| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0918/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1111 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1111
2025 04 21 2025/ШЦТ/1111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Ариунзул, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505 00000 00000 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, Аглаг бүтээлийн сүмд зураач ажилтай, ам бүл 8, эх, эхнэр, эгч, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр 0 дүгээр хорооллын 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан овогт Гын М /РД:**00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00-0 тоотод Б.Атой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу дээрээ маргахгүй хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүгдэгчээс “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэсэн тайлбарыг гаргасан болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж.Равдандоржийн гэрт шүүгдэгч *******, хохирогч Б.А нар танилцан, шинэ жил тэмдэглэж хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үл ялих зүйлээр маргаан үүсэж, шүүгдэгч ******* нь хохирогч Б.Аын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодолдон “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн бугалга, цээж, бүсэлхийд цус хуралт, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, хохирогч Б.Аын “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр найзуудын шинэ жил тэмдэглэх гээд Равданы гэрт очсон. Равданы гэрт очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүдний шилтэй танихгүй залуу байсан ба тухайн залуу сууж байгаад унтсан. Би тухайн залуугийн баруун урд талд нь сууж байхад гэнэт босож ирээд намайг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-8/, гэрч Ж.Равдандоржийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байсан. ******* “атаман” гэж хэлснээс болоод маргаан үүссэн байх. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-19/, гэрч *******өнхзаяагийн “...******* гэх залуу манай нөхрийн нүүр рүү цохиод авсан. Цохиулаад нөхрийн 2 шүд унасан. Хамраас нь их хэмжээний цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/, гэрч Г.Оргилмаагийн “...*******, Б.А нар гэнэт зодолдсон. Би хажууд нь байсан. Салгах гэж оролдсон чинь дийлээгүй тэгээд цагдаа дуудсан. Равдан тэр зодоонд оролцоогүй, Аын шүд унаж ам болон нүүр хэсгээр нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27/, гэрч А.Хүслэнгийн “...аавын нүүрэн тус газар цохидог ах буйдан дээр тасраад унтсан байсан. Тэгээд босож ирээд гэнэт аавын нүүрэн тус газар цохисон. Аавын буйл болон ам хэсгээс нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-31/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1685 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “Б.Аын биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн бугалга, цээж бүсэлхийд цус хуралт, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна” гэжээ. /хх-38/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
7.1. Хохирогч Б.А нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 6,801,922 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч талаас хохирол дээр маргахгүй гэх боловч шүдний эмчилгээ хийлгэсэн 5,000,000 төгрөгийн баримтыг эргэлзээтэй гэснийг хүлээн аваагүй болно. Учир нь хохирогч талаас гаргаж өгсөн баримтууд нь бүгд и-баримт бүхий баримтууд байх ба шүүгдэгч *******аас 6,801,922 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгох нь зөв байна.
7.2. Хохирогчоос сэтгэл санааны гэм хор нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих дараах үндэслэл байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Тус хэрэгт шинжилгээний байгууллагын шинжээчээр хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг тодорхойлуулан дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр зэрэглэл тогтоосноор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Улмаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ялын саналтай эсрэг саналгүй байна...” гэжээ.
9. Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
12. Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 6,801,922 /зургаан сая найман зуун нэг мянга, есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Б.Ат олгуулж, хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР