буй Редми Нете 9 про марк загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 250,000 төгрөгөөр үнэлэв....” гэсэн тэмдэглэл /хэргийн 31-34 дэх тал/

 

С.М***********ын яллагдагчаар өгсөн “... Зурагтын эцэст байдаг Хаагий гэдэг ахын гэрт очоод архи уусан. Тэднийхээс гарч яваад хаалга нь онгорхой айл байсан хоёр ах, эгч архи уугаад сууж байсан. Тэгээд эгчээс нь гар утсаараа яриулчихаач гэж гуйсан. Тэгээд би яриагүй шууд гар утсыг нь аваад явчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 144 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч С.М*********** нь хохирогч С.Г**********гийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж  хуурч 250,000 төгрөгийн үнэ бүхий “Ред ми нөте 9 про” загварын гар утсыг нь авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.М*********** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.М***********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.М***********ын үйлдлийн улмаас хохирогч С.Г**********д 250,000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.М***********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.М*********** нь шүүхээс оргон зайлаад 2025 оны 2 дугаар сарын 06-нд баривчлагдаж өнөөдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.М***********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 68 хоногийн нэг хоногийг 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход нийт 68.7 хоног болж байна.

Иймд түүнд оногдуулсан  ялыг дүйцүүлэн тооцож 550 цаг нийтэд тустай ажил хийлгэж ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С************ овогт С***********ын М***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М***********ыг 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.М***********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 68 хоногийн нэг хоногийг 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

 

4. Шүүгдэгч С.М***********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.М*********** баривчлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар С.М***********аас 250,000 төгрөг гаргуулж хохирогч С.Г**********д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М***********ад авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ