| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03026/И |
| Дугаар | 102/ШШ2022/01408 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/01408
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н....,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....ийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т....э миний бие анх 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ... ХХК-ийн ил уурхайн уулын хэсэгт авто самосвалын жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа амарч ирээд байж байхад манай саахалт байсан хадам ах Д....гээс Ковид-19 өвчний халдвар илэрч, би 1 дүгээр хавьтал болсон. Ингээд Монгол улсын Шадар сайдын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.1.3 дахь заалтын дагуу гэрийн тусгаарлалтад байсан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хадам ах Д.... Ковид-19 халдварт өвчний улмаас нас барсан тул оршуулга, буяны ажилд оролцоод, талийгаачийн гэр бүлийнхнийг Хатгал сум руу нүүлгэн шилжүүлэх ажилд туслалцаад 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэг суманд гэртээ ирсэн. Гэртээ ирээд мөн 7 хоног өөрийгөө тусгаарлаад, уурхайн захирал Д.... ажилдаа ир гэсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил руугаа явж байх үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт авто осолд орж, биеийн байдал маш хүнд байна. Дээрх байдлын талаар компанийн уурхайн дарга Энхжаргал, хүний нөөцийн албаны ажилтнуудад эхнэр ...ын 1, өөрийн эзэмшлийн ... дугаарын утсаар байнга мэдээлж байсан. Гэтэл манай ажлын удирдлагууд миний хүнд хэцүү байгаа үеийг далимдуулан, хариуцлагаас мултарч үлдэх зорилгоор хүн чанаргүй, увайгүй үйлдэл гарган хууль бус тушаал гаргаж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ... ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 338 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ил уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.
Нэхэмжлэгч ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаантайгаас очиж чадаагүй гэдэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Ажлаас буугаад 6 дугаар сарын 28-нд гэртээ ирсэн гэдэг. Гэтэл хариуцагч 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа тасалсан гэдэг ба энэ нь тогтоогдохгүй байна. Харин Хөвсгөл аймгийн сумын болон багийн засаг даргын тодорхойлолтуудаар Т....э 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа амарч ирсэн, ирээд хадам ахаас нь Ковид-19 халдвар илэрснээр тусгаарлагдсан гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагч ... ХХК-ийн захирал Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... гаргасан тайлбартаа:
Иргэн Т....э нь ... ХХК-ийн уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочоор ажилладаг байсан. Компанийн зүгээс өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс компанийн хүний нөөц, ажиллах хүчин, түүний хөдөлмөрийн хуваарилалтанд зүй ёсны анхаарал хандуулж ажилладаг. Үүний тулд ажилтан нь өөрийн хариуцан авсан ажил үүргийг цалгардуулахгүй байх, аливаа байдлаар ажиллах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд урьдчилж чөлөө авах байдаар Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.7, 9.25, 9.29 дэх хэсгүүдэд тус тус заасан. Нэхэмжлэгчид энэ журмыг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулж, тэрээр ойлгосон талаарх гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл тэрээр компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ковидын ойрын хавьтал болсон учир өөрийгөө тусгаарласан гэх боловч 20 хоног өөрийгөө тусгаарласан нь журамд нийцээгүй байна. Мөн 28-ны өдрөөс талийгаачийн гэр бүлд туслалцсан гэх боловч энэ нь ажилдаа ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд энэ талаар компаниас чөлөө аваагүй, мэдэгдээгүй байна. Т....этэй 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №20/1/98 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 9.5 дахь хэсэгт зөрчвөл ажлаас шууд халах ноцтой зөрчлүүдийг жагсааж бичсэн ба үүний 9.5.n заалтад: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил таслах, чөлөөний хугацааг 3 хоногоос дээш хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд үүнийг нь ноцтой зөрчил гэж тооцож, ажлаас халахаар зохицуулсан.
Нэхэмжлэгч нь 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа бууж, 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Гэтэл тус өдрөө ажилдаа ирээгүй. Дараагийн ээлж болох 7 дугаар сарын 10-ны өдөр болон 7 дугаар сарын 20-ны өдөр нь ажилдаа ирээгүй. Манай байгууллагын дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заавал бичгээр чөлөө авах зохицуулалт байх боловч тухайн үед цар тахал гарсан тул уг журмаа баримтлаагүй, утсаар чөлөө авах боломжтой байсан. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Улсын онцгой комиссын 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар, 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт батлагдсан тохиолдолд ойрын хавьтал болсон бол 10 хоног, халдвар бүртгэгдсэн орон нутгаас ирвэл 7 хоног тусгаарлана гэж заасан байна. Нэхэмжлэгчийн хадам ах болох Д....гийн эмнэлгийн тодорхойлолт шүүхэд ирсэн. Үүнд нь 7 дугаар сарын 06-ны өдөр ПиСиАр өгсөн байсан бөгөөд нэхэмжлэгч нь 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Уг үйл баримтаар Хөвсгөлд 7 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнтэй ямар нэг хавьталд ороогүйг нотолж байна. 7 дугаар сарын 06-ны өдрөөс өмнөх шинжилгээгээр түүний хадам ах П....гийн Ковид-19 шинжилгээний хариу сөрөг гарч байсан байдаг. Мөн Д.... нь 6 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Иймд эдгээр үйл баримтаар Т....ийн өөрийгөө тусгаарласан гэж байгаа нь үндэслэлгүй болж байна. Мөн Улсын онцгой комиссын зүгээс уг асуудлаар хэд хэдэн нарийн зохицуулалт хийснээс гадна Гэрэгэ системээр мэдээлэл нь хадгалагддаг. Гэтэл ийм баримт байдаггүй. Сумын болон багийн засаг даргын тодорхойлолт хуульд нийцээгүй, юуг үндэслэж тодорхойлолт гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Т....э нь 30 хоног ажлаа үндэслэлгүй тасалсан учир түүнийг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ... ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 338 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, өөрийн 2019 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ... багийн засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/71 тоот ... ХХК-д гаргасан тодорхойлолт /хх-82/, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 169 тоот ... ХХК-д тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичиг /хх-83/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-84-85/, иргэн Д....гийн иргэний үнэмлэхний болон Нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-86/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа нотлохоор: ... ХХК-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/267 дугаар Т....ийг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал /хх-24/, Т....этэй байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 110 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх-25-28/, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20/1/98 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх-29-33/, ... ХХК-ийн Автосамосвалын операторын ажлын байрны тодорхойлолт /хх-34-35/, Т....эд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр журам танилцуулсан хуудас /хх-36/, ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-37-48/, Т....ийн Өгөөмөр-ийн уурхайн захиргаанд чөлөө олгохыг хүссэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл /хх-49/, ... ХХК-ийн Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Саналын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-87/, Т....ийн 6 дугаар сарын цагийн бүртгэлийн эх хувь /хх-88/, ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын эх хувь /хх-89-115/, Т....ийн цалингийн карт /хх-170/ зэрэг баримтуудыг гаргасан.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар Мобиком корпораци ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч техникийн нөхцөл байдлын улмаас холбогдох мэдээллийг гаргах боломжгүй гэх хариуг шүүхэд ирүүлсэн ба мөн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан аудио бичлэг бүхий СиДи-нд шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулж бэхжүүлсэн байна. /хх-55, 61, 68-72/
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тус аймгийн Мөрөн сумын Эрүүл мэндийн төвөөс талийгаач Д....гийн эмнэлэгт хэвтсэн оношийн талаарх болон холбогдох бусад баримтыг гаргуулахаар шаардаж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс ...ы ...гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг нотлох баримтаар хуулбарлан ирүүлсэн байна. /хх-122-123, 142-168/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Т....ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаас амарч, энэ хугацаанд саахалт айлд байсан хадам ахаас Ковид-19 цар тахлын халдвар илэрч, ойрын хавьтал болсноор Монгол улсын Шадар сайдын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2.1.3-т заасны дагуу гэрийн тусгаарлалтанд байсан, хадам ах 7 дугаар сарын 18-нд нас барж, оршуулга, буяны ажилд оролцоод 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирж 7 хоног тусгаарлагдан, 8 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа буцах замд осолд орсон, энэ тухайгаа ажил олгогчид утсаар мэдэгдсэн боловч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч ... ХХК-д даалгахаар шаардана гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас бууж, 7 дугаар сарын 01-ний өдөр ажил эхлэх байсан боловч ирээгүй, Ковид-19 халдвар авч ойрын хавьтал болсон гэх хүн нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтэж, үүнээс хойш 7 дугаар сарын 06-нд халдварын шинжилгээ эерэг гарсан байгааг ойрын хавьтал гэж үзэхгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгосон Шадар сайдын тушаалд зааснаар 10 хоног тусгаарлагдахаар байхад 20 хоног тусгаарлагдсан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч ажил олгогчид мэдэгдэж чөлөө авалгүй 30 хоног ажил тасалсан учир Саналын хуудсаар 7 дугаар сарын 23-ны өдөр ар гэрт нь утсаар мэдээлэл өгснөөс хойш ажилдаа ирээгүй учир 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т нийцсэн. Ажлаас бууж ирсэн болон тусгаарлалтанд орсон тухай сумын болон багийн Засаг дарга тодорхойлолт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ажилд ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Т....ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Автосамосвалын операторын ажлын байрны тодорхойлолт, Цагийн бүртгэл, шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн аудио бичлэг, талийгаач иргэн Д....гийн өвчний түүх болон нас барсны гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын тодорхойлолт, мөн аймгийн Цэцэрлэг сумын ... багийн засаг даргын тодорхойлолт, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, ... ХХК-ийн саналын хуудас, цалингийн цэс зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Т....э нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ... ХХК-ийн автосамосвалын жолоочоор томилогдон, ажил олгогчтой 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №110 тоот Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатайгаар, улмаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №20/1/98 тоот Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж, нэг ээлжийн ажилд гарахдаа 20 хоног уурхайд байрлан ажиллаж, 10 хоног амардаг байсан байна.
4.2.... ХХК-ийн зүгээс Т....эд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон бусад байгууллагад мөрдөгдөх журмуудыг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулж, нэхэмжлэгч ийнхүү ажиллах хугацаандаа байгууллагын дотоод журамд заасны дагуу бичгээр өргөдөл гарган чөлөө авч байжээ.
4.3.Нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын ажлыг 01-ний өдрөөс эхлэн, 19-ний өдрийг хүртэл ажиллаж, 20-ны өдөр ажлаас буусан байх бөгөөд 10 хоног амарснаар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дараагийн ээлжийн ажилдаа ирэх байсан нь байгууллагын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.
4.4.Т....э хуваарийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба түүнийг ажилдаа 3-аас дээш хоног ирээгүй, хүндэтгэн авч үзэх баримт ирүүлээгүй, бүртгэлтэй утас руу нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр залгахад холбогдох боломжгүй байсны улмаас ар гэрийнх нь хүнд мөн өдөр утсаар мэдээлэл өгсөн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болон ГУУХЗахирал нар Хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргажээ.
4.5.Улмаар ажил олгогч ... ХХК нь ажилтан Т....ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №338 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна.
4.6.Ажил олгогч дээрх тушаалын үндэслэлээ Т....ийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, чөлөө аваагүй ба Хөдөлмөрийн гэрээний 9.5.n хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлон, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 9.5.n, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13.4.n заалтыг тус тус үндэслэл болгожээ.
4.7.Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харъяат, иргэн Д.... 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Ковид-19 цар тахлыг илрүүлэх ПСР шинжилгээгээр эерэг гарч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт нас барсан бөгөөд түүнийг нэхэмжлэгч Т....ийн хүргэн ах ба нэхэмжлэгчтэй саахалт айл болон амьдардаг байсан талаар зохигчид маргаагүй.
4.8.Т....ийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг дарга, мөн сумын ... багийн засаг дарга нараас нэхэмжлэгчийн талаар тодорхойлолт гаргасан. Тэдгээрт: Т....э нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа амарч ирэхэд нь саахалт айл байсан хадам ах Д....гээс коронавирус илэрч, 1 дүгээр хавьтал болж 2021 оны 7 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд гэрийн тусгаарлалтанд байсан. 7 дугаар сарын 18-ны өдөр хадам ах Д.... нь коронавирус өвчний улмаас нас барж, ажил явдалд нь оролцож, гэр бүлийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, Хатгал тосгонд суурьшуулан 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ ирсэн. Ирээд эхнэрийн хамт гэрийн тусгаарлалтанд 7 хоноод, ажил руугаа явж байгаад авто осолд орсон нь үнэн болно гэж тус тус тодорхойлсон ба Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтээр: 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд явж байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон гэх хэргийн улмаас Т....ийг хүнд зэргийн гэмтэл авсан болохыг тогтоосон байна.
4.9.Нэхэмжлэгч Т....э ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шуудангаар хүлээн авч, тус шүүхэд 9 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
5.Талуудын маргааны зүйл нь Т....э хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй эсэх, мөн тэрээр Ковид-19 цар тахлын ойрын хавьтал болж тусгаарлагдсан эсэх, ажил олгогчид энэ тухай мэдэгдсэн эсэх, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, эсхүл 7 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд гарах хуваарьтай байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгааны талаар ажил олгогчид мэдэгдэж чөлөө авсан эсэх, хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.
Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2018 оноос эхлэн ажилласан, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид шуудангаар гардуулсан болон шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигчид маргаагүй.
6.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Цагийн бүртгэл, цалингийн тооцоолол зэргээр нэхэмжлэгч нь 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас бууснаар 6 дугаар сард 19 хоног ажилласан ба 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд амарч, 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхээр байсан гэж үзэхээр байна.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т....ийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаас буусан гэж тайлбарлах боловч түүний тайлбар баримтаар нотлогдохгүй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын болон тус сумын ... багийн засаг даргын тодорхойлолтоор Т....ийг энэ өдөр ажлаас бууж ирсэн тухай тодорхойлсон. Гэвч сумын болон багийн засаг дарга ямар баримтыг үндэслэж тухайн тодорхойлолтыг гарсан нь ойлгомжгүй байгаа учир шүүх ажил олгогчийн цагийн бүртгэлийг шийдвэрийн үндэслэл болгов.
8.Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д Ажилтан нь дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцлах эрхтэй. Үүнд: n хэсэгт: ...хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, чөлөөний хугацааг 2-оос дээш хоногоор хэтрүүлсэн, ажлын цагийн хоцролт нь 3 сар дараалан 8 цагаас дээш гарсан гэжээ.
Мөн ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13.4 хэсэгт талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгаж, ноцтой зөрчил гэж үзэх нөхцлүүдийг заасан байх бөгөөд уг заалтын n) хэсэгт: хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, чөлөөний хугацааг 2-оос дээш хоногоор хэтрүүлсэн, ажлын цагийн хоцролт нь 3 сар дараалан 8 цагаас дээш гарсан ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
9.Нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажилдаа ирж, ээлжийн ажлаа эхлүүлэх ёстой байсан ба үүнээс хойш хугацаанд буюу 7 дугаар сарын 06-ны өдөр түүний хадам ах Д....гээс Ковид-19 цар тахлын халдвар илэрсэн байна. Тухайн иргэн 6 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сумын эрүүл мэндийн газарт архины хордлогын эмчилгээ, 6 дугаар сарын 28-нд гэртээ багийн эмчээр эмчлүүлсэн, 6 дугаар сарын 30-нд Цэцэрлэг сумын эмнэлэгт Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, Ковид-19 шинжилгээ сөрөг гарсан. Улмаар 7 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн тусгаарлах өрөөнд тусгаарлагдан, 7 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээний хариу эерэг гарч, эмчилгээ хийлгэж байгаад 7 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна.
10.Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 тоот тушаалаар баталсан Гэр (амрах байр)-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын 2.1.2 дахь хэсэгт зааснаар иргэн Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 10 хоног тусгаарлагдана, 2.1.3-т зааснаар халдвар бүртгэгдсэн бүс нутгаас зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад 7 хоног байлгахаар журамлажээ.
Журамд зааснаар талийгаачийн Ковид-19 халдвар авсан болох нь батлагдсан 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөн сарын 16-ны өдрийг хүртэл 10 хоног түүнтэй хамт байсан буюу ойрын хавьтал болсон хүмүүс тусгаарлагдах байсан байна. Нэхэмжлэгч дээрх хугацаа болохоос өмнө буюу 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд уурхайн ажилд ирсэн байх хуваарьтай байсан боловч буцаагүй ба энэ хугацаанд ажилдаа яваагүй шалтгаан нь тодорхойгүй байна.
11.Иймд ажил олгогчийн зүгээс ажилтныг шалтгаангүйгээр 30 хоног ажил тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Учир нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.5.n дахь хэсэгт: хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, чөлөөний хугацааг 2-оос дээш хоногоор хэтрүүлсэн, ажлын цагийн хоцролт нь 3 сар дараалан 8 цагаас дээш гарсан тохиолдолд Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.
12.Мөн ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.17 хэсэгт Ажилтан амралт, чөлөө хүсэхдээ 3 хоногийн өмнө Амралт, чөлөөний хуудсыг бөглөж, холбогдох удирдлагуудаас албан ёсны зөвшөөрөл авч, баталгаажсан хуудсыг Хүний нөөцийн мэргэжилтэнд өгсөн байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Т....э хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 3 хоногийн өмнө ажилдаа очих боломжгүй болсон талаараа ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
13.Шүүх зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Т....э болон хариуцагч байгууллагын уурхайн захирал гэх иргэнтэй утсаар ярьсан бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн аудио бичлэгт нэхэмжлэгч нь байгууллагын Хүний нөөцийн ажилтнуудтай утсаар холбогдож хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдсэн тухай яригдсан байх боловч хуваарийн дагуу ажилд ирэх 7 дугаар сарын 01-ний өдрөөс талийгаач Д....гийн Ковид-19 цар тахлын халдвар илэрсэн 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухай тайлбарлаагүй байгааг дурдах нь зүйтэй.
14.Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар буюу Ковид-19 цар тахлын халдвар авсан иргэнтэй 1 дүгээр хавьтал болсны улмаас ажилдаа яваагүй болох нь нотлогдоогүй, энэ тухайгаа Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцсэн байх тул Т....ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ... ХХК-д холбогдуулан захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 338 тоот тушаал хүчингүй болгуулах, ил уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т....ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т....э тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА