Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 77

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0079/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул 

Улсын яллагч                             Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                           Г.Жамсранжав нарыг оролцуулан

 

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Жамсранжавд холбогдох 201723000126 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өлзийт тосгонд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-23а тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Зурхайч овогт Гантөмөрийн Жамсранжав /РД: СШ92090110/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

      Шүүгдэгч Г.Жамсранжав нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Т.Баттуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруу тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Т.Баттуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед би өөрийн нөхөр Ууганбаатар болон хажуу айлын Жамсранжав, Мөнхсаруул, Доржжагдаг, Бямбаа, Усанболор, Нямка бид хэд манай гэрт 0.75 граммын ерөөл архинаас хоёрыг уугаад дахиад нэмж 0.5 грамын ерөөл архи 1-ийг уугаад байж байгаад Жасранжав хамт архи уусан Доржжагдагтай юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна гэнэт л тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Тэр үед манай хүүхэд унтаж байсан болохоор сэрээх гээд байхаар нь би тэр хоёрын дундуур ороод салгатал манай нөхөр хөөе Баттуяа чиний нуруу чинь яачваа гээд хэлэхээр нь би толинд харсан чинь миний нурууны ар хэсгээс цус гарч байхаар нь эмнэлэг дээр ирж боолт хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн /

     О.Доржжагдагийн: Би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах Ууганбаатарын гэрт Жамсранжав болон Баттуяа, Мөнхсаруул, Ууганбаатар ах бид хэд байсан. ... Тэгээд би өөрийн хамаатан ах Жамсранжавын үсийг тоглоомоор нь илээд миний ах хөгширч байгаа юм байна даа гээд толгойн нь илсэн чинь Жамсранжав ах гэнэт уурлаад намайг зодох гээд дайраад Ууганбаатар ахын гэрт байсан заазуурыг аваад миний араас хөөх гэж байсан. Тухайн үед манай бэр эгч Баттуяа намайг өмөөрөөд Жамсранжав ах бид хоёрыг салгах гээд голоор ороод л Жамсранжавын барьж байсан хутганд өртөөд хадам эгч Баттуяа биедээ гэмтэл авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10хуу/

   

   Хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 15хуу/

   Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 17-19хуу/

   Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тогтоол. /хх-ийн 22хуу/

   Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт.

   Т.Баттуяагийн биед зүүн мөрний ар дал хэсгийн болон зүүн гарын бугалганы зүсэгдсэн шарх, шууны зөөлөн эдийн няцрал, шууны зулгарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 27хуу/

  

   Шүүгдэгч Г.Жамсранжавын сэжигтнээр мэдүүлсэн: Би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хажуу талын айл болох Ууганбаатарын гэрт нь ороход Баттуяа болон түүний хоёр эмэгтэй найз, Доржжагдаг байсан. Тэгээд бид 6 ... архи уугаад байж байгаад манай хамаатны дүү болох Доржжагдаг бид хоёр ... маргалдаад байж байгаад би Ууганбаатарын гэрт нь байсан хутгийг аваад айлгах гээд далайгаад байж байхад Баттуяа бид хоёрыг салгах гээд дундуур ороход миний барьж байсан хутганд өртчихсөн. ... гэх мэдүүлэг зэрэг болно.

 

      Шүүгдэгч Г.Жамсранжав нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн О.Доржжагдагтай маргалдах явцдаа тэднийг салгах гэж оролдсон Т.Баттуяагийн нуруун тус газар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

   

   Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Жамсранжавд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  

  Хохирогч Т.Баттуяа нь хохирогчтой эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба эрүүгийн хуулинд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан байдаг тул түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон үзлээ.

 

   Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай заазуурыг устгах нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зурхайч овогт Гантөмөрийн Жамсранжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жамсранжавыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 05 дахин нэмэгэдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Жамсранжавд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

       

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА