Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 560

 

 

“Х С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэртэй, “Х С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Ч” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 132 300 төгрөг, алданги 4 669 845 төгрөг, нийт 35 802 145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

хариуцагч “Т Ч” ХХК нь нэхэмжлэгчээс 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т Ч” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 8-11 дүгээр давхрын дотор, гадна өрлөг мөн шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг захиалагч “Т Ч” ХХК-д хүлээлгэж өгсөн. Захиалагч нь төлбөл зохих 63 966 120 төгрөгөөс 31 733 129 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл буюу төлбөрөөс ажил гүйцэтгэлийн баталгаа 1 010 691 төгрөг, багажны 90 000 төгрөгийг хасч тооцоход 31 132 300 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6.2-т зааснаар алданги 4 669 845 төгрөг, нийт 35 802 145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х С К” ХХК-тай өөрийн барьж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн барилгад “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан дотор, гадна өрлөг, шаврын ажил хийлгэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу “Х С К” ХХК нь БНАСАУ-ын иргэдээр ажил гүйцэтгүүлж байсан боловч гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн нэр дээр ажиллаж байсан гадаад иргэдийн визийг сунгах эсэхтэй холбоотойгоор ажлаа бүрэн гүйцэтгэхгүй, манай компанийн графикт төлөвлөгөө бүхий ажлыг удаашруулсан.

Гэрээний 5.1.F-д заасны дагуу гүйцэтгэгч тал 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэгтэй, гүйцэтгэсэн гэх ажил нь нийт 13 333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэсэн гэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн ажил байна. Гадаад ажилтнууд нь манай барилгын талбайд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байрлаж 25-ны өдрөөс ажлаа эхэлсэн бөгөөд мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр явсан. Энэ хугацаанд нийт 41 өдөр ажилласан гэх боловч үнэндээ 29 өдөр л гүйцэтгэл хийсэн, үлдсэн 12 өдөрт нь виз сунгахтай холбоотой сул зогссон. Гэрээний 6.3-т зааснаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар, 12 хоногийн алданги тооцож 3 837 967 төгрөгийг “Х С К” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Т Ч” ХХК-ийн 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй. Нийт 13 333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн гэж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд хүн цагаар тооцно гэж тохироогүй бөгөөд 35 ажилтан ажиллаж байсан. Талууд дээрх ажлыг улсын комисс хүлээн авах үед дуусгахаар тохиролцсон бөгөөд одоо ч улсын комисс хүлээн аваагүй. Бид гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Мөн нэмэлт ажил хийж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ч” ХХК-иас 35 802 145 /гучин таван сая найман зуун хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х С К” ХХК-д олгож, хариуцагч “Т Ч” ХХК-ийн 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 336 961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Ч” ХХК-иас 336 961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х С К” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэлж, дүгнэхгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Тухайлбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг барилгын ажлыг гүйцэтгэхдээ гэрээнд заасан 30-35 ажилтан тогтмол ажиллуулаагүйг тодорхой баримттай тайлбарлаж, ажилласан цаг, гүйцэтгэсэн ажлыг үндэслэн үндсэн нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзал, сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахад шүүх энэхүү тайлбар, үндэслэлийг тодруулж шалгаагүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгосон гүйцэтгэсэн ажлаа зохих ёсоор нотлоогүй байхад тухайн ажлыг гүйцэтгэсэн мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Х С К” ХХК нь хариуцагч “Т Ч” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 802 145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу алданги тооцож 3 837 967 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад захиалагч “Т Ч” ХХК-ийн гаргасан техникийн нөхцөл, ажлын зургийн дагуу 8-11 дүгээр давхрын өрлөгийн ажлыг “Х С К” ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх3-7/

 

Талууд дээрх гэрээний 4.1-д зааснаар тухайн ажлын хөлсний үнэлгээг тогтоож, гүйцэтгэлээр тооцож төлөхөөр тохирч, гэрээний 2.2-т орон сууцны барилгыг бүрэн дуусгах хугацаанд гүйцэтгэж, захиалагчийн техникийн комисст шалгуулж хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид гэрээнд заасан нөхцөлөөр төлбөр тооцоог барагдуулах үүрэг тус тус хүлээжээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн учраас хийсэн ажлын хөлсийг бүрэн төлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасныг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Хэргийн 24, 28 дугаар талд авагдсан “Т Ч” ХХК-ийн “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ”, “Ажлын гүйцэтгэл” гэх баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанар, гэрээт ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч тал захиалагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрээний 5.1.F-д заасны дагуу гүйцэтгэгч тал 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэгтэй. Ажлыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 05-ны өдөр гадаад ажилчид явсан. Нийт 41 өдөр ажилласан гэх боловч 29 өдөр гүйцэтгэл хийж, үлдсэн 12 хоногт сул зогссон” гэж тайлбарлажээ. Улмаар гэрээний 6.3-т зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар 12 хоногийн алдангид 3 837 967 төгрөгийг тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх 23,49,82/

 

Хариуцагч талын тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан 30-35 ажилтан бүрэн ажиллуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэх үндэслэлээ, хэргийн 35 дугаар талд авагдсан Монгол улсын мэргэшсэн төсөвчний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Барилгын зарим ажлын хүн цагийн норм” гэсэн баримтад тулгуурлажээ. Үүнийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нь зөв бөгөөд тухайн баримтаар гүйцэтгэгч талын хийсэн ажлын үр дүнд тохирсон хөлсийг бууруулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэлийг талууд “хүн цагийн нормоор” буюу хэдэн хүн, хичнээн цагаар ажилласнаар бус, харин тухайн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр тооцон олгохоор гэрээний 4.1, 4.2 дахь хэсэгт заасан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Ч” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 414 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                               ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        Т.ТУЯА