| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0906/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1100 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1100
2025 04 21 2025/ШЦТ/1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Э.Оргилбат /томилолтоор/, хохирогч Д.Ц, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00В-0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Бын А /РД:**00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо “Б” хотхоны автомашины зогсоол дээр Д.Цтэй маргалдан түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Б” хотхоны автомашины зогсоол дээр хохирогч Д.Цтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж “хамар ясны хугарал, таславчийн тийш муруйлт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, хамрын уг, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Цийн “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа буугаад явж байхад манай доод төгсөлтийн залуу болох Цэгмэддорж “эхнэр хоол хийгээд байж байна. манайд хүрээд ирээ” гэж хэлэхээр нь гэрт нь очоод хоол идээд юм яриад сууж байхад гаднаас ******* гэх залуу эхнэр, хүүхдүүдийн хамт орж ирсэн. Тэгээд бид гурав архи ууж сууж байгаад би явахаар болоод үеэл дүү рүүгээ залгаад “ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд үеэл дүү ирсэн гэхээр нь гарахад А хамт гарч ирээд лаазтай пиво авчихсан машины арын суудалд суусан. Би урд талын суудалд сууж байсан ба Аийн авчирсан пивоноос нэгийг уугаад дахиж уугаагүй, А гэнэт намайг үсдээд арын хаалгаар чирч буулгаад бид барьцалдаад байж байхад гараараа миний хамар хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-8/, гэрч С.Ууганцэрэнгийн “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед манай үеэл ах Ц утсаар залгаад “ахыгаа ирээд аваарай” гэж хэлэхээр нь би ажлаа амжуулж яваад шөнийн 2-3 цагийн үед очсон. Тухайн дуудсан газарт нь очиход ах гарч ирээд араас нь манай нутгийн зүс таних залуу гарч ирээд хамт машинд сууцгаасан. Машинд суугаад юм ярьж байгаад гэнэт муудалцаад нутгийн таньдаг залуу үеэл ахыг үсдээд авахаар нь би машинд зодолдуулахгүй гээд буугаад арын хаалган дээр очоод тэр хоёрыг буулгахад тэр бууж ирээд зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-11/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1979 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “Д.Цийн биед хамар ясны хугарал, таславчийн тийш муруйлт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, хамрын уг, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна.” гэжээ. /хх-19/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
7. Хохирогч Д.Ц нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 591,500 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгч, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч *******ээс 591,500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Цт олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчээс “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлнө...” гэжээ.
9. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
12. Иймд шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 591,500 /таван зуун ерэн нэгэн мянга, таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Д.Цт олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР