| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0929/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1125 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1125
2025 04 23 2025/ШЦТ/1125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч М.Амарзаяа, хохирогч Н.А, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо Гүнжийн 00 дүгээр гудамж 000а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо түр саатуулах-00 журмын хашаанд амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Боржигин овогт Уын А (РД:**00000000)
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч *******:
1. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээс шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй буудлын 206 тоотод үйлчлүүлж байсан Н.Аын эзэмшлийн Самсунг А8, Самсунг А13 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Н.Аын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед найзууд болох 3 хүнтэй уулзсан. Тэгээд найзуудын хамт буудалд ороод байж байхад манай нэг найз гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг дагуулж орж ирээд хамт ууцгаасан. Тэгээд эмэгтэй нь удалгүй яваад өгсөн. Би ууж байгаад унтаад өгсөн. Намайг өглөө сэрэхэд хоёр гар утас алга болсон байсан. Би самсунг А8, А14 загварын гар утастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Х.Дын “...Бтай хамт буудалд орсон. Намайг буудлын нойлын өрөө ороход эрэгтэй, эмэгтэй 20 орчим насны хоёр үл таних хүмүүс байсан ба “ахаа найзууд иртэл түр өрөөндөө оруулаач мөнгөгүй болохоор өрөө өгөхгүй байна” гэж хэлэхээр нь тэр хүүхдүүдийг өрөвдөөд өрөөндөө оруулсан. Бид хэд хамт хөзөр тоглоод ууцгаасан. Тэгээд би унтчихсан байсан. Өглөө сэрэхэд манай найзын хоёр гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-10-11/, гэрч А.Тунгалагцэцэгийн “...буудлын өрөөний хаалга нүдээд байхаар нь очоод онгойлготол А байсан ба “та хоёр хажуу талд өөр буудлын өрөөнд ороод унтчих, энд байх юм бол асуудалд орно. Би энд байж болохгүй байна гэж хэлсэн. Манай ажлын газрын ах ирчихсэн байна. бид хоёр одоо ажилдаа явлаа гэж хэлсэн. Тэгээд надтай хамт байхдаа куртикнийхээ халааснаас 2 гар утас гаргаж ирээд нэг халаасандаа нийлүүлээд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-46/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БГ2-25-74 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “самсунг А8 загварын гар утсыг 170,000 төгрөг, самсунг А13 загварын гар утсыг 200,000 төгрөг, нийт 370,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31-32/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 370,000 төгрөгийн хохирол учирсан байна.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ат 370,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирогчид Самсунг А13 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байна.
6. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 170,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ат олгуулж, хохирогч Н.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчээс “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж, хохирогчоос “...хохирлоо барагдуулж авбал гомдолгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасан.
8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
10. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 170,000 /нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ат олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР