2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1141

 

 

 

 

                                                                                                                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2510011580430 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ****** оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, сантехник, инженер мэргэжилтэй, “********” сувиллын газарт ашиглалтын инженер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******** дугаар хороо, ******* байрны ****** тоотод оршин суух,

урьд  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******,********,*********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2510011580430 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ******* мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-23 дахь тал),гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч ********** мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 49-50 дахь тал),цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 09 дэх тал), мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт “сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл” -ын загвар ( хавтаст хэргийн 14 дэх тал), “..манай ээжийн салсан нөхөр ажил дээр нь ирээд  зодсон байна..”гэх дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 09  дэх тал), аюулын зэргийн үнэлгээ ( хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2510011580430 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар цэцэрлэгт өмнө нь хамтран амьдарч байсан ******** “хүүхэд харсангүй, гэрт нь хаялаа, өөр хүнтэй явалдаа” гэх шалтгаанаар маргалдаж,  нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хан хиллс” хотхоны арын зам дээр тээврийн хэрэгсэлд дотор үснээс нь зулгааж, нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа тус тус цохиж, эрүүл мэндэд нь баруун доод зовхи, доод уруулын салст, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, зүүн хөхлөг сэртэн, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ****** “...Би ******* гэх хүнтэй албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй 2019 оноос 2020 он хүртэл хамтран амьдраад дундаасаа нэг охинтой. 2022 оноос хойш хамт амьдрахаа больсон боловч хүртэл салж өгөхгүй байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ****** дугаар цэцэрлэг дээр ажлаасаа гарах ангидаа хувцсаа солиод байж байсан чинь хамтран амьдрагч ******* нь гэнэт орж ирээд “чи муу яасан даварсан гичий вэ, утсаа салгаад надаас хаа холддог юм гичий гэж хэлээд миний нүүр лүү хоёр удаа, гуя руу хоёр удаа өшиглөөд байж байтал манай ажлын арга зүйч ****** гэх эгч орж ирээд “юу болоод байна” гэж хэлсэн чинь ***** “энэ янхан өөр хүнтэй явалдаад миний хүүхдүүдийг гэрт нь гаднаас цоожлоод хаядаг манай хүүхдийн үс нь хүртэл бөөстөөд ийм л арчаагүй гичий” гэж хэлэхээр нь манай арга зүйч ангиас гараад явсан. Тэгээд би хувцсаа солиод ******* хамт “Хан хиллс” хотхон арын зам дээр машинаа үлдээсэн гээд тухайн газар руу хамт яваад машинд нь суусан чинь” чам шиг араатантай, араатан шиг харьцана” гэж хэлээд миний үснээс зулгаагаад нүүр лүү хоёр удаа цохиод машинаасаа бууж ирээд миний хаалга онгойлгоод буу гээд байсан. Тэгээд тухайн машинд манай 5 настай охин айгаад уйлаад байсан болохоор машинаас нь би бууж чадаагүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-23 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг болж байхад гэртээ сууж байтал миний ээж ******* гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд би ээжийг угтан авах үед миний ээж хүнд зодуулсан байдалтай, хоёр нүд нь хөхөрч хавдсан, доод уруул нь язарсан, хамар нь хавдсан, баруун гарын долоовор хурууны дээд үе нь хөхөрч гэмтсэн байсан. Тэгэхээр нь би ээжээс юу болсон талаар, хэнд зодуулсан талаар асууж тодруулахад “***** ээжийг нь өнөөдөр орой ажил тарж байхад ажил дээр дараа нь машиндаа оруулж байгаад зодчихлоо" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 30-31 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** “...Би ****** гэх хүнийг таних болно. ****** нь миний ажилладаг Хан-Уул дүүргийн ******* дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг юм. Би энэхүү цэцэрлэгтээ 2023 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна, харин ******** нь энэхүү цэцэрлэгт 2024 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Бид хоёр ажлын харилцаа холбоотой хүмүүс юм. Манай ажил мэргэжлийн онцлог гэх юм уу даа, хүүхдүүдийн эцэг эхээс гомдол гардаг учраас би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой хүүхэд тарж байх үед манай цэцэрлэг дээр хэн нэгний эцэг эх нь ******* багш руу гомдол гаргаж байна гэж бодсон. Учир нь тухайн ******* багшийн ангид эрэгтэй хүний чанга дуу хадаад байсан. Тэгэхээр нь би тухайн анги руу юу болсон талаар олж мэдэх гээд ортол ***** багш нь нэг эрэгтэй хүнтэй хамт байсан. Би ер нь бол ******** багшийн талаар тийм ч сайн мэдэхгүй, гэр нь хороололд, нэг хүү, нэг охинтой гэж мэднэ. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тэгсэн чинь тухайн эрэгтэй хүн надад хандаж “танай энэ багш чинь хүн амьтантай явалдаад тухайн явалдсан хүнийх нь эхнэр нь над руу залгаад байна” гэж хэлсэн. Тэр үед ангийн үүдэнд хүүхдүүдээ аваад явж буй эцэг эхчүүд байсан учраас би ангиас гараад хаалгыг хааж тухайн эцэг эхчүүдийг холдуулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр ангиас буюу цэцэрлэгээс хамтдаа гараад явсан. ******* нь тухайн өдрийн маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа ирээгүй, чөлөө авсан болно. Асууж тодруулахад **** нь “нөхөртөө зодуулсан, нүүр ам нь хөхөрчихсөн учраас хүүхдүүдээ харж ажилдаа явж чадахгүй байна” гэж хэлсэн. Ингээд ******* нь бүр албан ёсны чөлөө авч 7 хоног ажилдаа ирээгүй болно...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/2854 дугаартай “...****** биед баруун доод зовхи, доод уруулын салст, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн доод зовхи дээд уруулын дотор салст, зүүн хөхлөг сэртэн, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсэн боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 49-50 дахь тал),

           цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 09 дэх тал),

мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт “сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл” -ын загвар ( хавтаст хэргийн 14 дэх тал),

“..манай ээжийн салсан нөхөр ажил дээр нь ирээд  зодсон байна..”гэх дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 09  дэх тал),

аюулын зэргийн үнэлгээ ( хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогч ********  нүүрэн тус газарт гараараа удаа дараа алгадаж цохисон, үснээс нь зулгааж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2  дахь заалтад зааснаар  “...энэ  хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...” гэж заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2510011580430 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахгүй талаар хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 89 дэх тал) байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

 

Хохирогч ******** нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан  зардал 124,762 төгрөгийг  шүүгдэгч төлж барагдуулаагүй тул шүүгдэгч ******** 124,762 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ******* 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Эрүүгийн 2510011580430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ******,******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******** 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********* 124,762  (нэг зуун хорин дөрвөн  мянга долоон зуун жаран хоёр) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ