| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0974/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1199 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1199
2025 4 30 2025/ШЦТ/1199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч С.Б********** түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т******** овогт С*********гийн Б**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 25100000000358 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ****** худалдааны төвд харуул хамгаалалтын ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт **** дүүргийн **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Т******** овогт С*********гийн Б**********. /РД:********/
Шүүгдэгч С.Б********** нь 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Титан центр худалдааны төвийн гадна "машин орж гардаг хаалтыг эвдлээ" гэх шалтгаанаар хохирогч Ц.Б********тай маргалдаж улмаар хохирогч газарт унагаах явцдаа хохирогч Ц.Б********гийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б********** мэдүүлэхдээ: “Би дотор талд эргэлт хийгээд явж байхад гаднаас согтуу хүн байна гараад ирээч гэхээр нь би гарч очиход хохирогч “Нямбаатарын гуйлгачин” гээд хаалтны тэнд зогсоод байхаар нь “болдоггүй юм, надад нэхэмжлэл нь ирдэг” гэж хэлэхэд “чи дуугай байгаарай” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би түлхсэн” гэв.
2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл.
Хохирогч Ц.Б********гийн мөрдөн байцаалтад өгсөн "Би 2025 оны 02 сарын 19-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Би замдаа дэлгүүр ороод 100 граммын архи аваад уусан байсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Титан центрийн урд явж байгаад харуулаас нь би энүүгээр гарч уу гэж асуусан /би харуулыг хэл амаар доромжил хаалтыг эвдээгүй/ чинь намайг нүүрэн хэсэгт цохиод авсан би нөгөө залууд та яаж байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад өөр нэг залуу араас ирээд миний цээжин хэсгээр тэвэрч аваад намайг замын хажуу талын боржур хэсэг рүү шидсэн тэгсэн миний баруун хөл маш их өвдөөд ёолоод хөлөө бариад чи миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн.
Тэгсэн нөгөө хоёр залуу миний хоёр талаас татаад худлаа баашлаад байгаарай гэж хэлээд татаж босгох гээд байсан. Тэгээд би тэр хоёрт босож чадахгүй гэдгээ хэлээд суугаад байсан. Тэнд сууж байхад цагдаа нар ирээд дараа нь манай охин Бямбацэрэн ирээд намайг авч яваад ГССҮТ-д хүргэсэн хэвтүүлсэн. эмч миний хөлийг үзээд хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дахь тал/
Гэрч Г.Э***********ын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "Би 2025 оны 02 дугаар сарын 19-наас 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Титан центрт харуулаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн.
Титан центр дээр харуулаар хоёр хүн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн шөнө би болон манай нөгөө харуулаар С.Б********** гарсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 19- ний 23 цаг 30 минутын орчим машин гардаг хаалганы харуулын байранд байхад нэг согтуу хүн алхаж ирээд машины хаалтыг хөлөөрөө өшиглөөд байхаар нь хамт гарч байсан С.Болд-Эрдэнийг утсаар нь дуудахад С.Б********** хойно дотор байрнаас гарч ирсэн.
Тэгээд С.Б********** хаалт өшиглөөд байсан хүнийг яагаад хаалт өшиглөөд байгаа юм гэхэд тухайн хүн С.Болд-Эрдэнийг пизда, гөлөг гэх мэтээр доромжлоод нулимах шиг болсон. Тэгээд С.Б********** тухайн хүнийг заамдаж аваад татаад унагаасан. Тэгээд би нэг босгох гэж үзээд босохгүй болохоор нь би харуулын байр луугаа орж С.Б********** хойно хаалга түгжинэ гээд яваад өгсөн. С.Болд- Эрдэнэ хойноос буцаж ирэхдээ цагдаа дуудсан гэж байсан.
Тухайн хугацаанд хаалт өшиглөөд байсан хүн унасан байрандаа суугаад босохгүй байсан. Цагдаа ирээд тухайн хүнийг босохгүй хөл өвдөөд гишгэж чадахгүй байна гээд байсан. Тэгээд цагдаа нар хаалт өшиглөсөн хүний ар гэрээс нь хүн дуудахад охин нь тухайн хүнийг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн " ... хохирогч Цэрэв овогтой Б******** /РД: ФБ73070474, 52 настай, эрэгтэй/ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,245,400 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг яллагдагч С.Б**********эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3578 дугаартай:
“1. Ц.Б********гийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хэргийн 15-16 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч С.Б********** нь 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Титан центр худалдааны төвийн гадна "машин орж гардаг хаалтыг эвдлээ" гэх шалтгаанаар хохирогч Ц.Б********тай маргалдаж улмаар хохирогч газарт унагаах явцдаа хохирогч Ц.Б********гийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Ц.Б********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Болд-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Б********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3578 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Хавтаст хэрэгт цуглуулсан баримтаар хохирогч Ц.Б********д 422,050 төгрөгийн хохирол тогтоогдсон ба шүүгдэгчээс шүүхэд ирүүлсэн банкны баримтаар хохирогчид 423,000 төлсөн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,246,000 төгрөгийг төлсөн банкны баримт ирүүлжээ.
Иймд шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин хохирогч Ц.Б******** нь энэ гэмт хэрээгтэй холбоотойгоор өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б**********эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч С.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжив.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Болд-Эрдэнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол болон иргэний нэхэмжлэлийг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, С.Б********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******** овогт С*********гийн Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Болд-Эрдэнийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б********** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.Б********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б******** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ