Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/230

 

 

 

 

 

 

  2021             3              9                                          2021/ДШМ/230

 

 

Э.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,                                       

            шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2011000001038 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бэсүд овгийн Э-ын Ц, 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

 

Шүүгдэгч Э.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар гудамжны 486 тоотод байх иргэн Б.Бямбасүрэнгийн байшингийн үүдний амбаараас БНХАУ-ын Rivcen брендийн гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар авч, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Цг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өөрийн танил Алтансүх ахын гэрт өглөөний 9 цагийн үед очсон. Тэдний гэрт ороход Хуягаа ах байсан ба түүнтэй хамт архи уугаад сууж байх үед Хуягаа ах “хамт ойрхон яваад ирье” гэж хэлсэн. Бид хоёр гараад баруун хойш зүг рүү явж байх үед Хуягаа ах “энд манай дүүгийнх байдаг юм” гээд нэг айл руу ороод үүдний амбаарт байсан гагнуурын аппаратыг “минийх байгаа юм, аваад явж бай ахын дүү” гэж хэлээд тэр айлын хашаанд байсан эмэгтэйтэй юм яриад үлдсэн. Би аппаратаа аваад архи ууж байсан айл руугаа явж байх үед зүс таньдаг Гомбодорж гэх цагдаа намайг “юун аппарат аваад явж байгаа юм бэ” гэхээр нь “ахын аппарат байгаа юм” гэж хэлтэл шалгана гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр авч очсон. Намайг согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор эрүүлжүүлэх байранд хонуулсан. 2020 оны 10 дугаар сарын 5-ны өглөөний 11 цагийн орчим 10 дугаар хорооны байцаагч, дэслэгч Дашням ирж аваад Чингэлтэй дүүргийн II дугаар хэлтэс орсон. Тэнд байж байтал эрүүгийн төлөөлөгч надаас “хэний аппарат юм бэ” гэхэд би “Хуягаа ахын аппарат байгаа юм” гэж хэлсэн. Намайг дагуулаад аппарат авсан айл руу очсон. Тэгээд аппарат авсан айлын үүдэнд төлөөлөгч Хуягаа ахтай уулзсан. Бид буцаад ажил руу нь явж байх үед Хуягаа ах “намайг ахын дүү ганцаараа явж байгаад авсан гэж хэлээрэй” гэсэн. Би анхнаасаа тэр аппаратыг Хуягаагийн аппарат гэж бодсон. Дүүргийн II дугаар хэлтэс дээр очоод Хуягаа ахын хэлснээр “ганцаараа явж байхдаа авсан” гэж мэдүүлсэн. Иймд уг хэргийг хамт үйлдсэн гэх Хуягаатай хамт шийдвэрлүүлж өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, өмгөөлөгч аван дахин хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

                                            

Шүүгдэгч Э.Цгийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл, хохирлын талаар маргаагүй. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо гэмт хэрэгт хамтран оролцсон хүнээ илчилсэн гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. 2015 оны Эрүүгийн хуульд орон байрыг тодорхой тайлбарласан. Харин хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэснийг тайлбарлаагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний 28 дугаар тогтоолоор тайлбарласан. Агуулах сав гэдгийг эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаарыг хамруулан ойлгоно гэж тайлбарласан тайлбарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон тайлбарт анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хохирогч нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ уг амбаарыг байнга цоожтой байсан талаар мэдүүлээгүй. Эд зүйл хадгалах зориулалтаар уг амбаарыг ашигладаггүй. Хавтаст хэргийн 8 дугаар талд уг амбаарын зураг авагдсан. Уг зургаас харахад цоожлох зориулалтгүй гэдэг нь харагддаг. Хохирогч эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж түгжиж, битүүмжилдэггүй байгаагаас харахад уг амбаарыг эд зүйл хадгалж хамгаалах зорилгоор ашигладаггүй. Иймд Э.Цгийн үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч анхнаасаа ганцаараа явж байсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Хуягаа ах энд манай дүүгийнх байдаг гээд үүдний амбаарт байсан гагнуурын аппаратыг аваад явж бай гэж хэлсэн. Өөрөө хашаанд байсан хүнтэй юм яриад үлдсэн” гэдэг. Хашаанаас нь хүн юмыг нь хулгай хийж байгаа талаар мэдэхгүй нөгөө хүнтэйгээ юм яриад зогсож байсан гэдэг нь эргэлзээтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасныг прокуророос хангаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн гаргасан тайлбарыг хүчингүй болгосон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй. Эд зүйл хадгалах зориулалттай амбаарт онгорхой байхад нь орсон ч гэсэн гэмт хэрэгт тооцохоор тайлбарласан. Хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар гудамжны 486 тоотод байх иргэн Б.Бямбасүрэнгийн байшингийн үүдний амбаараас БНХАУ-ын Rivcen брендийн гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар авч, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Цгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч /хх 6/, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 288 дугаар тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шийдвэр /хх 66/ гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 823 дугаартай яллах дүгнэлт үйлджээ.

Прокурор Ц.Майбаяр 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр яллагдагч Э.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын саналыг Э.Цд танилцуулсан байх бөгөөд яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж /хх 71-72/, яллах дүгнэлт гардаж авсан байна.

Анхан шатны шүүх, Э.Цд холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Ц үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч,  прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6 дах хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

             Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд, шүүгдэгч Э.Ц  “...анхан шатны шүүх прокурорын гаргасан ялын саналыг үндэслэн хорих  ял оногдуулсныг сайн ойлгоогүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна...” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-д эргэлзээ бүхий нөхцөл байдлууд давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул анхан шатны шүүхээр ердийн журмаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан тул шүүгдэгч Э.Цд холбогдох хэргийг ердийн журмаар анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Цд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Цд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ