2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1196

 

 

 

 

 

 

 

 

   2025            4           30                                      2025/ШЦТ/1196

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Б********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн прокурорын газраас А** овогтой Бя**********ы Б**********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408020051775 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 06 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт **** дүүргийн *** дугаар хороо **** дугаар гудамж **** тоотод оршин суух, урьд:

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, А** овогт Бя**********ы Б**********. /РД: *******/

Шүүгдэгч Б. Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 29 дүгээр гудамж 479 6 тоот хашааны гадна байсан хохирогч Н.Бя**********ы өмчлөлийн 9134 УНБ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж цонхны шилнүүдийг нь хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1,520,000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Н.Бя**********ы мөрдөн байцаалтад өгсөн "Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 27-479 6 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. 2022 онд би эхнэрээсээ салсан. Хоёр хүүхэд ээжтэйгээ амьдардаг болсон. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би ажлаасаа буугаад гэртээ харих замд явж байхад том хүү Б********** миний 80221075 дугаар руу өөрийн дугаараасаа залгаад "Би танай гэрт ирсэн байна" гэж ярихаар би яваад очсон.

Намайг очиход Б********** согтуу архи уучихсан байсан. Би төрсөн хүү Б**********ийг "чи яагаад архи уугаад байгаа юм бэ" гэж асуухад согтуу над руу пизда минь гээд орилоод хашхираад байсан. Би Б**********т хандаж "Чи яах гэж намайг зээлийн хамтран зээлдэгчээр бүртгүүлж намайг Монгол банкны хар жагсаалтад оруулсан юм бэ" гэхэд миний өөдөөс маргалдаад хэрүүл үүсгэсэн ба гараа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би өөдөөс нь барьцалдаж аваад газар унагаагаад дээрээс нь дарж сууж байгаад гайгүй тайвшрах шиг болохоор нь боссон чинь Б********** гарч гүйгээд зугтахаар нь араас нь гарсан чинь алга болсон байхаар нь буцаад гэр рүүгээ орох гэсэн хашааны гадаа түс тас гээд л чимээ гараад эхэлсэн.

Би гараад харсан чинь Б********** хоёр гартаа том чулуу атгасан байдалтай миний 9134 УНБ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж эвдэж байсан. 9134 УНБ улсын дугаартай Ниссан Адвон маркийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Урд, хойд салхины шил, зүүн хойд заалны шилийг хагалсан, зүүн хойд хаалга чихэгдсэн, зүүн урд хаалга хонхойж зурагдаж, зүүн хойд крыло хонхойж зурагдсан. Хамгийн сүүлд нь барьж байсан чулуунуудаа хамтад нь шидэж миний машины хойд салхины шилийг хагалсан.

Тэр шидсэн чулуунууд нь машины хойд зааланд байсан. Машиндаа үнэлгээ хийлгэчихээд дотор нь байсан чулуунуудыг гадагш нь гаргаад хаясан. 9134УНБ улсын дугаартай Ниссан Адван маркийн хэрэгсэл нь хашаанд байгаа. Машинаа засаж янзалсан. Манай хашаа руу харсан хяналтын камер байдаггүй. Надад хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Би үнэлгээний газраас гаргаж өгсөн 1,520,000 төгрөгийг нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар нийт 1,520,000 хохирол учирсан дүгнэлт. /хэргийн 35-37 дахь тал/

 

Б.Б**********ийн яллагдагчаар өгсөн “Би аавтайгаа ярилцаж байгаад хоорондоо маргалдсан. Тэрнээс болоод намайг цохьсон. Би гэрээс гараад зугтааж байгаад хашааны гадаа байсан аав Бя**********ы 9134 УНБ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалга зэргийг цохиж хагалсан. Би аавд хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Би учруулсан хохирлоо нөхөн төлнө. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” /хэргийн 50 дах тал/ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б. Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 29 дүгээр гудамж 479 6 тоот хашааны гадна байсан хохирогч Н.Бя**********ы өмчлөлийн 9134 УНБ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж цонхны шилнүүдийг нь хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1,520,000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б********** нь Н.Бя**********ы өмчлөх эрхэд халдсаны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б**********ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Н.Бя**********ы тээврийн хэрэгсэлд 1,520,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БГ1-24-535 дугаартай /хэргийн 34-35 дахь тал/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Уг хохирлыг шүүгдэгч Б.Б********** төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1,520,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бя**********д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан 1500 нэгжийн 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж, 100 хоног буюу 3сар 10 хоногийн ялыг нэмж нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлт гаргажээ.

 

2.2 Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б**********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Б********** нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан ба уг тэнссэн хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар тогтов.

 

Иймд шүүгдэгч Б.Б**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1173 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3 Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Бя********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А** овогт Бя**********ы Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б**********ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б**********т урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1173 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгийг торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж, 40 хоног буюу 1 сар 10 хоног дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********оос 1,520,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бя**********д олгосугай.  

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ