2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1128

 

     2025            04              23                                             2025/ШЦТ/1128  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /томилолтоор/, хохирогч П.Ц, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 000000 0000 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Чулуут 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Ува овогт Дийн Х /РД:**0000000/;

  

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны ард талд П.Цын Самсунг А31 загварын гар утсыг хүч хэрэглэн 470.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа П.Цыг түлхэн унагаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******:

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.  

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзвэл: Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны ард талд П.Цыг хүч хэрэглэн түлхэн унагаж, 470.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн нь дараах баримтуудаар тогтоогдож байна.  

Энэ нь дуудлагын лавлагааны хуудас /хх-2/, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл /хх-9/, хохирогч П.Цын “...нөхөр рүүгээ ярих гээд байж байхад үл таних эмэгтэй ирээд шууд намайг сандлаас түлхэн унагаагаад гарт байсан Самсунг А31 загварын гар утсыг булааж аваад Хархорин тал руу гүйхээр нь би босоод араас нь дагаад гүйхэд тухайн хүнийг хаашаа явсныг харж амжаагүй. Тэгээд хүний утас гуйж нөхрөө дуудаад, нөхөртэйгөө хамт хайж яваад Хархорины орчмоор Вест баарны хойд талд байрлах караокены үүдэн дээр барьж аваад цагдаад дуудлага өгсөн... нийт 503,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх15, 19/,

Гэрч Т.Тын “...очиход эхнэр буудал дээр байсан, эхнэрийг дээрэмдсэн гэх хүмүүсийг хайгаад тэр хавиар явж байгаад ... эхнэр нэг эмэгтэйг таниад очоод гар утас өг гэхэд би аваагүй гэж хэлэхээр нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх26/,

Гэрч Г.Бын “тухайн өдөр цагдаагийн дэслэгч М.Гунгаабуугийн хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд сандал дээр сууж байхад түлхэж унагаагаад гар утас аваад явсан гэх дуудлага мэдээлэл шалгаж ... хохирогч гэх эмэгтэй, нөхрийн хамтаар холбогдогч гэх эмэгтэйг барьчихсан зогсож байсан... Холбогдогч эмэгтэйг эмээлт-120 эрүүлжүүлэхэд аваачин эмэгтэй алба хаагч нар үзлэг хийхэд гар утас гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх32/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10607 дугаар шинжилгээний дүгнэлтэд “П.Цын биед баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх43/,

Мөн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Ц-1233 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч П.Цын “Samsung А31” загварын гар утсыг 470.000 төгрөгөөр тогтоожээ. /хх37/,

5. Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь авахаар довтолсон үйлдэл хийснээр төгсдөг, хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг санаатай гэмт үйлдэл юм. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба энэхүү эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь нотлогдон тогтоогдсон.   

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг хохирогч П.Цын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, хүч хэрэглэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

            6. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

7. Шүүхийн шатнаас шүүгдэгч ******* нь оргон зайлсан ба шүүхээс холбогдох эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох байгууллагад даалгасан. Цагдаагийн байгууллагын үр дүнд шүүгдэгч *******ыг эрэн сурвалжилж түүнийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олж тогтоон НШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсон болохыг дурдаж байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

9. Хохирогч П.Цын хохиролд шүүгдэгч ******* нь 503.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч П.Ц нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

10.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ...шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг оногдуулахад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй, хоёр зүйлчлэлээр зүйлчлэгдсэн боловч энэ гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд үүссэн байгаа. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар дээрэмдэх үйлдэл дээр 2 жилээс бага ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан.  

11. Шүүгдэгч ******* нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. 

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-аас сонгон оногдуулахаар заасан.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулах боломжийг буюу эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг хуульчилсан. Гэхдээ тус зохицуулалтыг хэрэг болгонд хэрэглэх үндэслэлгүй бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан” хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан ба өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

15. Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан дээрэмдэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, мөн түүний урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хугацааг тогтоох журмыг хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

17. Шүүгдэгч *******ын гэм бураагаа хүлээсэн, хохирол төлсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР