| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2023/0813/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1159 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1159
2025 4 25 2025/ШЦТ/1159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч С.П********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ овогт С*********ийн П**********д холбогдох эрүүгийн 2305000001*** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 09-92 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б***** овогт С**************ийн П**********. /*********/
Шүүгдэгч С.П********** нь 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кровн” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна пивоны шилээр хохирогч А.Ц**********ын толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П**********: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч А.Ц**********ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Ц**********н хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Кровн бааранд орсон. Ороод бид 2 хүний 2 шил пиво аваад ууж байгаад тамхи татах гээд гарахад тухайн баарны үүдэнд Ц**********н найз А********** гэх эмэгтэй таарсан. Тэгээд танилцаад юм ярихад тухайн эмэгтэй 2 эмэгтэй найзын хамт явж байна гэхээр нь Ц********** бид хоёр хамт нэг ширээнд сууж ууцгаасан. Тэгээд 03 цагийн үед тухайн баарнаас гарах гэхэд тухайн 3 охины нэг нь болох Амин-Эрдэнийн найз гээд нэг үл таних залуу бид хэдтэй юм яриад байсан бөгөөд баарнаас гарахад тухайн үл таних залуу араас гарч ирээд тухайн үл таних залууг П********** гээд байсан бөгөөд П********** нь Ц**********н найз А**********тай маргалдаад байсан.
Тэгээд Ц********** өмөөрөөд тухайн П********** болон хамт явсан 2-3 залуутай маргалдахад тухайн П********** нь пивоны шил хаанаас ч юм бүү мэд гаргаж ирээд миний толгой дээр цохиж хагалаад, миний зүүн талын хүзүүг зүссэн. Тэгээд надаас баахан цус гарсан. Миний биед П********** гэх охины найз болох П********** гэх залуу пивоны шилээр миний толгойг хагалаад, тэгээд миний хүзүү рүү зүссэн. П********** гэх хүн л миний биед гэмтэл учруулсан. Би П**********тэй маргалдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8, 10-11 дэх тал/
Гэрч Х.Ц**********н “2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ц**********той уулзаад бид хоёр Кровн гэх бааранд 12 цаг өнгөрөөд орсон. Бид хоёрыг бааранд сууж байх үед миний таньдаг найз болох А**********тай мөн А**********ын 2 найз байсан.
Бид нар шөнө 03 цагийн орчимд баарнаас гараад алхаж байхад Кровн баарнаас зүүн эргээд явж байхад урд талд хэдэн залуус байсан. Тэгээд манай найз А**********ыг нэг залуу нь явуулахгүй байсан. Би найзыгаа аваад явъя гэхэд тухайн залуу надад хандан чи одоо юу гээд байгаа юм гэхэд А********** намайг чи маргалдаж яах гээд байгаа юм гээд намайг хойшоо аваад явсан.
Би Ц********** дээр очиход цээж хэсэг нь цус болчихсон, хоолойноос нь цус гоожиж байсан. Тэгээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ц**********ын хоолойг Пүрвээ гэх залуу зүссэн. Тухайн залуу нь цээж хэсгээрээ нүцгэн байсан.
Хувцсаа тайлахаасаа өмнө цагаан судалтай футболктой байсан. П********** гэх залуу нь Ц**********той хойно үлдсэн. П********** нь гартаа пиво барьсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-19 дэх тал/
Гэрч Т.А**********ын “Тухайн өдөр би хоёр найзын хамт Кровн гэх бааранд сууж байсан Бааранд сууж байхад Ц********** нэг найзтайгаа байсан. Тэгээд бид нар нэг ширээн дээр хамт сууж байгаад баарнаас 04 цагийн орчимд гарсан. Гараад урт талаасаа хойшоо чиглэлтэй алхаж байсан. Алхаж байх үед П********** гэх зүс таних залуу надтай хэрүүл өдөж намайг нэг удаа алгадсан. Миний дургүй хүрээд хэрэлдсэн.
Тухайн үед Ц********** намайг өмөөрч П**********тэй муудалцсан. Манай найз болох Ариунзул нь Ц**********г хэрүүл маргаанаар яах гээд байгаа юм гээд П**********гээс салгасан. Би тухайн үед П**********тэй хамт явж байсан залуучуудтай нь хэрэлдэж байсан, нэг мэдэхэд л Ц**********н найз болох Ц********** нь битүү цус болчихсон зам дээр куртикээрээ хоолойгоо ороосон байдалтай байсан.
Тэгээд би П**********, Ц********** хоёрыг түрүүлээд гэмтэл явуулсан. Би үлдээд Пүрвээг дуудаад чи хүний хоолой ам зүсчихсэн байна гэхэд Номин гэх охин ирээд би П**********гийн найзынх нь найз охин байгаа юм, янз бүрийн асуудал байвал над руу залгаарай гээд надад дугаараа өгсөн. Би яг зүсэж байхыг хараагүй. П**********, Ц********** хоёр хойно үлдсэн, П********** пивоны шил барьсан байсан Мөн зүснэ шүү гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-24 дэх тал/
Гэрч Р.Амин-Эрдэнийн: “Кровн нэртэй бааранд ороход уг бааранд А**********ын найз гээд хоёр залуу байсан. Тэгээд бид тав нэг ширээнд суугаад бүжиглэж байхад манай хуучны найз болох П********** гэнэт гараад ирсэн.
Тэгээд надтай мэндлээд зөрсөн. Тэгээд бид тав тухайн баарнаас гарах гэтэл уг баарны үүдэнд П********** зогсож байсан бөгөөд намайг татаад надтай юм яриад байсан. Тэгтэл А********** ирээд би найзыгаа аваад явчихъя гэхэд П********** А**********тай маргалдсан. Тэгээд би А**********ыг аваад явахад А**********ын хоёр найз гэх залуучууд П**********тэй маргалдаад бөөн зодоон болсон байсан. Тухайн үед би найз Ариунзулыг аваад машин руугаа явсан байсан.
Тэгэхэд П********** дээгүүрээ цамцаа тайлаад орилоод байсан бөгөөд удалгүй А**********ын найз гэх хоёр залуугийн нэг нь ирээд над руу заагаад танай найз П********** чинь миний хоолойг зүсчихлээ гээд над руу дайраад байсан. Би яг тэр зодооныг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10401 дугаартай шинжээчийн
“1. А.Ц**********ын биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсоон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дахь тал/
С.П**********ын яллагдагчаар өгсөн “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа.
Ямар ч байсан хохирогчтой маргалдаад өмсөж явсан цамцаа тайлаад түүнийг араас нь хааж байсан, тэгээд цааш санахгүй байна. Нэг ухаан ороход би таксинд суусан явж байсан бөгөөд Жавхлангийн найз охин Номинжин нь намайг загнаад байсан ба чи хүнтэй маргалдаад, мөн зодоон хийлээ энэ зодоон чамаас л эхэллээ гэх зэргээр намайг загнаад байсан. Би бүх буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч С.П********** нь тухайн үед үүссэн нөхцөл байдлаас хохирогч А.Ц**********той таагүй харилцаа үүсгэн, маргалдаж, түүний эрүүл мэндэд халдаж, толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.П********** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.П**********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.П**********ын үйлдлийн улмаас хохирогч А.Ц**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч С.П**********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “560 цаг нийтэд тустай ажил хийлгэх” дүгнэлт гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.П**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 290 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.П********** нь шүүхээс оргон зайлаад 2025 оны 3 дугаар сарын 20-нд баривчлагдаж өнөөдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.П**********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийн нэг хоногийг 290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход нийт 36,25 хоног болж байна.
Иймд түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцож 290 цаг нийтэд тустай ажил хийлгэж ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт С****ийн П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.П**********ыг 290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.П**********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийн нэг хоногийг 290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.
4. Шүүгдэгч С.П**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.П**********аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч А.Ц********** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.П**********д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ