| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0367/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 20
Г.Л-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0367/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Хохирогч Г.Д-
Шүүгдэгч Г.Л-
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, Г-гийн Л-эд холбогдох, 2018000000403 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Т- овогт Г-гийн Л-.
Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 8 дугаар орцны 00 тоотод иргэн Г.Д-г зодож эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Т- овогт Г-гийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Л-эд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Хохирогч Г.Д-гийн Н.М-т холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Д- давж заалдах гомдолдоо:
Би 2021 оны 02 сарын 25-ны өдрийн шүүх хуралд би өөрийн биеэр суусан. Өмнөх шүүх хурлуудад сууж байгаагүй. Энэ хэрэг дээр намайг зодож гэмтэл учруулсан хүн бол М- юм. Гэтэл энэ хурал дээр Г.Л- зодсон гэж яригдлаа. М- 2 удаа намайг зодсон.
2020 оны 06 сарын 17-нд Л-тэй манайд ирээд архи ууж байхаар нь би надаас авсан мөнгөө өг гэхэд өгөхгүй гээд зодсон. Тухайн үед хамаг бие өвчин, гар хөл хөх няц болсон байсан. Гар хөл хөдөлж болохгүй байхад Л- асраад М-ыг цагдаад хэлээд яахав ахиад ингэхгүй байх гэхээр нь цагдаад өгөөгүй.
Тэр өдөр М- миний утсыг авна гээд надтай ноцолдоод гарыг мушгиад гэмтээсэн. Би утсаа авах гээд машинаас нь чаргууцалдаад авч чадаагүй хоцорсон.
2020 оны 09 сарын 21-ний өдөр Л-, М- хоёр хамт байхад би бас мөнгөө нэхээд муудалцсан. Утсыг минь өгөхгүй байсан.Бас мөнгө өгөхгүй гээд намайг цохиж, элдэв муу үгээр доромжлоод, багалзуур шахаад Г.Л- салгасан юм. Энэ хэрэг М- миний мөнгө, утсыг өгөхгүй гэж хэрүүл болоод намайг багалзуурдаад ор луу түлхсэн. Би дотор муухай болоод ухаангүй болсон, Г.Л- салгасныг мэдэж байна.
Удаа дараа намайг зодож дээрэлхээд, утас дээрэмдээд, тэгээд намайг буруутай гэж худлаа ярьсан М-т гомдолтой байна. Тэр өдөр намайг М- архиар шахаад уулгасан. Би архи уудаггүй хүн. Эд нар намайг дээрэлхээд архи авч өг гэж хэлдэг, мөнгө төгрөг нэхдэг, зээлдэг. Эхлээд би итгээд гайгүй ханддаг байсан. Сүүлдээ намайг дээрэлхээд, цусгүй цохиж унагаана, ингэдэг байхгүй юу хардаа ингэж цохидог юм. Л- хардаа гээд ор луу цохиж унагаасан. М- өмнө нь хэрэг хийж байсан гээд хэргийг нь Л- даана гэж тохирсон нь үнэн байна. Би хуралд ороогүй болохоор нарийн учрыг мэдээгүй байсан.
М- л буруутай гэж бодож байсан. Хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү. Намайг зодсон жинхэнэ эзэн нь М- юм гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Д- тайлбартаа:
Намайг н.М- зодсон Г.Л- түүнийг өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гээд хэргийг нь даахаар тохирсон гэдгийг сүүлд мэдсэн. Г.Л- намайг зодож цохиогүй түүнд гомдолгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Л- тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Хохирогч н.М- намайг зодсон гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийг мөрдөн шалгах хугацаанд тийм зүйл тогтоогдоогүй. н.М- нь тухайн үед зодооныг салгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тогтоогддог. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.Л-, хохирогч буюу түүний хамтран амьдрагч Г.Д-, гэрч Н.М- нар хамт ууж байгаад шүүгдэгч Г.Л-, хохирогч Г.Д- нар маргалдахад нь хамт архи ууж байсан гэрч Н.М- тэдний маргааныг зогсоосон.., энэ үед Г.Д- ...чамд ямар хамаатай юм бэ... гээд Н.М- луу дайрч түүний толгойн тус газар нь цохих үед Г.Л- тэднийг салгаж Г.Д-г түлхэхэд Г.Д- орон дээр унасан, дараа нь Г.Л- гадаа гарч машиндаа суух гэхэд нь Г.Д- машины хаалганы шилнээс зууралдахад нь гараас нь татаж машинаас холдуулсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын улмаас хохирогч Г.Д-гийн биед сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд / х.хийн 19-р хуудас/ хэрэг үйлдэгдсэний маргааш буюу 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн яаралтай тусламж дуудаж үзүүлсэн тухай баримт, /х.хийн 20-21-р хуудас / дээрх гэмтлийн улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх, картын хуулбар /х.хийн 53-70-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг, мөн хохирогч Г.Д-, гэрч Н.М- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
Мөн хэрэгт шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэрт амьдардаг хамтран амьдрагчид учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэн Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ тогтоожээ. / х.хийн 20-21-р хуудас /
Шүүгдэгч Г.Л-ийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон бөгөөд анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримт, гэрч хохирогчийн мэдүүлгээс үзэхэд хохирогчийг шүүдэгч Г.Л-ээс өөр этгээд буюу гэрч Н.М- зодсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд хохирогч Г.Д- нь зөвхөн давж заалдах гомдолдоо энэ талаар бичсэн боловч шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн улсын яллагчийн дүгнэлтийг няцааж чадахгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Д-гийн гаргасан ...намайг гэрч гээд байгаа Н.М- зодсон.., тэр өдөр намайг М- архиар шахаад уулгасан., би архи уудаггүй хүн.., Эд нар намайг дээрэлхээд архи авч өг гэж хэлдэг, мөнгө төгрөг нэхдэг, зээлдэг.., сүүлдээ намайг дээрэлхээд, цусгүй цохиж унагаана гэж ярьдаг.., М- өмнө нь хэрэг хийж байсан гээд хэргийг нь Л- даана гэж тохирсон нь үнэн байна.., гэмт хэргийн улмаас 10.0 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийгдсэн., Л- бид хоёр одоо хамт амьдарч байгаа.., М- намайг зодсон учир үнэн зөвийг тогтоож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Д- нь гэмт хэргийн улмаас эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА