Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0082/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

Хохирогч: Б.Хатанбаатар, 

Шүүгдэгч: Э.Сайхан-Учрал нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э.Сайхан-Учралд холбогдох  201723000113 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Нуурын 7-14 тоотод оршин суух Боржигон овогт Энх-Амгалангийн Сайхан-Учрал /РД: ЛИ85073065/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Сайхан-Учрал нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” Хаан банкны тооцооны төвд теллер Б.Хатанбаатараас 500.000 /таван зуун мянга/ төгрөг илүү авч хувьдаа ашигласан гэмт хэрэг холбогджээ. 

                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Хохирогч Б.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөх Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ханбүргэдэй тооцооны төв дэх ажлын байрандаа 09:00-10:00 цагийн хооронд ажлаа хийж байгаад 30-40 орчим насны махлагдуу, 170 орчим см өндөртэй, саарал өнгийн цамцтай, 0-2 насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй нь мөнгө задлуулмаар байна гэхэд нь зөвшөөрч 27 ширхэг 20000 /хорих мянга/ төгрөгийг буюу 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг 5000 /таван мянга/-н төгрөгийн дэвсгэртээр задлаач өгөөд гэхэд нь 100 ширхэг 10.000 /арван мянга/ төгрөгний дэвсгэртээр задлаж өгсөн ба 40000 /дөчин мянга/ төгрөгийг нь 8 ширхэг 5000 /таван мянга/-н дэвсгэртээр задалж өгөөд явуулчихсан юм. Тэгээд би дэвсгэртээ хөтлөх гэж байгаад 500000 /таван зуун мянга/ төгрөг илүү өгөөд явуулснаа мэдсэн. Тэгээд тухайн цагаар нь хажуу талын бэлэн мөнгөний орлого зарлагыг ахлах теллер Түвшинжаргал шүүж үзэхэд зарлага 550.000 төгрөг гарсан 27 ширхэг 20000 /хорих мянга/ дэвсгэрт, 1 ширхэг 10000 /арван мянга/ төгрөг нийтдээ 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг бэлэн машины мөнгөнөөс гүйлгээ хийгдсэн байсан. Гүйлгээ хийгдсэн дансыг картын дугаараар ахлах теллер Түвшинжаргал шүүн үзэхэд 5065008769 тоот данс эзэмшдэг иргэн Энх-Амгалангийн Сайхан-Учралын нэр дээр зарлага гарсан байсан. Тус дансан дээр бүртгэлтэй 88612964 дугаарын утас руу залгаж үзэхэд бага насны охин утсыг нь аваад эгч хөдөө явсан гэж хэлээд утсаа тасалсан. Ахин утсаа аваагүй. Мөн тухайн эмэгтэйг бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийгээд над дээр ирж үйлчилгээ авахыг хамгаалагч Бат-Эрдэнэ харсан гэх мэдүүлэг.

Гэрч Э.Түвшинжаргалын: ... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө ... ажлаа хийж байтал теллер Хатанбаатар нь дэвсгэртийн жагсаалтаа хөтөлсөн чинь 500.000 төгрөг дутаад байна гэхээр нь теллерын бэлэн мөнгийг тоолж ямар ямар харилцагч нарт бэлэн мөнгө өгсөнийг нь тодруулах зорилгоор теллерийн камерийн бичлэгийг шүүж үзэхэд 30 гаруй насны саарал өнгийн цамцтай, тайрмал үстэй эмэгтэй харилцагч 09:20 минутын орчим мөнгө задлуулсан байсан. Тэгэхээр нь хажуу талын бэлэн мөнгөний машины камерыг шүүхэд теллер дээр мөнгө задлуулсан саарал өнгийн цамцтай 30 гаруй насны эмэгтэй нь гүйлгээ хийж байгаа дүрс үлдсэн ба мөн картын дугаараар шүүж үзэхэд 5065008769 тоот данс эзэмшдэг харилцагч нь 20000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийтдээ 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг тухайн данснаа зарлага гарсан байсан. Энэ нь теллерт өгч задлуулсан мөнгөний хэмжээтэй таарч байна. Мөн бэлэн мөнгөний машинаас мөнгө авч теллер дээр очихыг хамгаалагч Бат-Эрдэнэ харсан гэх мэдүүлэг. 

Гэрч М.Бат-Эрдэний: ... Теллер Хатанбаатарын надаас асуусан эмэгтэй нь манай бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад шууд теллер Хатанбаатар дээр очиж гүйлгээ хийж байхыг би харсан. Тэр эмэгтэй Сайхан-Учрал гэдэг хүн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28хуу/

 Шүүгдэгч Э.Сайхан-Учралын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ханбүргэдэй хаан банкны салбарт бэлэн мөнгөний машинаас бэлэн 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг аваад хамгийн урд талд сууж байсан эрэгтэй теллер дээр очоод 540.000 төгрөгөө 5000 /таван мянга/, 10000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэртээр задлаад өгөөч гэж хэлэхэд за гэж аваад 500.000 төгрөгийг нь 10000 төгрөгийн дэвсгэртээ, 40000 /дөчин мянга/ төгрөгийг нь 5000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Би дахин 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг 5000 /таван мянга/ төгрөгийн дэвсгэртээр задлуулсан. Тэгээд л мөнгөө задлуулж дуусаад гараад явсан. Би тэр өдөр илүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг банкны теллер өгсөн байсныг мэдэлгүй ашигласан гэх мэдүүлэг.

Хяналтын камерийн бичлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Сайхан-Учрал нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэдэй” Хаан банкны тооцооны төвөөр үйлчлүүлэхдээ теллер Б.Хатанбаатар санамсаргүй байдлаар илүү 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгсөнийг хувьдаа ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сайхан-Учралд Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Хатанбаатарт гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний бага насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Сайхан-Учралыг санамсаргүй олсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сайхан-Учралыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 05 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Э.Сайхан-Учралаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хатанбаатарт олгосугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Сайхан-Учралд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

       

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА