Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0077/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Сурган хүмүүжүүлэгч О.Болормаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Насанд хүрээгүй 

шүүгчдэгчийн хууль ёсны 

асран хамгаалагч О.Оюунцэцэг

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мөнх-Эрдэнэд холбогдох 201723000101 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

    Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Оюунцэцэгийн Мөнх-Эрдэнэ /РД: СЖ02272333/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд оршин суух иргэн Ц.Одонжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 960.000 төгрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчоор Ц.Одонжаргалын “...сонгуулиа өгөөд 30 орчим минут болоод эргээд гэртээ очиход манай байшингийн баруун талын цонхны поорчиг онгойчихсон байсан тэгэхээр хаалгаа онгойлгоод зурагтны ард байсан паасктай мөнгөө үзэхэд хулгай авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 19 тал /

Гэрч Н.Дуламхандын “...Ингээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр юм даа нэг өдөр О.Мөнх-Эрдэнэ бас нэг хүүхдийн хамт орж ирээд бэлэн гоймон, гар чийдэн гэх мэт зүйлс худалдаж аваад бүхэл 20000 төгрөг өгөөд худалдаа хийгээд гарсан... гэх мэдүүлэг /хх 35 тал/  

О.Мөнх-Эрдэний сэжигтээр мэдүүлсэн: “...2017 оны 04 сарын 02-ны өдөр 16 цагийн үед Онон хороонд байдаг Одонжаргал ахын гэр лүү ноолуур өгөхөөр очсон, би ээжийнхээ өгсөн 700 грамм орчим ноолуурыг өгөх гэж байсан. Намайг очих үед байшинд нь хүн байхгүй болохоор нь хашаанд нь хэсэг хүлээсэн, тэгээд байшингийнх нь тэр хавиар явж байтал баруун талынх нь цонхны салхивч онгорхой байхаар нь гэрт нь ноолуур байвал хулгайлж авъя гэж бодоод тэр цонхоор нь дотогшоо орсон, гэрт нь ноолуур байгаагүй, харин зурагтныг нь тавиурны ард талд гэдсээрээ зүүдэг хар өнгөтэй юманд 20000-т 10000-т 5000-тын дэвсгэрт бүхий мөнгө байсан, би тэр үедээ мөнгийг тоолж үзэлгүй аваад буцаад цонхоор нь гарсан...” гэх мэдүүлэг /хх 39-40 тал/ 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9 тал/

О.Оюунцэцэгийн хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 тал/

Эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12-13 тал/ зэрэг баримтууд болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд оршин суух иргэн Ц.Одонжаргалын байшингийн цонхоор буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж 960.000 төгрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Одонжаргалын ... О.Мөнх-Эрдэнэ ... миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болон бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлтүүд зэргийг харгалзан үзэж тул түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  НЬ :

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Мөнх-Эрдэнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, эх Т.Оюунцэцэгийн хяналтанд байлгасугай.

3. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь дээрх хугацаанд засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг түүнд анхааруулсугай.

   4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл О.Мөнх-Эрдэнэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Ц.МӨНХТУЛГА